Б.Гарамгайбаатар: Сандал ширээний төлөө Засагт орсон гэдэг нь ажиглагдаж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.01.30

Б.Гарамгайбаатар: Сандал ширээний төлөө Засагт орсон гэдэг нь ажиглагдаж байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Та УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг аваад сар гаруй боллоо. Эвслийн Засгийн газарт бүлэг ямар байр сууринаас хандах вэ?

АН-ын бүлэг өөрсдийн байр суурин дээрээ ажиллана. АН өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй. Намын зүгээс сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ажиллана.

-Ардын намын зүгээс Ардчилсан нам гэрээ байгуулчихаад түүнээсээ буцаад байна гэдэг зүйлийг яриад байгаа?

Тухайн намын гишүүдийн өөрсдийнх нь үг. Түүнээс биш АН өнөөдрийг хүртэл намуудтай байгуулсан эвслийн гэрээгээ зөрчөөгүй. Намуудын гишүүд өөрийн намаа цаашлаад өөрийгөө товойлгох гэж ярилцлага өгч байна л даа. Ардчилсан нам зарчмаа барьж ажиллаж байгаа улс төрийн хүчин.

-Эдийн засагтаа анхаарах үүднээс намууд хамтарч байгаа гэсэн ч дээрээсээ бүтцээ цөөлж хэмнэлт гаргахгүй байна. Яамдын тоо олон байгаа ч үр дүн нь хэр байх юм?

Яамдын тоо олон байна уу, цөөн байна уу гэдэг нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь шийдэх ёстой асуудлуудынхаа гарцыг олж байна уу гэдгийг харах ёстой юм. Яамдын тоо олон болсон шалтгаан нь Засагт орсон намуудаас шалтгаалсан хэрэг. Яамдын хуваарилалт дээр асуудал үүссэн тул гацаанаас гарах үүднээс ийм шийдэлд хүрсэн. Яг үнэнийг хэлэхэд МАН Засагт орохдоо тодорхой нөхцөл тавьсан. Тэр шаардлагад нь нийцүүлэхийн тулд яамдын бүтэц өөрчлөгдсөн. Энэ бол нуугаад байх зүйл биш.

-Танай бүлгийн хурал дээр яамд болон бусад төрийн албан хаагчид халаа сэлгээнд өртөж . байна гэдэг зүйлийг ярьсан байна лээ. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Хуульзүйн сайд Д.Дорлигжав нар хамгийн их халаа сэлгээ хийж байна гэх юм. Сураг сонсоод байхад Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллаж байсан бүрэлдэхүүний 40 хувийг солихоор болсон гэдэг үнэн үү?

Даваа гаригийн бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хөндөн ярьсан. Ерөнхий сайдын тайлбарлаж байгаагаар “Нэгэнт бид хамтарсан Засаг байгуулсан. Ийм нөхцөлд тодорхой өөрчлөлт орох нь зүй ёсны асуудал” гэсэн. Гэхдээ АН-ын баримталж буй байр суурь АН-ын боловсон хүчнүүдийг улс төрийн шалтгаанаар хоморголон халахын эсрэг байгаа. Зарим нэг яамдаас мэдээлэл ирээд эхэлсэн.

Яамны шинэ сайд ирээд намын бодлого хийгээд улс төрийн бодлогын үүднээс тухайн салбарт ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн халаа сэлгээ хийх гэж байна гэж хэлж байгаа. Энэ бол нэлээд газар авч байгаа асуудал. Ерөнхий сайд болон Намын даргыг энэ тал дээр анхаарал хандуулаасай гэдэг үүднээс бүлэг дээр ярьсан.

Тэр дунд манай намын сайд нарын ч нэр орсон явна лээ. Хамтарсан Засгийн газарт орсон бусад сайд нар ч халаа сэлгээ хийж байна гэдэг зүйлийг ярьж байсан. Халаа сэлгээ хийж байгаа энэ явдалд анхаарал хандуулах үүднээс ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж гишүүд үзсэн. Энэ дагуу ажил явах байх.

-Танай намын бүлгүүд асуудал шийдээд явах гэхээр цаашаа харчихдаг гэмтэй...

