Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлыг хойшлуулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо
2015.02.10

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлыг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 15 цагт 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос, хоёрыг нь Ерөнхийлөгчөөс, хоёрыг нь Улсын дээд шүүхээс санал болгож нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцэж зургаан жилийн хугацаатай томилдог хуулийн заалттай.

Одоогоор тус хорооны 9 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн нас барсан тул нөхөн томилох болоод байгаа аж. Тэдний нэгийг нь Ерөнхийлөгчөөс, гурвыг нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож нэр дэвшүүлэх юм байна.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тус байнгын хорооноос нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тус хорооны даргаар Ч.Содномцэрэнг улируулан томилох санал гаргасан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд тус хорооны гишүүнээр Р.Содхүү, Ц.Болдсайхан нарыг томилуулахаар нэр дэвшүүлэв.

Нэр дэвшигч Р.Содхүү урьд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан агаад одоо Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байгаа аж. Харин нэр дэвшигч Ц.Болдсайхан нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг гэнэт оруулж ирж хэлэлцүүлж байгаад гайхаж байна. Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тиймээс энэ асуудлыг бүлэг дээрээ ярилцаж санал солилцох үүднээс завсарлага авах хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн юм.

Энэ тухайд Байнгын хорооны дарга А.Бакей “Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өмнөх долоо хоногт нь УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тохирдог. Тиймээс мэдээлэл алга гэж хэлж болохгүй. Бид адилхан мэдээлэлтэй байгаа. Намрын чуулган завсарлах хугацаа дөхсөн энэ үед төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс энэ асуудлыг хэлэлцэж шийдэх нь чухал байна” гэдгээ хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар ч түүнтэй адил саналтай байгаагаа хэлсэн юм. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн дагуу 5 хоногийн завсарлага авсан тул энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.