Жижиг аж ахуй нэгжүүд аудитыг ерөөсөө ойлгодоггүй
“Юнистар Аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Аудитор, Үнэлгээчин, МНБ, ТИНЗ-ийн гишүүн Мажигсүрэнгийн Энхжаргал
2015.02.03

Жижиг аж ахуй нэгжүүд аудитыг ерөөсөө ойлгодоггүй

Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Бид энэ удаад “Юнистар Аудит” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Аудитор, Үнэлгээчин, МНБ, ТИНЗ-ийн гишүүн Мажигсүрэнгийн Энхжаргалтай ярилцлаа.

Юнистар Аудит ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд гурван хөрөнгө оруулагчтай ажээ. М.Энхжаргалын хувьд нягтлан бодох бүртгэх чиглэлээр 28 жил ажиллаж байгаа нэгэн юм.

-Аудитын компаниудад ямар хүндрэлтэй асуудал тулгардаг вэ. Аудитын тогтолцоо хэр хөгжиж байна гэж дүгнэдэг вэ?

Ердийн аж ахуй нэгж, байгууллагууд аудит, аудитын зөвлөх үйлчилгээг сайн ойлгодоггүй нь жаахан хүндрэлтэй байдаг. Гэтэл бид хараат бус аудит, хөндлөнгийн чиглэлээр компаниудад учрах эрсдэлийг хэлж зөвлөж өгдөг.

Миний хувьд харилцагч байгууллагууддаа аудит, хөндлөнгийн хяналт шалгалтаас битгий айж бай, гол нь зөвлөгөө л авах ёстой гэдгийг хэлдэг.

Бид эрдслийг 100 хувь биш юмаа гэхэд 80-90 хувиар багасгах боломжийг хэлж өгдөг. Манай компаниар аудит хийлгэсний дараа аж ахуй нэгжүүд ойлгодог.

-1997 онд Аудитын хууль батлагдсан. 50 саяас дээш бүгд аудитын үйлчилгээг заавал хийлгэх ёстой гэдэг нь компаниуд аудитыг хүчээр хийдэг юм шиг ойлгодог.

Тийм. Зөв л ойлговол зөв чиглэл рүү хөгжинө шүү дээ. Аудитаар зөвхөн санхүүг нь үзэхгүй. Тухайн байгууллагын удирдлагын алдаатай буруу шийдвэрт, эрсдэлтэй алхамд нь зөвлөгөө өгнө. Зөвхөн зөвлөх л үйлчилгээ үзүүлдэг учраас уг нь өөрсдөд нь асар их хэрэгтэй.

Гагцхүү үүнийг ойлгуулах л хэрэгтэй. Ихэвчлэн жижиг аж ахуй нэгжүүд л ойлгодоггүй тал байдаг л даа.

-Алдаа оноотой ч гэсэн аудитын салбар, тогтолцоо хөгжиж өдгөө 120 компани үйл ажиллагаа явуулж байна. Танай компани байгуулагдаад долоон жил болжээ. Энэ хугацаанд хэр өрсөлдөөнтэй нугачаатай замыг туулав?

Аудитын олон компаниуд өрсөлдөж байна. Тэдгээр нь үндсэндээ улсын хэмжээнд үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй бусад 20 гаруй мянган аж ахуй нэгжийн маш цөөн хувь нь томоохон  аудитын компаниар аудитаа хийлгэдэг. Үлдсэн нь жижиг дунд аж ахуй нэгжүүдэд аудит хийлгэдэг гэсэн үг.

Харилцагчаа зөв олоод авсан цагт гурван жил аудит хийх эрх дууссан ч гэсэн эргээд хандаж зөвлөгөө авдаг. Гэхдээ бид хуулиа дагадаг. Гэтэл гадны аудитын компаниуд болохоор аудитораа л солиод явчихдаг жишигтэй.

Үүнийг манай улсад хэрэгжүүлмээр санагддаг. Заавал гурван жил, таван жил аудитын компаниа сольдог байхаар биш, зөвхөн компани доторх аудиторыг солих замаар хийлгээд явж болно шүү дээ.

- Бизнесийг зөв урсгалаар явуулахад чухал үүрэг гүйцэтгэж, эрсдлийг нь урьдчилан хардаг нь аудит гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Аудитын тогтолцоотой холбоотойгоор юуг нь өөрчилж, шинэчлэх ёстой гэж та боддог вэ?

Ер нь аудитын компани, салбарын хэмжээнд ч тэр томрьё, өсье гэсэн бодол бүгдэд нь байлгүй яах вэ. Миний бодлоор шинэ хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал жижиг аудитын компаниуд зах зээлээс шахагдах эрсдэлтэй учирна. Ингээд ирэхээр хоорондоо нэгдэж нийлэх асуудал яригдах байх.

