Б.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн УИХ-тай яаж ч яриад үнэхээр хүчрэхгүй болсон
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.02.04

Б.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн УИХ-тай яаж ч яриад үнэхээр хүчрэхгүй болсон

УИХ баасан гарагийнхаа хуралдааныг цаг сунгаж, зарим гишүүд нь нойрмоглож, үүрэглэж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулан дахь Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах хуулийг батлав. Канад эзэдтэй “Сентерра гоулд” компанийн мэдэлд оччихоод байгаа Ноён уул руугаа нутгийн иргэд сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд хөл тавьж чадахгүй байсан бол саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Уянга нарын буянаар Ноён уулынхаа бэлд нэвтрэн орж, зарим нь нулимс унагаж байсныг олон хүн телевизийн дэлгэцнээс харсан. Нутгийнх нь иргэдээс газар нутгийг нь хашиж, тусгаарласан Канад эзэд уйгагүй зүтгэсний хүчинд Ноён уулыг ухаж төнхөх эрхтэй болов. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Гацууртын ордыг стратегийн ордод хам­­руулчихлаа. УИХ дахь хэдхэн “популист” аргагүй л хүчин мөхөстөх шиг боллоо?

Олон­­хиороо түрий барьж, үнэхээр цадиггүй авирлаж байгаагийн л нотолгоо юм. Гачууртын ордын тухайд анхнаасаа л ойлгомжтой байсан. Хэлэлцэх эсэхийг нь шийдэнгүүт анхны хэлэл­­цүүлэг хийгээд л тэгээд дайруулчихаж байгаа юм. Өнөөдрийн УИХ-тай одоо яаж ч яриад үнэхээр хүчрэхгүй болсон.

Дээхнэ "Ноён уулаа аварья" хөдөлгөөний тэргүүн Н.Цэрэннадмид гэж хүн намайг зорин ирж уулзсан. Сэлэнгэ аймгийн 10 мянга гаруй хүн Ноён уулын бүсэд алтны олборлолт явуулахыг эсэргүүцэн гарын үсэг зурсан, регистер болон утасных нь дугаар бүхий жагсаалтыг авчирж үзүүлээд энэ асуудлыг зогсоож өгөхийг хүсч байсан юм.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа ямар сайхан байгаль, экологитой газар билээ. Тэндхийн олон мянган иргэн Гацууртын ордыг ашиглахыг эрс эсэргүүцэж байгаа. Гэтэл УИХ-д суудалтай бүх нам, эвсэл нийлж аваад л ийм муухай юмнуудаа хийж байна.

Монгол Улсын ирээдүйн төлөө, үр хойчдоо жаахан ч гэсэн юм үлдээе гэж чин сэтгэлээсээ тэмцэж байгаа хэдхэн хүнд “популист” гэсэн нэр зүүчихээд л ард түмний анхаарлыг сарниулж байгаад булхай, луйвраа хийж байгаа. Одоо удахгүй нэлээн хэдэн ордыг Гачууртын араас явуулахаар хуйвалдаад эхэлсэн байх шүү.

Товчхондоо Урт нэртэй хуулийг нухчин дарахын тулд 15 хүнтэй ажлын хэсэг байгуулсан.
-Одоо удахгүй та бүхний Иргэний хөдөлгөөнийхөнтэй эвсэн тэмцэж, жагсаж байж батлуулсан Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой болж байна. Та бүхэн санаачилж, батлуулсан хуулиа яаж хамгаалах гэж байна? 

Байгаль экэлогийн тэнцвэрийг хадгалах, онцгой бүсэд уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлахад багагүй үүрэг гүйцэтгэсэн Урт нэртэй хуулийг заазуурдах нь тодорхой болж байна. Урт нэртэй хуулийн ачаар Монгол орны байгаль экологи овоо сэргэж, хөдөөгийн ард түмний сэтгэл санаа, урам зориг өөдрөг болж байсан юм шүү дээ.

Ер нь Монгол орны байгаль экологи, ард түмний амьдралд хор хөнөөлтэй бүх хуулийг улсын наадам, шинэ жил, Цагаан сар гэх мэт баяр ёслолтой давхцуулан батласан байдаг юм билээ. Тэр нь ямар учиртай гэхээр хүмүүсийн анхаарал суларч, баяр ёслолоос өөр юм бодох тэнхэлгүй үеийг нь тааруулж байгаад болох болохгүй юмаа хийгээд сурчихсан байгаа юм.

Одоо Цагаан сараас өмнө Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахаар дайрах нь ойлгомжтой. Урт нэртэй хуулийг чадлаараа хамгаалсан Мөнхбаяр нарын хүмүүсийг шоронд аваачаад хорьчихсон. Одоо яах аргагүй олонхиороо түрээд өөрчлөлт оруулж байж л санаа нь амарна. Одоо бол эд нар их сайхан юм яриад байгаа. Хуулинд ямар ч өөрчлөлт орохгүй л гээд байна. Эд нар одоогоор “Бид Журмын тухай хуульд л өөрчлөлт оруулна” гээд байгаа.

