Иргэдийн 56.1 хувь“1”-ийг сонгожээ
300 орчим мянган хүний саналыг давхардсан гэж үзэж болно.
2015.02.04

Иргэдийн 56.1 хувь“1”-ийг сонгожээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсын хөгжлийн замыг тодорхойлох хоёр замын талаар иргэдээс санал асуулга явуулсан. Энэ дагуу иргэдээс эдийн засгийн хямралыг даван туулахдаа нэг, “Оюутолгой, Тавантолгой болон бусад том төслүүдээ хөдөлгөх үү” эсвэл хоёрдугаарт “Бүсээ чангалж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох уу” гэсэн хоёр сонголтоор санал авсан. Иргэд өнгөрсөн бямба гарагаас эхлэн өчигдрийн 22:00 цаг хүртэл мессежээр саналаа явуулсан.

Өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн зөвлөх Ц.Мөнхтөр болон Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамба нар санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэл, мэдээллийн зөвлөх Ц.Мөнхтөр “Санал асуулгад нийт 365841 иргэн оролцсон. Эндээс 169230 хүн нэгдүгээр замыг сонгох нь зүйтэй гэж саналаа илгээсэн. Энэ нь иргэдийн 56.1 хувь гэсэн үг.

Харин 132778 иргэн хоёрдугаар замыг сонгоё гэж саналаа илгээсэн. Энэ нь иргэдийн 43.9 хувь болж байгаа. 63833 санал хүчингүй болсон” гэв. Мөн тэрээр 365841 иргэн оролцсон гэдэг нь манай иргэд санал асуулгад харьцангуй идэвхтэй оролцсон гэж дүгнэж болохоор үр дүн гэлээ.

Тодруулбал, Монгол Улсад сонгуулийн насны 1.1 сая орчин иргэн бий. Үүнээс сонгуульд дунджаар 600 орчим мянган хүн оролцдог гэж тооцвол сонгуулийн насны иргэдийн 50-аас дээш хувь нь санал асуулгад оролцсон  гэж үзэх боломжтой гэсэн юм.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба “Иргэдийн гар дээр 2-3 дугаар байх нь бий. Эдгээрийг хянах боломж байхгүй. Тийм учраас 300 орчим мянган хүний саналыг давхардсан гэж үзэж болно. Санал асуулгаас яг ямар шүүлтүүрийг нарийн хийсэн бэ гэхээр Монгол Улсад суугаа гадаадын иргэдийг маш нарийвчлалтай гаргаж, ирж, тэр хүмүүсийн дугаараас мессеж илгээхгүй байхаар зохицуулсан. Мөн гаригийн өдөр буюу санал асуулга явагдах хугацаанд шинээр сим карт худалдан авсан иргэд санал асуулгад оролцох боломжгүй байсан” гэлээ.

Иргэдээс ийнхүү санал авснаар, үр дүнгийн дагуу Засгийн газар тодорхой бодлого хэрэгжүүлэх, эсвэл яг энэ чиглэлээр явна гэсэн үг биш. Гагцхүү иргэдийн санал бодол, чиг хандлага ямар байна вэ гэдгийг л тодорхойлох зорилготой гэдгийг Ц.Мөнхтөр дарга нэмж хэлсэн юм.