Гэхдээ л тийм ч амар байхгүй болов уу. Тухайлбал хуулиар заавал аудит хийлгэх ёстой компанийг нийтийн эзэмшлийн буюу санхүүгийн салбар, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаас гаргагч, банкаар үлдээгээд, бусдыг нь сайн дурын шинжтэй болговол бид дахиад л Санхүүгийн зохицуулах хорооноос давхар зөвшөөрөл авах ёстой болно.

Уг нь аудит хийх эрхээ аль хэдийнэ авчихсан байдаг. Ийм шаардлага тавих нь үнэхээр зохисгүй.

Монгол Улс өөрчлөгдөж буй орчинтой холбоотойгоор СТОУС-ын орчуулсан хувилбарыг үндэсний стандарт болгон хэрэглэх, салбар бүрийн онцлогт тохируулан СТОУС-ын хэрэглэх аргачлал, Аудитыг үр дүнтэй хийхэд зориулсан аргачлал, практик зөвлөмж, Улсын хэмжээнд мөрдөх аудитын чанарын хяналтын шалгалтын дүрэм гаргаж мөрдөх шаардлагатай байна.

-Аудитын компаниуд НӨАТ-ын татвар төлдөг. Хэр дарамттай байдаг вэ?

Аудитын компаниуд зөвхөн зөвлөх үйлчилгээ л үзүүлдэг. Гэтэл аудитын компаниуд олсон орлогодоо л НӨАТ төлчихөж байгаа юм. Буцаагаад чөлөөлдөг НӨАТ байхгүй.

Хэдэн бичгийн цаас авахдаа л чөлөөлөгддөг. Санхүүгийн байгууллагад НӨАТ дарамттай байдаг.

-Аудитор, аудитын компани удирдаж ажиллахын сайхан тал нь юу байдаг вэ. Та ажлаасаа ямар мэдрэмжийг авдаг вэ?

Сайн тал ихтэй. Аудитор, мэргэшсэн нягтлан бодогч болчихсон учраас энгийн нягтлангуудыг бодвол мэдээллийг хамгийн түрүүнд олж авч чаддаг.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтиас мэдээллийг сайн авдаг. Аудитор хүн өөрөө компаниудад зөвлөх учир дандаа түрүүлж явж, мэдээлэл, мэдлэгээр, туршлагаар өөрийгөө цэнэглэж, тасралтгүй сурч, хөгжиж байдаг онцлогтой.

Тэгэхээр мэргэшсэн нягтлан бодогч, аудитор болсон хүмүүс мэргэжлээрээ бахархаас өөр аргагүй.

Би 2003 онд аудиторын туслахаар ажиллаад түүнээс хойш 12 жил аудитороор ажиллаж байна. Ийнхүү ажиллахдаа давхардсан тоогоор 700-800-гаад аж ахуй нэгжид зөвлөгөө зөвлөмж өгч, тусалсан. Энэ миний бахархал.  

-Тэр дундаас жишээ болгож хэлж болох уу. Ямар зөвлөгөө өгч тусалж байв?

Над руу Энхжаргал ахаа гэж байгаад утасдаж, зөвлөгөө авдаг хүмүүс зөндөө бий. 2014 он миний хувьд их сайхан жил байсан. 7 сарын 9-ний өглөө Засгийн газраас утасдаад ирж шагналаа ав гэсэн.

Би баярлах, гайхах хоёр зэрэгцээд дээлээ өмсөж, догдолсон гэж жигтэйхэн. Гэтэл миний харилцагч байгууллагууд намайг Алдангадас одонд тодорхойлж, Ерөнхий сайдаас шагнал олгуулахаар болсон байсныг мэдээд маш их баярласан. Энэ бол миний ажлын буян.

Үнэхээр тэдэнд хэрэгтэй тусламж, дэмжлэг үзүүлсэн учраас намайг үнэлж дээ гэж бодсон. Түүнээс биш би өөрөө хөөцөлдөөгүй.

-Компаниуд санхүүгийн тайлан, бүртгэлдээ ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

Ер нь аж ахуй нэгжүүд дандаа хямдыг бодож хувь хүнээс худалдан авалт их хийж, ямар ч баримт, падаан бичүүлж авдаггүй. Энэ нь эргээд НӨАТ-ын асуудалд унагадаг.

Эсвэл баримтгүй эсвэл хуурамч баримтын асуудалд ороогддог. Үүн дээр аж ахуй нэгжүүд маш их алдаа хийдэг.

Түүнчлэн захирлууд нь санхүүгийн хүн биш байдаг учраас буруу, эрсдэлтэй шийдвэр гаргах тохиолдол элбэг.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

Ирээдүйд аудитыг зөв чиглэл рүү нь хөгжүүлье, үр хүүхэддээ мэргэжлээ өвлүүлж, компаниа үлдээх юмсан гэж боддог. Энэ ч үүднээс хүүгээ нягтлан бодогч мэргэжлээр сургаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.