Ардчилсан нам Дотор олон фракц бүлэглэл байдаг. Тэр дотроо янз бүрийн зүйл ярьдаг гэдэг нь сөрөг хүчнүүдийн ухуулга. АН-ын фракциуд үзэл баримтлал, найз нөхдийн хүрээлэл байна уу гэвэл байна. Гэхдээ нэг зөвшилцөлд хүрчихвэл асуудал цэгцтэй явчихдаг. Үүнийгээ бид ил тод ярих цаг болжээ.

МАН дотор фракц байхгүй гэж ярьдаг ч үнэндээ асуудалд нь олон хүндээ байдаг. Манай намын гишүүд ч гэсэн нэг зүйлийг бодох цаг болсон. Улс төрийн нам яах гэж бий болдог юм. Сонгуульд ямар бүтэц ордог юм гэдгийг мэддэг байх ёстой.

Тухайн намын мөрийн хөтөлбөрийг зөв гэж үзээд сонгуульд орж гишүүн болж байгаа бол бүлгийн шийдвэрийг дагаж яв.Үүнийгээ манайхан зарим тал дээр буруу ашиглаад байгаа юм. Би ард түмний төлөөлөл тэднээс сонгогдсон болохоор намын эрх ашиг хамаагүй хэмээн ярьж асуудлыг шийдээд байна.

Үнэн хэрэгтээ тэгж .ярьж байгаа ч гэсэн тухайн намын гишүүн, бүлэгт нь багтдаг тул тэр зүйлээ дотроо ярьж асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Хүмүүс улс төр бол улс төр гэж янз бүрээр ярьдаг. Гэхдээ улс төр гэдэг бол улс төр тул утга санаатай байж таарна. Үзэл бодол гэж байх ёстой. Тухайн гишүүн намд орохдоо үзэл баримтлалыг нь дэмжиж өөрөө хийсэн. Т иймээс тэр сонголтдоо үнэнч байхаас биш нэгийг хараад хувирдаг байж болохгүй.

-УИХ 2015 оны төсвийн тодотголоо баталчихсан. Анх Засгаас оруулж ирсэн тодотгол хэлэлцүүлгийн явцад нэлээд өөрчлөгдсөн. Хэр үр дүнтэй тодотгол болсон гэж харж байгаа вэ?

Өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд Засгийн газар УИХ-аар асуудлаа оруулсан. Засч залруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн үед засахаар өөр зам байдаггүй. Ийм л зарчмаар явсан. Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирэхдээ тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнтийг хумих асуудал оруулж ирсэн нь олны хэл амыг дагуулсан.

АН-ын бүлэг уг асуудлыг авч хэлэлцээд “Эдгээр мөнгийг хасч болохгүй. Үүнээс өөр эх үүсвэрүүдийг олох ёстой. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгөнд хүрч болохгүй” гэсэн шийдвэр гаргасан. Түүгээрээ ч батлагдлаа. Улаанбаатар хотод хамгийн их байгаа шатахуун бага зарцуулдаг автомашин гэх мэт зүйлс дээр АН өөр байр суурийг хатуу баримталж байсан болохоор Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр өөрчлөлт оруулсан.

Төсвийн тодотголыг нэлээд удаан ярилцсан ч нэг авууштай нь намууд нэг ойлголцолд хүрч чадсан. Бүрэн гүйцэд асуудлыг шийдэж чадаагүй ч гэсэн Монгол Улсын өрийн хэмжээ 58.3 хувьд байгаа, тэнцвэржсэн алдагдал таван хувь байна гэдгийг тодотголоороо баталчихсан. Одоо бид олон тоо яриад байлгүй энэ асуудлаас цааш яаж өөрчлөх вэ,

Төсвийн тогтвортой байдлын хуулийн шинэ заалтуудын дагуу буцаагаад хэрхэн зөв голдиролд нь оруулах вэ гэдгийг ярих цаг болсон. Түүнээс биш манай хүсэлтээр, манай шахалтаар ингэж өөрчилсөн гэсэн яриа гаргах нь үеэ өнгөрөөсөн асуудал. Ямар ч тохиолдолд МАН болон бусад намууд Монгол Улсын өр 58.3 хувь байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

-Энэ жилийн эдийн засгийн төлөв байдал ямар байх бол. Тавантолгойн ажлын х э с гү үд хэлэлцээрийн шатанд явна. Өөрчлөлт гарах уу. Валютын ханш цаашид ингээд өсөөд байх юм уу?

