Б.Болормаа: Бизнес эрхлэгчдэд тааламжтай байдлаар хуулийг шинэчилж байгаа
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаа
2015.01.28

Б.Болормаа: Бизнес эрхлэгчдэд тааламжтай байдлаар хуулийг шинэчилж байгаа

Компаниуд цахим тайландаа үнэн зөв мэдээллээ л оруулах ёстой

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаатай Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон шинэчлэлийн гол агуулгыг сонирхлоо.

Энэхүү хоёр хууль нь 2014 онд УИХ-д өргөн баригдсан бөгөөд оны эцэст 12 дугаар сард буцаан татагдсан юм. НББ болон аудитын асуудал нь улс орны хэмжээнд компаниудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал хууль бөгөөд тус хуулиудыг шинэчилсэнээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид таатай болох ажээ.

Ахлах мэргэжилтэн, доктор Б.Болормаа нь худалдааны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, бүртгэл, аудитын эрх зүйн орчинг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийн төрийн бодлогыг тодорхойлох чиглэлээр тус яаманд 22 жил тасралтгүй ажиллаж байгаа мэргэшсэн төрийн албан хаагч юм.

-Хоёр хуулийн шинэчлэлийг хийх үүднээс өнгөрсөн онд УИХ-д шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Гэтэл оны өмнө эргүүлэн татсан. Одоо хуулийн төсөл ямар үе шатандаа явж байна вэ гэдэг дээр мэдээлэл өгнө үү?

Бид НББ-ийн тухай болон Аудитын тухай хуулийн төслийг өнгөрсөн 2014 онд боловсруулан УИХ-д өргөн бариад, 2014 оны 11 дүгээр сард буцаан татаж авсан.

Яг өнөөдрийн байдлаар хоёр хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Хууль зүйн яамаар үзэл баримтлалаа батлуулах, хуулийн төсөлд санал авах шатандаа явж байна.

-Хуулийн төслүүдийг улсын төсөвтэй холбоотойгоор татаж авсан уу?

Үгүй. Сангийн яамны удирдлагуудын гаргасан шийдвэр байсан.

-НББ, Аудитын тогтолцоог шинэчлэх ёстой гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Бизнес эрхлэгчдэд ч гэсэн санхүүгийн тайлан тооцоо, татвартай холбоотой үүсдэг олон бэрхшээлийг тус хуулиудаар өөрчилнө гэж найдаж байгаа. Хуулийн шинэчлэлийн гол агуулга, үзэл баримтлалын талаар мэдээлэл өгөөч?

Ер нь тогтолцоог бүрэн шинэчлэх гэдэг нь маш том асуудал. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин, хүмүүсийн нийгмийн амьдралтай шууд холбоотой. Бид ямарч байсан тогтолцооны хувьд олон улсын жишигтэй ойртуулж, нийцүүлэх хүрээнд өөрчлөлтийг хийж байна. НББ-ийн хуулийн хувьд санхүүгийн тайлан тушаахтай холбоотой үүсч байгаа хүндрэлүүдийг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн ТББ-д шилжүүлэх, мэргэжлийн нэр хүндийг өндөрсгөх чиглэлээр өөрчлөлт оруулна.  

Тухайлбал аж ахуй нэгж бүр улирал тутам санхүүгийн тайланг цаасаар биеэрээ очиж тушааж байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд маш төвөгтэй байдлыг үүсгэдэг байсан. Жилийн эцсийн тайлан тушаах хамгийн сүүлийн өдрүүдэд тайлангаа тушаах гэж маш урт дарааллыг үүсгэж, хоёр талдаа уур уцаар, бухимдал, хүндрэлийг бий болгодог.

Тиймээс энэ асуудлыг шийдэх үүднээс хуулийн төсөлд зөвхөн цахим хэлбэрээр тайланг авдаг болохоор зааж, аж ахуй нэгжүүд улирал бүр биш, жилдээ 1-2 удаа л цахим хэлбэрээр тайлангаа илгээж, баталгаажуулалт хийлгэдэг болгохоор хөнгөвчилж байгаа.

Гэхдээ бид энэ ажлыг 2014 оны жилийн эцсийн тайлан тушаалт дээр туршиж эхлээд байгаа бөгөөд асуудал гарах нь харьцангуй бага байна. Техникийн зарим нэг асуудлыг шийдчихвэл амжилттай ажиллана гэж бодож байгаа.

