Гамшгийн эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Онцгой байдлын ерөнхий газар
2015.02.04

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийн анхдагч уулзалтыг зохион байгуулж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр нар оролцлоо.

Төслийн хүрээнд энэ онд Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, цуврал сургалтуудыг зохион байгуулна.

“Гамшгийн эрсдлийг бууруулах” сэдэвт анхны сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулж Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Боловсрол шинжлэх ухааны яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.

Онцгой байдлын ерөнхий газар “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан бөгөөд энэ оны 03 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна.
Үндэсний хөтөлбөр батлагдсанаар “Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийн хэрэгжилтэд үндэс суурь болох юм.

“Олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэх нь” төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлэх юм.