Тэр Журмын тухай хуулийг нь аваад үзвэл өөрөө хэд хэдэн хуулийн зүйл заалттай зөрчилтэй. Тухайлбал Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагааг сэргээгээд явуулах хуулийн зохицуулалт байгаа юм. Тэгэхээр л Урт нэртэй хууль маань хүчингүй болж байгаа хэрэг юм. Эд нарын санаа нь бол урьдынх шиг Туул, Хэрлэн, Онон, Орхоны эх дагуу байгаа алтны уурхайнууд эргээд сэргэж, нөгөө жаахан гол мөрнүүд дахиж сэргэхгүйгээр хатаж ширгэх л юм байна.

Үнэхээр ямар ч зовлонтой юм, надад бол хэлэх үг ч байхгүй болж байна. Энэ УИХ-д ард түмнийхээ үгийг сонсож байгаа, Монгол орны байгаль, экологи дахиж сэргэхгүйгээр устаж алга болж байгаад санаа зовж, үгээ хэлж байгаа тоотой хэдэн хүн бий. Тэднийг янз бүрээр цоллож, гадуурхсаар байгаад дуугүй болгож байх шиг байна. 

-Гацуур­­тын орд стратег­­ийн ордод хамаар­­чихлаа. Одоо хоёр дахь шатны гэрээ хийгдээд явах байх даа?

\2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5-д энэ тухай тусгасан. Тэр дагуу Монголын төр хэдэн хувийг нь эзэмших юм гэдгийг тодорхой болгох байх. Сүүлийн үед олон хүний амнаас гараад байгаагаар хувь эээмшихгүйгээр ашиглуулахаар бол рояалтын татварыг нь нэмэх ёстой.

Нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгаа ашиг­­луулж байгаагийн хувьд дэлхийн бусад орны жишгээр байгалийнхаа баялгийн үнэ цэн, өртөг, давуу талаар нь харьцуулж өсөн нэмэгдэх рояалтын татвар авах ёстой.Гэтэл монголд өнгөрсөн хугацаанд энэ бүх ажил эсэргээрээ хийгдэж ирлээ.

Үнэхээр ямар ч зовлонтой юм, надад бол хэлэх үг ч байхгүй болж байна. 

Үндсэн хуулиараа төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялгийг хэдхэн жилд ухаж аваад, гадагш нь зөөгөөд дуусгах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд дуусч байна. Хойч үе маань хөндийлж ухсан хоосон нүх, баялгийг нь авч сэндийлсэн газар, хатаж ширгэсэн гол горхины хайрга чулуутай л үлдэх нөхцөл бүрдчихлээ. 

-Гацууртын ордыг стратегийн ордод хам­­руулсныг УИХ-ын гишүүд “Сентерра гоулд”-ын лоб­­бид автсны нотолгоо гэж ойлгож болох уу? 

Ер нь маш ойлгомж­­тойгоор зөвхөн “Сентерра гоулд” ч биш гадаадын үндэстэн дамнасан энэ том компаниудын нөлөө, лобби 2005 оноос хойш л яваад байгаа шүү дээ. Иргэний нийгмийн байгууллагууд, тодорхой цөөхөн гишүүд 2006 оноос хойш ямар их тэмцсэн билээ дээ.

Бидэнтэй хамт Оюутолгойн эсрэг тэмцэж явсан хүмүүс өнөөдөр ямар ичих нүүргүй болчихоод юу хийгээд явж байгааг ард иргэд харж л байгаа. Өнөөдөр Оюутолгойн талаар дуугардаг хүн гарын хуруунд багтахаар болчихлоо. Зоригтой дуугарч байсан зарим хүмүүс нь бурханы оронд одчихлоо. 

-Ерөнхий сайдын гар­гасан саналын дагуу Оюутолгойн талаар санал асуулга явж байгааг та юу гэж дүгнэж байна? 

Оюутолгойг ашиглах нь зөв үү гэсэн асуулга явж байгаа юм билээ. Өнгөрсөн 2014 онд хоёр их наядын борлуулалт хийсэн мөртлөө Монгол Улсын төсөвт 100-хан тэрбум төгрөг өгч ажилладагаараа ажиллаад, луйвардаад л явж байгаа газар шүү дээ. Оюутолгой энэ 2015 онд 3.9 их наяд буюу Монгол Улсын нийт төсвийн 70 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт хийнэ. 

Гэтэл энэ том хулгай, луйвар яваад байхад л Оюутолгойн луйврын гэрээг батлалцсан Баярцогтоосоо асуухгүй ард иргэдээс асуулт асуугаад байгааг ойлгохгүй байна. Эцэст нь хэлэхэд “Урт нэртэй хуулийн дагаж, мөрдөх журмын тухай” хуулийн төслийг 2013 оны есдүгээр сард өргөн барьсан юм. Одоо санаж байгаагаар УИХ-аас 15 гишүүнтэй ажлын хэсэг байгуулж байсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй. 

Товчхондоо Урт нэртэй хуулийг нухчин дарахын тулд 15 хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Би тэр үед ажлын хэсгийн гишүүдтэй биечлэн уулзаж, сайтар ойлголцсоны үр дүнд “Урт нэртэй хуулийг дагаж, мөрдөх журмын тухай” хуулийн төслийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ажлын хэсгийн найман гишүүн нь гаргаж, гарын үсэг зурж байсан юм.

Гэтэл одоо олонхиороо хуч түрээд, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой болчихлоо. Энэ нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө зөрчиж байгаа хэрэг шүү дээ.