Хоёрдугаарт, Одоогийн НББ-ийн хуулинд аж ахуй нэгж бүрийг олон улсын стандартад нийцсэн тайлан гаргахыг шаардаж байгаа нь хэтэрхий өндөр өртөгтэй шаардлага учраас  байгууллагын ангилалд нь тохирсон стандартыг мөрдүүлэхээр өөрчилж байгаа.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мянган аж ахуй нэгж байгууллагын 90 орчим хувь нь жижиг дунд бизнес байдаг. Тэдгээрийн хувьд санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх нь өөрөө өртөг өндөр, зардалтай, цаг хугацаа их шаардсан бэрхшээлтэй ажил болдог.  Жижиг дунд бизнесийн байгууллагад нь жижиг дундын стандартыг мөрдүүлэх, нийтийн сонирхлын компанид нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг заавал мөрдсөн байхыг шаардана гэсэн үг.

Олон улсын жишиг рүү дөхүүлэхийг гол үзэл баримтлалаа болгож байгааг хэлэх нь зүйтэй.

-Компаниуд санхүүгийн тайлангаа гаргадаггүй, хоцорч гаргах нь түгээмэл байдаг гэсэн. Үүрэг хариуцлага талаас ямар өөрчлөлт хийж байгаа бол?

Санхүүгийн тайлангаа гаргаагүй, гаргасан хэрнээ цаг хугацаа хоцроосон тохиолдолд одоогийн хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр буюу 960 мянган төгрөгөөр торгодог.

Энэ торгуулийн санкцийг хэрэглэх тохиолдлыг ялгаатай тогтоож, илүү тодорхой болгосон бөгөөд зөрчлийн шинж чанараас хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин, эсхүл 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээгээр торгохоор тусгасан.

-Компаниуд санхүүгийн хоёр тайлан гаргадгийг хүн бүр мэднэ. Энэ асуудал нь эргээд нийгэмдээ болон эдийн засагт сөрөг үр дагаврыг авчирч далд эдийн засгийг бий болгодог. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Аж ахуй нэгж байгууллагыг нэг тайлантай болгох нь хуулийн шинэчлэлээр шийдэх гол асуудал яах аргагүй мөн. Үнэн худал гэсэн хоёр тайлан гаргах нь бүртгэл хөтөлж байгаа нягтлан бодогчдод хүртэл маш зовлонтой байдаг.

Тиймээс бидний  гол гаргалгаа нь санхүүгийн тайлангийн цахим сайт. Энэхүү сайтад санхүүгийн тайлангаа жилд 1-2 удаа л илгээхэд хангалттай. Тиймээс цахим сангийн мэдээлэл бүх төрлийн мэдээллийн үндсэн эх үүсвэр болох учиртай гэдгийг бид хуулинд түлхүү оруулж өгсөн. Цахим тайлан үнэн зөв бол заавал хоёр тайлан хөтлөх шаардлагагүй.

 Хамгийн гол нь компаниуд цахим тайландаа үнэн зөв мэдээллээ л оруулах ёстой. Үүнийг ч мөн хуулиндаа заасан бөгөөд яваандаа хуурамч тайлан гаргалт буурна. Энэхүү цахим мэдээллийг бүх төрийн захиргааны байгууллагууд, тендерийн хорооныхон, хууль шүүх, цагдаа, банкны байгууллагууд шууд ашиглаж байна. Татварын байгууллага бол номер нэг хэрэглэгч болсон.

Бид E-balance гээд санхүүгийн тайлан шивдэг програмыг ашиглаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Нэг тайлантай болж эхэлж байгаа эхний үр дүнгүүд гарч байгаа шүү.

-НББ-ийн чиглэлээр маш олон хүрээлэн, институти, ТББ ажилладаг. Эдгээртэй хэрхэн хамтарч ажиллах вэ. Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх талаар ямар өөрчлөлтийг хийж байгаа вэ?

Нягтлан бодох бүртгэл, хяналтын тодорхой чиг үүргүүдийг ТББ-аар гүйцэтгүүлэх асуудлыг хуулинд суулгасан. Одоо Засгийн газрын тухай хуулиар энэ чиг үүрэг хуульчлагдсан байдаг ч гэлээ зарим тодорхой асуудлыг илүү тодруулсан байгаа.

Тухайлбал мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, стандартыг орчуулах гэх мэт ажлыг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтид гэрээгээр шилжүүлэх нь зүйтэй гэдэг дээр концепци явж байгаа. Бид энэ талаар НББ-ийн олон ТББ-тай, олон нийт, судлаачидтай санал солилцоход боломжгүй гэсэн зүйл гараагүй. Мэдээж Сангийн яамны хяналт байх болно.