Бид юмыг хэтэрхий амархнаар ойлгодог. Өнөөдөр хүнд байгаа эдийн засаг нэг арга хэмжээ авахад л маргааш нь зүгээр болчихдог юм шигээр хардаг юм. Одоогийн нөхцөлд Монгол Улс үйлдвэржсэн орон биш шүү дээ. Бид түүхий эдийг түүхийгээр нь экспортолдог тийм л улс. Бид газар доорх баялгаа үнэд хүргэхийн тулд боловсруулах үйлдвэр барих тал дээр анхаарч байна.

Энэ бол богино хугацаанд шийдэгдэх асуудал биш гэдэг 'нь харагдаж байгаа юм. Экспортын нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээлд уначихсан байгаа цаг үетэй таарчихлаа. Үүнээс шалтгаалан бид зайлшгүй үйлдвэрлэл явуулдаг тэр тусмаа баялгаа боловсруулдаг энэ чигийн үйлдвэрүүдийг байгуулах ёстой гэдэг нь тодорхой болчихлоо.

Ингэж гэмээнэ валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл сайжрах I боломжууд байгааг бид харж ажиллаж байгаа. Түүнээс , өнөөдөр муухай байсан зүйл , маргааш сайхан болчихгүй л дээ. Нэн тэргүүнд эдийн засгийг сайжруулахын тулд УИХ дээр байгаа Урт нэртэй хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өрийн менежментийн хуулиа батлахгүй бол энэ ажлууд цаашаа явахгүй гэдэг нь тодорхой болчихлоо.

-Яагаад?

Учир нь МАН-ын тавьсан болзлыг бид хүлээж авсантай холбогдуулан явахаа байчихаад байгаа юм. МАН өрийн таазыг нэмж болохгүй гэсэн шаардлага тавьснаас болж гол бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлж болох эх үүсвэрүүд байхгүй байна. Энэ бол гашуун ч гэсэн үнэн. Өрийн таазын асуудлаар.намууд дахин ярилцах асуудал гарч ирэх байх.

Өнөөдөр бид өрийн таазыг 58.3 хувь байхаар тохирсон ч цаашид Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд юу хийх юм. Ямар эх үүсвэл гаднаас олох вэ гэдэг асуулт тэр хэвээрээ үлдчихсэн. Үүнээс чөлөөлж, үүнээс гарах гаргалгаа нь миний дээр хэлсэн хэд хэдэн хуулийг маш хурдан батлах шаардлага тулгарчихаад байна. Тэгж чадвал бид тодорхой гарцуудыг нээж өгнө.

Үүнийг хамтарч эрүүлээр ярьж шийдэхгүйгээр өрийн тааз дээр маргадаг шиг маргаад явчихвал энэ асуудал асуултын тэмдэг хэвээрээ үлдэх юм. Одоо улс төрийн намууд өөр өөр байр сууринаас хандах шаардлага тулгарсан. Өнөө маргаашгүй энэ тухай хэлэлцэх байсан ч МАН, “Шударга ёс” эвсэл уг асуудлын тухай ярихгүй байна. Үүнээс ажиглахад тэдний тодорхой сонирхлуудыг нь оруулж өгөхгүй бол хэлэлцэхгүй гэдэг нь харагдаад байгаа юм.

-Тодорхой сонирхлууд гэдгээ нэмж тайлбарлахгүй юу?

“Шударга ёс” эвсэл зарим нэг тодорхой хуулийн заалтуудыг чөлөөлүүлэх сонирхолтой байна. МАН- ынхан тодорхой асуудлууд дээр өөрсдийн байр суурийг хамгаалах бодлого бариад байгаа тул энэ асуудлууд шийдэгдэхгүй явсаар байгаа.

Уг нь улстөрийн нам, эвслүүд  өөрсдийн эрх ашгаас илүүтэй улс орны эдийн засгийн асуудлыг шийдэх ёстой юм. Үүнийгээ шийдээд явчих боломж хангалттай бий. Намын бүлгүүд саналаа нэгтгэж байна, тэр гишүүн санал нэгдэхгүй байна гэх мэтээр асуудлыг хойш татаж байгаа нь тэр хэмжээгээрээ улс орны эдийн засгийг хойш нь татаад байгаа л даа.

-Хамтарчихаад улс орны эдийн засгаа сэргээнэ гэчихээд ийм алхам хийж байгаа юм уу. Ашиг сонирхол нь давамгайлчихаж ээ. Анхнаа саа тохироо бүрдээгүй шахам Засагт орчихсон юм биш үү?

