Бямбацогт.С 2015.02.11 | Сонин: Өглөөний сонин

С.Бямбацогт: МАН ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан

С.Бямбацогт: МАН ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан
УИХ-ын гишүүн С.Бямбацогт

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг ярилцах үеэр АН-ын бүлэг энэ асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнийг АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдэгдсэн нь МАН-ын төдийгүй, ИЗНН-ын төлөөлөл С.Дэмбэрэл гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан юм. С.Одонтуяа гишүүний мэдэгдлийн араас МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн. Энэ талаар С.Бямбацогт даргаас дараах тодруулгыг авлаа. 

-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь МАН-ын бүлгийн гишүүдийг багагүй бухимдуулах шиг боллоо. Энэ талаарх таны байр суурь? 

Ганц МАН-ын бүлгийн гишүүд ч бухимдаад байгаа юм биш л дээ. Сая та нар С.Дэмбэрэл гишүүний байр суурийг ч сонссон байх. Эцсийн эцэст МАН эдийн засаг хямралтай үед ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан юм шүү дээ. Энэ ч үүднээс дөрвөн багц асуудлын хүрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хүргүүлсэн. 

Засгийн газар эдгээр саналыг хүлээн зөвшөөрч 70 орчим хувийг нь тусгасан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ хөтөлбөрийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө яаралтай хэлэлцэн баталж, ард иргэдийн хүлээлтэд хариу өгөх ёстой гэсэн байр суурин дээрээ МАН-ын бүлэг зогсож байгаа. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн сая хийсэн мэдэгдэлд АН-ын бүлэг эдийн засаг тогтворжиж байгаа мэтээр ард иргэдэд буруу ташаа ойлголт өгч, хямралаас гарах тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнийг ерөөсөө ойлгохгүй байна.

-Эдийн засгийн хям­ралаас хурдан хугацаанд хохирол багатай гарах ямар төлөвлөгөөг УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт санал болгож байгаа юм бэ?

-1998 онд эдийн засаг хямарсны уршгаар цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй байдалд хүрч байсан. 2009 оны хямралыг богино хугацааны хөтөлбөр хэрэг­жүүлсний үр дүнд даван туулсан. Манай намын бүлгээс шинэчлэлийн Засгийн газрын алдаатай, тооцоо судалгаа муутай бодлого эдийн засгийг хямралд хүргэх нь гэж удаа дараа сануулж ирсэн. Үүний улмаас ажилгүй, орлогогүй иргэдийн тоо улам нэмэгдэх нь, цаг алдахгүй шаардлагатай арга хэмжээ авъя, хямралыг даван туулах богино, дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлье гэж сануулж байсан. Харамсалтай нь эрх баригчид үг авахгүй явсаар өнөөдрийн хямралт байдалд хүргэсэн.

Тиймээс МАН улс орон, ард түмнээ бодож, эдийн засгийн хямралтай үед ард түмнээ гэдэс цатгалан, мөр бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан. Өнөөдөр гудамжинд таарсан ямар ч хүнээс асуусан амьдрал хүнд байна гэж хэлж байгаа. Ийм учраас хямралыг даван туулах гэж, ард иргэдийн амьдралыг улам муутгахгүйн тулд богино хугацааны хөтөлбөр боловсруулсан.

АН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах тогтоолыг хэлэлцэхгүй гэж байгаа нь эдийн засаг хямраагүй гэсэн үг үү. Эсвэл хямралаас гарах сонирхолгүй байгаагийн илрэл үү. Бий болсон улс төрийн шинэ нөхцөл байдал, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохирсон хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр МАН, АН-ын хамтарч засаг байгуулсан гэрээнд нэн тэргүүнд хямралыг даван туулах хөтөл­бөр болов­сруулж, хэрэгжүүлнэ гэж заасан байгааг АН-ынхан дахин харах хэрэгтэй. 

-Засгийн газраас оруулж ирсэн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд төрийн өмчийг Хөрөнгийн бирж, дуудлага худалдаа, концесс, хувьцаа олгох гэсэн дөрвөн хэлбэрээр хувьчлахаар оруулж ирснийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа учрыг тайлбарлахгүй юу? 

-МАН-ын бүлэг хувчлалыг ийм ялгавартай байдлаар явуулж болохгүй, нээлттэй, шударга, ил тод явуулах ёстой гэж үзэж байна. Эдийн засагт хямрал нүүрлэсэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн буурсан үед өмч хувьчлалыг олноор нь явуулах нь зохисгүй.