-Нягтлан бодогчдын чадвар, чансааны хувьд ямар өөрчлөлтийг хийж байгаа вэ. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг төгсөөд хоёр жил болсон хүн өгөх эрхтэй болдог гэдгийг ахмад багш нар шүүмжилж байсан?

Мэргэшсэн нягтлан бодогчийн шатлалын асуудал. Манай одоогийн хуулинд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсны дараа насан туршийн эрх олгох хүртэл хоёр удаагийн шалгалт өгч тэнцэхийг шаардаж байгаа.

Бид нар шинэ хуулийн төсөл дээр эхний шатандаа мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг өгөөд тэнцсэн бол дөрвөн жилийн хугацаатай эрх олгох, дараагийн шатны шалгалтыг амжилттай өгсөн бол шууд насан туршид нь эрх олгодог байхаар зохицуулсан. Өмнөх гурван шатлалыг хоёр болгож хялбаршуулсан гэсэн үг.

Ер нь мэргэшсэн нягтлан бодогчийн чадварын асуудал их чухал. Үнэхээр чадвартай хүүхдүүд шалгалтыг маш амархан өгч, тэнцдэг. Мэргэшсэн нягтлан бодогчийн талаар янз бүрийн дэл сул яриа нийгэм дотор байдаг ч миний бодлоор бүхэл бүтэн системтэй холбож ярих ёстой байх.

Өөрөөр хэлбэл, дээд боловсролын системийн сургалтын чанар, агуулгатай шууд холбогдоно. Сүүлийн үеийн нягтлан бодогч мэргэжилтний чиг хандлага нь олон улсын стандартын мэдлэгтэй байхыг илүү шаардаж байна.

Мэргэжилтний чанарын асуудал дээр өөрчлөлт хийх ёстойг Сангийн яам мэдэж байгаа ч дан ганцаараа,  ганц хоёр жилийн дотор хийгдэх амар ажил биш.

Удаан хугацаанд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, суурь боловсрол олгож байгаа тогтолцоо, мэргэжил дээшлүүлж байгаа тогтолцоо, ажил олгогч нарын тавьж байгаа шаардлага, маш олон талыг хамардаг нэлээдгүй эмзэг сэдэв.

Хуулинд мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад эрх олгохыг хүссэн этгээд хоёр жил гэсэн шаардлага тавьж байгаа. Чадаж байгаа бол хэдийд ч өгч болно. Шалгалт өгч байгаа хүмүүсийн нас нэмэгдэх тусам хурд буурдаг. Тийм учраас заавал удаан хугацааны туршлага заах нь өрөөсгөл ойлголт.

-Нягтлан бодогчид хамгийн урт цагаар нэлээд ачаалалтай ажилладаг. Тэдний нийгмийн асуудлыг хуулинд хэрхэн сайжруулахаар заалт орсон бол?

Одоо өргөн барих гэж байгаа хуулинд нягтлан бодогчдын нийгмийн асуудлын талаар тусгагдаагүй. Харин одоогийн хуулинд байгаа мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгохоор заасан заалтыг үндсэнд нь хэвээр нь үлдээсэн байгаа.

Түүнээс биш төрийн байгууллагаас нягтлангуудыг эмч, багш нар шиг тэтгэвэрт гарахад нь  тэтгэмж өгөх нь боломжгүй байгаа. Энэ асуудал олон удаа яригдаж хуулийн төсөлд тусгагдсан ч нааштай дэмжлэгийг авч чадаагүй.

-Зарим компаниуд хуулинд тавигдсан өндөр шаардлага стандартаар буюу аккруэл сууриар тайланг гаргахаар өндөр татвар төлөх болчихно гээд болгоомжилдог.

Энэ буруу ойлголт. Аккруэл суурь бол дэлхийн шилдэг туршлага. Дэлхий даяар жишиг болчихсон.Энэ сууриар орлогоо тодорхойлоод татвараа төлж болно. Гэхдээ татварыг хойшуулах боломж байгаа шүү дээ. Зөрүүгийн тайлангаар зохицуулалтыг хийлгэж байгаа.

Аккруэл сууриар бүртгэлээ хөтөлснөөр өндөр татвар төлж байна гэдэг нь буруу ойлголт гэдгийг дахин хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.