Энхболд.М 2015.02.03 | Сонин: Монголын үнэн

М.Энхболд: Жанжин Сүхбаатарыг мэдэхгүй, танихгүй монгол хүн гэж үгүй

М.Энхболд: Жанжин Сүхбаатарыг мэдэхгүй, танихгүй монгол хүн гэж үгүй
МАН-ын дарга М.Энхболд

МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-Их жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Жанжин Сүхбаатарыг мэдэхгүй, танихгүй монгол хүн гэж үгүй. Сүхбаатар бол арав гаруйхан настай хүүхэд байхдаа ч идэр залуудаа ч эрдэм номд шамдан суралцаж байсан. 20 орчим насанд хүрч цэргийн алба хааж байхдаа ч үе тэнгийнхэн дундаа илүү мэдлэг, чадвартай залуу- байсан.

Энэ хүн 1921 оны Ардын хувьсгалыг нөхдийнхөө хамтаар удирдан жолоодож Ардын хувьсгалыг ялуулж, хаант засгийг халж Бүгд найрамдах улсыг байгуулах үндэс суурийг тавьсан. 1921 оны Ардын хувьсгал бол монголчууд бидний түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх ёстой. Бидний тэмдэглэж, ярьж дурсаж байх ёстой түүхэн чухал үйл явдал болсон.

Өнөөгийн Монгол Улс үүсч бий болохын үндэс суурь нь яах аргагүй 1921 оны Ардын хувьсгалтай салшгүй холбоотой. 1945 оны бүх ард нийтийн санал асуулга, 1961 оны НҮБ-д манай улс бүртгүүлэх зэрэг бүх зүйлийн үндэс суурь нь Ардын хувьсгалын үр дүнд тавигдаж байсан.

-Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчлөөд байгаа. МАН- ынхан үүнийг хууль бус гэж үзээд, нэрийг нь хуучин.хэвээр үлдээхээр шүүхэд хандаад байгаа. Энэ асуудал нааштай шийдэгдэх магадлал хэр өндөр байна вэ?

-2012 онд бид энэ асуудлаар шүүхэд хандаж, ярьж байсан. Жанжин Сүхбаатар бол 1921 онд энэ талбай дээр морьт журамт цэргүүдййнхээ хамтаар орж ирж Улаанбаатар хот буюу тэр үөийн Хүрээний төв талбайд олон түмэнд хандсан анхны хувьсгалт үйл ажиллагаагаа эхлүүлж, үгээ хэлж байсан түүхтэй.

Тэгэхээр энэ талбайг яах аргагүй жанжин Сүхбаатарын нэрээр нэрлэх учиртай. Энэ ч үүднээс 2012 оныг хүртэл Сүхбаатарын талбай гэж нэрлээд төрийн гол буюу төв үйл ажиллагаанууд болдог талбай байсаар ирсэн.

2003 онд ч гэсэн би Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа нийслэлчүүддээ хандан уриалга гаргаж энэ талбайг өнөөдрийн байгаа боржин чулуун талбай болгох ажлыг санаачилж, уриалан хийж байсан юм.

Энэ бүгдээс үзэхэд өнгөрсөнд болсон түүхэн үйл явдалтай салшгүй гэдэг утгаараа нийслэлийн төв талбай бол Сүхбаатарын талбай гэдэг нэрээрээ оршин байх нь зүйтэй гэж бид үзэж байгаа юм.