“Баянгол” цус цуглуулах төв нээгдлээ
Баянгол” цус цуглуулах төвийн нээлтийн ажиллагаа боллоо.
2015.01.28

“Баянгол” цус цуглуулах төв нээгдлээ

Өнөөдөр Баянгол Эрүүл мэндийн цогцолбор дээр “Баянгол” цус цуглуулах төвийн нээлтийн ажиллагаа боллоо. 

Донорын цус цусан бүтээндэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ЦССҮТ-өөс санаачлага гарган УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, ЭМСЯ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дарга Ө.Батжаргал нарын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу БГД-т цус цуглуулах төвийг нээсэн нь энэ юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дарга Ө. Батжаргал нар болон олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн хүндэт донорууд оролцлоо. 

Дэд сайд Д.Атармаа хэлэхдээ “Дэлхийн улс орнуудад нэг саяас дээш хүн амтай хотод дунджаар цус цуглуулах хэд хэдэн суурин төвтэй байдаг. Гэтэл хүн амын тоо өдрөөс өдөр өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод суурин ганц л Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй байсан. Мэдээж энэ нь ард иргэд донорын хөдөлгөөнд хамрагдахад хангалтгүй байсан.

Тэгвэл өнөөдөр шинэ цус цуглуулах төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр цусаа бэлэглэгч доноруудад энэ үйлчилгээ ойртож байнгын, идэвхитэн донорын тоо нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний нөөц хангамж сайжрах боломжтой болж байна. Ингэснээр олон зуун хүнд амьдрал бэлэглэсэн буянтай ажил эхлэж байгаад үнэхээр таатай байна” гэсэн юм.