-Ер нь намууд өөрсдийн үзэл бодол, мөрийн хөтөлбөртэй сонгуульд  орсон байж таарна. Түүнийгээ хэрэгжүүлж болох нөхцөлүүд дээр нь асуудал байна гэдэг нь харагдаж байгаа. Зарим талаараа сандал ширээ сонирхон Засагт орсон гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь нууц биш.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд дэд сайд нарын асуудал. Дэд сайд нарын асуудлаас болж олон хүмүүсийг талцуулсан. Үүнээс харахад сандал ширээтэй зууралдсан асуудал хэвээрээ үргэлжилж байгаа юм байна гэдэг тодорхой болчихсон зүйл.

-Намын бүлгүүд төсвийн тодотголоор төсвийн алдагдлын 0.2 хувь дээрээс 40 тэрбум, Хөгжлийн банкнаас 18 тэрбумыг халаасалсан гэх зүйл яригдаад байна. Эдийн засаг ийм хүнд байхад хүн чанараа ингэж харуулах юм...

Хаанаас ямар мөнгө сонссоныг чинь мэдэхгүй байна. Гэхдээ намын бүлгүүд зөвшилцөж байж энэ асуудлыг гаргаж ирсэн нь чухал. Өрийн тааз 58.3 хувь болно гэдэг нь нэг алхам хийгдлээ гэж харж байгаа. Түүнийг хүргэсэн үү, үгүй юу гэдэг маргаан хэдэн долоо хоногоор үргэлжилсэн.

Бие даагчид, бусад намын бүлгүүд өөрсдөд таалагдах ажлыг хийж байгаа болохоос нэгдмэл улс эх орны төлөө, зөрчил үүсгээд байгаа асуудлуудаа цэгцэлье гэсэн бодол тээж явсангүй. Энэ нь үргэлжилсээр байгаад хугацаа алдсан. Үүнийгээ юу гэж тайлбарлах нь сонин байна.

Тэд өөрсдийнхөө зөв гэж тайлбарлаж байгаа ч шүүгээд үзэхээр тэр хүмүүс бүгд тухайн үед нь УИХ дээр сууж л байсан байдаг. УИХ-ын төсвийг хэлэлцэх үед төсвийг баталж байсан, Засгийн газарт асуудал тавьсан гээд бүх зүйл нь бий. Цэвэр улстөрийн ашиг сонирхол нь давамгайлсан хэлбэрүүд харагдаад байгаа юм. Орчин үеийн намууд хамтран ажиллах боломж нээлттэй болчихсон.

Үзэл бодлын ялгаатай ч гэсэн улс орныхоо төлөө нэгдэх боломж байгаа. Манай оронд парламентын засаглалын сонгодог хэлбэр нь учир дутагдалтай байгаа болохоор УИХ-ын гишүүд өөрсдийгөө давуу эрх мэдэлтэй гэсэн ойлгоц яваад байна л даа. Засгийн газраас орж ирсэн асуудал, Засгийн газрын кабинетийг өөрсдийн дур дураар шийдэх гэж оролдоод байгаа нь буруу.

-Их эвслийн Засгийн газар байгаа дээрээ Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулиа цэгцлэх хэрэгтэй байна. Юу юугүй л сонгуулийн сурталчилгаа эхэлчих гээд байх шиг. Үүнээс өмнө амжуулах арга байна уу?

Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн нь харагдаж байна. Хуулийн төслүүд дээр байгуулагдсан ажлын хэсгүүд ажлаа шуурхайлах шаардлагатай. Өнөөдөр бүх намууд тодорхой түвшинд ойлголцон Засгийн газраа байгуулсан.

Энэ бүтэц бүрэлдэхүүнээрээ удаашраад байгаа, маргаан дагуулсан хуулиудыг цэгцлэх шаардлагатай. Сонгууль ойртох тусам энэ маргаан даамжирч нэг хэсэг нь Засгаас гарна гэж янз бүрийн байдлаар асуудал үүсгэнэ. Ардчилсан нам аль болох асуудлуудыг зөвөөр хурдан шийдээд явах юмсан гэсэн бодлого барьж байгаа.

Манай намд тодорхой хэмжээний алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдааг ярьж шүүх гээд өмнөх рүүгээ өнгийгөөд байхаас урьтаж өнөөдөр тулгамдсан зүйлсээ ил болгосон юм бол одоо урагшаа хэрхэн хамтарч алхах вэ гэдгээ эрүүлээр бодох цаг ирсэн.