Өмчийн эзэн хэн байх нь чухал биш, хамгийн гол нь хувьчлал төрд үр ашигтай, ард иргэдэд ээлтэй, өгөөжтэй байх ёстой. Тиймээс хувьчлах асуудлыг эргэж сайтар нягтлах ёстой, цэнхэр, ягаан тасалбар, 1072 хувьцааны асуудлыг ч нэг мөр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Мөн энэ тогтоолын төсөлд нийгмийн салбарт хувьчлал яв­уулахаар тус­гасан байна лээ. Тухайлбал, МУИС, ЭМШУИС, ШУТИС, Боловсролын их сургууль зэрэг төрийн өмчит сургуулиуд, гуравдугаар шатлалын клиник эмнэлгүүдийг менежментийн хувьчлалаар хувьчлахаар оруулж ирсэн нь буруу, эдийн засгийн хямралтай үед ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлэхээс өөр дэвшил авч ирэхгүй, ихээхэн эрсдэлтэй алхам гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

Эмнэлгүүдийг хувьчилбал үнэгүй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар өндөр болно. Ийм учраас нийгмийн салбарын хувьчлалыг бид дэмжихгүй. Нөгөөтэйгүүр төрийн өмчийн хувьчлал, үндэслэлийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг холбогдох албаны хүмүүсээс тодруулахаар болоод байгаа. 

-Өнөөдрийн эдийн зас­гийн хямралын гол хүчин зүйлийг МАН-ын бүлэг юу гэж дүгнэж, энэ хүндрэлээс гарах хамгийн оновчтой арга замыг хэрхэн томьёолж байгаа юм бэ? 

-Эдийн засгийн өсөлт огцом буурч, өнөөдрийн хүндрэл үүсэхэд гадаад дотоодын олон хүчин зүйл нөлөөтэй ч макро эдийн засгийн бодлого алдагдсан, Засгийн газар, Монголбанк их хэмжээний хөрөнгө мөнгийг зах зээлд нийлүүлж хяналтгүй зарцуулсан, томоохон хөрөнгө оруулагчидтай үл ойлголцол үүсгэж гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан нь голлон нөлөөлсөн гэж үзэж байгаа. Макро эдийн засгийн түвшинд төсөв болон мөнгөний бодлого илт алдагдан валютын ханш эрчимтэй унаж, төлбөрийн тэнцлийн алдагдал өссөөр байгаа нь баялаг бүтээгч татвар төлөгчид болон ард иргэдийн амьдралд бодитой хүндрэл учруулж ажилгүйдэл нэмэгдэн ядуурлын түвшин өсөхөд нөлөөлж байгаа. 

Түүнчлэн нэгдсэн төсвийн орлого сүүлийн хоёр жил дараалан нэг их наядаар тасарсан нь эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа суларсан, экспортын бүтээг­­дэхүүний орлого буурсантай холбоотой. Мөн төгрөгийн ханшны сулрал нь өрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, төсөвт ирэх дарамтыг нэмэгдүүлсээр байгаа. Нөгөөтэйгүүр зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн хоёр жилд хурдацтай өсч байна. Энэ төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 онд бараг 20 дахин их буюу 700 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүний 536 тэрбум нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр байгаа. Байдал ийм байхад дахин 2.5 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа нь санхүүжилтийн томоохон эрсдлийг бий болгоно гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа юм. 

Инфляцийн түвшин 2014 онд 11.7 хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-80 хувь өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар эрс доройтсон. Банкны зээлийн хэмжээ 2014 онд 12.6 их наяд төгрөгт хүрсний дээр банкны хугацаа хэтэрсэн зээл 2011 оноос дөрөв дахин, чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин өссөн бөгөөд цаашид улам муудах дүр зураг ажиглагдаж байгаа. Эдийн засаг, санхүүгийн байдал иймэрхүү базаахгүй байгаа учир МАН-ын бүлгээс дөрвөн багц асуудлын хүрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм. 

МАН-ын бүлгээс макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгаалал гэсэн маш тодорхой дөрвөн чиглэлээр 50 орчим саналуудыг Засгийн газарт хүргүүлээд байхад УИХ дахь АН-ын бүлэг эдгээр асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа нь үнэхээр их гайхал төрүүлж байна. 

Манай бүлгээс дэв­шүүлсэн 50 гаруй саналыг 41 болгон багцлаад оруулж байгаа нь нийт саналын 66 хувь болж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сайд хэлээд байхад УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй гээд сууж байгаа нь эрх баригчдын ажлын уялдаа холбоо ямар байгааг л харуулж байгаа хэрэг юм.

Ерөнхийдөө УИХ дахь МАН-ын бүлэг болон Засгийн газар эдийн засаг яах аргагүй хямарчээ, байдал тодорхой байгаа учир “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай батлаад хэрэгжүүлж эхэлье гэдэг дээр санал нэгдсэн гэж ойлгож байгаа. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг яаралтай авч хэлэлцээд байр сууриа өөрчлөх байх гэж бодож байна.