Ганбат.Д 2015.02.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ажлын хэсгийг Д.Ганбат гишүүн ахлана

Ажлын хэсгийг Д.Ганбат гишүүн ахлана
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн давуу болон сул талууд, үр нөлөөтэй хэрэгжиж байгаа зүйл заалтыг судлан үзэж хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судалж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хууль зүйн сайд танилцуулгадаа, шинэчлэлийн Засгийн газрын үед боловсруулж өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шийдлийн Засгийн газар татан авч агуулга, нэр томьёоны зарим өөрчлөлт оруулан Эрүүгийн хууль нэрээр дахин өргөн барьсан. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг хуулийн төсөлдтусгасны зэрэгцээ шинэ төрлийн гэгдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн томьёолж тусгасан.

Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын конвенцид заасан эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, хүүхдийн эсрэг, соёлын өвийн эсрэг, эдийн засгийн болон авлига, албан тушаалын зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр томьёолж, өнөөг хүртэл хэрэгжиж байсан зарим зүйл, хэсгийн нэр томьёо, ухагдахууныг уламжлуулан хэвээр үлдээх, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн төсөлд тусгах, бусад хуульд заасан нэр томьёог тухайн хуульд зааснаар тусгах гэх мэтчилэн хууль зүйн техникт онцгойлон анхаарсан гэдгээ дурдав.

Түүнчлэн хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарч гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг заалтыг оруулсан. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулахын зэрэгцээ ялын үр нөлөө дээшилнэ гэж үзэж байгаа.Мөн Эрүүгийн хуулийг хэрэглэдэг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн түгээмэл шүүмжилдэг, хэрэглэхэд бэрхшээлтэй, зүйлчлэхэд эргэлзээ учруулдаг гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүний шинж байдлын ялгааг гаргах үүднээс гэмт хэргийн бүлгийг шинээр эрэмбэлж оруулсан гэдгээ тэрбээр хэллээ.

Манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн халсантай холбогдуулан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хасчээ.

Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Л.Болд, З.Энхболд нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Л.Болд, С.Эрдэнэ нар үг хэлсэн юм. Хуулийн зүйн сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Эрүүгийн хуулийн төслийг боловсруулахдаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан авч үзсэн.Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлийн шинж нь адилхан үйлдэл, эс үйлдэхүйг ялган авч үзэж, ялгаж заагласан. Энэ үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгааЗахиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хуульд заасан 18 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг эрэмбэлэн, давхардал хийдлийг арилгахаар, урьд нь хуульд тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдэхүүнийг өөрчлөн найруулж тусгасан гэдгээ хэлэв.

Түүнчлэн хуулийн хуулийн төслөөр албадан ажил хийлгэх хугацаа нь 120-480 цаг, гэрийн хорионд байлгах хугацааг 1-5 жил хүртэл байхаар тусгасан. Мөн гэмт хэрэг хүлээлгэх насны хязгаарын хувьд 16 наснаас эхлэх, харин тодорхой гэмт хэргийн тухайд 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулах саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Тус ажлын хэсгийг нам, эвслийн бүлгүүд болон бусад Байнгын хороодын төлөөлийг оролцуулан УИХ-ын даргын захирамжаар байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж тогтов.