-Манай орны өр зээл цаашид хэрхэн явах юм. Хятадын Синьхуа агентлаг Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлана гээд мэдэгдчихлээ. Үнэхээр тийм хэцүү цаг үе биднийг угтах юм уу?

Бид улс төрийн янз бүрийн асуудал дээр өөрсдөө алдаа гаргаж байгаа гэж би хувь гишүүний үүднээс боддог. Хоорондоо зодолдож, үргэлж бие биенийхээ мууг үзэх гэж дайтдаг нь монголчуудын гэм биш зан болчихсон зүйл. Бие биенийгээ дийлнэ гэдэг асуудал монголчуудад бараг байхгүй. Хамтраад зүтгэх юм бол бусад орны түвшинд хүрэх боломж байгаа ч бид зөвхөн хоорондоо зөрчилдсөөр байгаад өнөөдрийг хүргэсэн.

Хувь гишүүд, тодорхой улс төрийн хүчнүүд бүх юмыг үгүйсгэж, бүх зүйл тартагтаа тулчихсан мэтээр сурталчилж байгаа нь иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа. Үүнийгээ хаа хаанаа бодох цаг ирсэн. Ний нуугүй хэлэхэд бие даагчдын бүлэг гээд албан бус бүлэг, эмэгтэй гишүүдийн албан бус бүлгүүд үүндээ анхаарах шаардлагатай. УИХ- ын албан бус бүлэглэлүүд янз бүрийн суртал ухуулга хийгээд байгаа нь асуудал дагуулаад байгаа юм.

Ер нь бол УИХ-ын хуулийн дагуу Их хуралд суудалтай тодорхой бүлэг байгуулах боломжтой хүмүүс л асуудлыг шийддэг болохоос албан бус бүлэг шийдвэр гаргадаггүй гэдгийг иргэд ойлгож байгаа байх. АН өнөөдөр олонхи болоогүй ч олон суудалтай болсон гэдгээрээ бусад намуудад урилга өгч хамтарсан Засаг байгуулсан. Тийм болохоор АН-ын л мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой.

Бусад намууд урилга өгсний дагуу орж ирсэн болохоор тодорхой боломжийн саналууд нь хэрэгжих оолохоос үндсэн гол цөм нь АН шүү. Одоогийн нөхцөлд АН-ын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжих ёстой. Энэ гашуун боловч үнэн үг гэдгийг хатуу хэлье. Түүнээс биш цөөнх асуудлыг шийдэж, авч явна гэсэн ойлголт байхгүй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг бизнесийнхэн харж байна. Тэдний зүгээс “Бид үнэн зөвөөр тайлангаа гаргаад өгөхөөр сүүлд нь АТГ, цагдаа хүчнийхэн нь та нар үүнийг нуусан байна гээд эргээд дарамт болоод ирчихвий” гэсэн болгоомжлол байна?

Болгоомжлол байгаа. Улс төрийн намууд хэрхэн ойлголцож шийдвэр гаргахаас энэ хууль хамаарна. Түүнээс биш нэг бүлэг, нэг нам шийдэж чадахгүй.Намууд ойлголцоод богино хугацаанд шийдвэр гаргах ёстой. Уг хууль гарснаар далд байгаа эдийн засгийг ил болгоно гэж байгааг тоон утгаар аваад үзэхээр улсын төсвийн мөнгөн дүнтэй дүйх хэмжээний далд эдийн засаг байна гээд байгаа л даа.

Ингэснээр 7-8 их наяд төгрөг ил гарч ирэх юм. Хуулийн үзэл баримтлал, заалтууд дээр анхаарах зүйл бий. Аж ахуй нэгжүүд хоёр баланстай явж байгаа нь үнэн. Бид олон улсын хэмжээний тайлан гаргаж чадахгүй байна. Бусад хууль үнэлгээнүүдийг өөрчлөх шаардлагатай. Тэгэхгүйгээр сандал ширээ яриад явж болохгүй.

Заримдаа Их хурал дээр өөрийгөө товойлгох гэсэн хэлбэрүүд маш их явагдаж байна. Үр дагавар нь ард иргэдэд хүндрэл дагуулж байгаа бол өөрт нь болоод л байдаг юм.