Баянгол дүүрэг иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж байна
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар
2015.02.02

Баянгол дүүрэг иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж байна

Баянгол дүүрэгт  2013, 2014 онуудад  хийгдсэн ажлын тайлан, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар иргэддээ тайлагнах, санал хүсэлтийг хүлээн авах уулзалт өчигдөр  хорьдугаар хороо, нэг дүгээр хороонуудаас эхэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа,  НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо, төлөөлөгч Л.Нарантуяа,  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбат болон бусад  төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд  оролцсон байна.

Уулзалтын эхэнд  шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа болон НИТХ, ДИХ-ын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Мөн Баянгол дүүрэгт хийгдсан бүтээн байгуулалт, 2013,2014 онуудад хэрэгжүүлсэн ажлын талаар Засаг дарга Д.Оросоо  танилцуулж, дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо чухалыг онцоллоо.

Уулзалтын үеэр иргэдийн сонирхсон асуултад УИХ-ын гишүүд, төлөөлөгчид хариулт өгч, ЗДТГ-ын харъяа хэлтэс, албатууд санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээр болжээ.

Иргэд ч дүүргийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Эрүүл мэндийн шинэ төвтэй болсон, уулзваруудыг шинэчилсэн, бичил цэцэрлэгүүдийн тохижилт, болон  хог хаягдлын менежментээ шинэчилсэн, гэр хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болсон  зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дуулгахад тус уулзалт энэ сарын 29-нөөс хоёр дугаар сарын 08-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 23 хороодод зохион байгуулагдах юм байна.