Ганбат.Д 2015.02.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хороо

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 онд батлагдсанаас хойш 20 гаруй удаагийн нэмэлтээр уг хуулийн тавны нэгд өөрчлөлт орсон боловч Эрүүгийн хуультай харилцан уялдаа, холбоогүй, хэм хэмжээний давхардал үүсгэдэг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад хандсанаас давхардсан тоогоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирснийг хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн тусгасан гэдгээ Хууль зүйн сайд танилцуулсан юм.

Уг хуулийн төсөл нь нийт 18 бүлэгтэй юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар урьд нь эрүүгийн хэрэгт тооцож байсан 32 хэргийг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгасан бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчил гэж үзэж байсан 22 заалтыг гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгажээ.

Түүнчлэн зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлдтусгасны зэрэгцээ зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээд нэг зөрчлийг байнга, эсхүл 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол тухайн зөрчилд заасан хэмжээг нэмэгдүүлж шийтгэл хүлээлгэдэг байхаар заажээ. Зөрчлийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулсантай холбогдуулан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан нийт 200 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн юм.