Модон морин жилийн АЛДАРТНУУД тодорлоо
Зургийг Mongolnews.mn-ээс авав.
2015.02.11

Модон морин жилийн АЛДАРТНУУД тодорлоо

Үндэсний өдөр тутмын “Өнөөд өр” сонин амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан “Оны алдартан”- уудыг тодруулж эхэлсэн нь арванд өрвөн жилийн тэртээх могой жилээс улбаатай. Хэсэг бүлгийн эрх ашиг, хэн нэгний санаа зорилгоос ангид, хамгийн шударга шалгаруулалт байж чаддаг учраас энэх үү санал асуулга тасралтг үй үргэлжилсээр өдий хүрсэн юм.

Эмч, багш, малчин, тариаланч, багш, зохиолч, эдийн засагч, жүжигчин гээд салбар бүрийн төлөөлөл, сурагч, оюутан, ажилчин, эрдэмтэн, төрийн түшээд зэрэг нийгмийн янз бүрийн давхаргаас бүрдсэн 100 эрхэм саналаа өгч, бид нэгтгэн дүгнэдэг уламжлалтай.

Эдгээр эрхмийг сонгохдоо үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бүлгүүдийн тэнцвэрийг хадгалахын зэрэгцээ хэн хэнийг нэрлэснийг нь олон нийтэд ил тод зарладаг нь манай шалгаруулалтын бас нэгэн онцлог юм. Арав гаруй жилийг үдээд буй “Оны алдартан”-ы шалгаруулалт улиран одож байгаа “ялгуусан” хэмээх модон морин жилийн алдартнуудаа өнөөдөр тосон авч байна.

Энэ удаагийн шалгаруулалтад 100 эрхэм тус бүр гурван хүн нэрлэснийг нэгтгэвэл 97 хүнийг “Оны алдартан”-д дэвшүүлжээ. Тэдгээр 97-гийн дундаас хамгийн өндөр оноо авсан 10 эрхмийг шигшин эрэмбэллээ. Оны “Тэргүүн алдартан”-аар Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтыг эвдэж 33 дахь түрүүгээ авсан, их аварга Хак үхо М.Даваажаргал шалгарч, түүний араас улстөрч, тамирчин, гурван сая дахь иргэн, эрдэмтэн есөн эрхэм жагсав. Өмнөх жилийнхтэй харьцуулахад спортынхон бүл нэмэн, монголчууд олуулаа болсон үйл явдлын баатар алдартны эгнээнд орж ирсэн нь сонин байлаа.

Эд бол модон морин жилийн манлайлагчид юм. Монгол түмний дундаас тодрон, ажил үйлс, амжилтаараа манлайлсан гэж санал асуулгад оролцогчдын үнэлсэн 97 эрхмийн дотор дэлхийн аварга шатарчин есөн настай хүү, охин, хамаатны болон өөрийн найман дүүгээ галын аюулаас аварсан есөн настай охин, Холливудын кинонд дүр бүтээсэн монгол жүжигчин, дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн багийнхан, эрдэмтэн, шатарчин, хямралын үед сайн менежмент хийсэн үйлдвэр, шинэ технологи нутагшуулсан компанийн захирал, балетчин, арлын Японд амжилтаа дуурсгаж яваа сүмочид, сайн үйлс санаачилсан жүжигчин, улсын наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд, Сэлбэ голын эрэг хавийн хогийг өөрийн санаачилгаараа гурван жилийн турш цэвэрлэж буй 13 настай хүү, дөрвөн удаа ихэр хүүхэд төрүүлсэн ижий байна.

Алдартнуудын цаана амжилт бий. Амжилттай байсан учраас тэд хамгийн олон санал авсан байж таараа. Нийгэмд, тодорхой салбарт ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, олон нийтэд үлгэр дуурайл үзүүлж яваа алдартнуудаараа бид бахархах учиртай. Тэд илүү их амжилт гаргаж сайн үйлс бүтээн, Монгол Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болтугай.

АЛДАРТНУУДЫН АРААС ЖАГССАН АРАВ


Өндөрт дүүлсэн Цагаан гарьд

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо. “Өнөөдөр” сонины “Оны алдартан”-аар олон удаа шалгарсан Цагаан гарьд буюу Хакүхо Монголд төдийгүй дэлхий дахинд нэрээ мөнхөлсөн түүхэн амжилт тогтоосноор энэ удаа “Оны тэргүүн алдартан” боллоо. Арлын Япон байтугай Америк, Английн хэвлэлүүд ч “Алс холын Монголын залуу Японы мэргэжлийн сүмогийн түүхэн дээд амжилтыг эвдлээ” хэмээн шагшин бичиж байна. Японы Эзэн хааны цомыг 32 удаа хүртсэн Наран улсын домогт аварга Тайхогийн амжилтыг “ялгуусан” хэмээх модон морин жилд Талын Монголын хүү ийнхүү эвдэх хувьтай байжээ.

Нэгдүгээр сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн хамгийн хүчирхэг сүмоч болон түүхэнд тодоор бичигдэв. Харих яагаа ч үгүй түүнийг ахиад хэд түрүүлэх бол гэсэн хүлээлт нэгэнт үүсээд буй. Магадгүй сүмо бөхийн түүх хэдэн зуу, мянган жил үргэлжилсэн ч Хакүхогийн амжилтыг эвдэх хүчтэн дахин гарч ирэхгүй байж ч мэднэ.

Аав нь үндэсний бөхийн дархан аварга, хүү нь Японы сүмо бөхийн их аварга гээд аав хүү хоёул аварга болсон түүх урьд өмнө байсангүй. Хакүхо нэгэнтээ “Хүүгээ сүмо барилдуулж, ёкозүна болгохыг хүсэж байна” гэж ярьж байсан юм. Хэрэв тэгвэл өвөө, хүү, ач гэсэн гурван үеийн аваргатай гэр бүл дэлхийд дуулдаж мэднэ. Бусдаас тасархай их аваргын түрүү зарим үед хэт амархан мэт санагдавч үүний цаана олон жилийн тасралтгүй бэлтгэл сургуулилалт, хүч хөдөлмөр байсныг санах учиртай. 33 дахь түрүүгээ авсны дараа Хакүхо “Тайхо аваргын түүхэн амжилтыг эвдсэн тэр мөчид зодог тайлъя гэсэн бодол орж ирсэн. Гэхдээ дахин шинэ зорилго өмнөө тавин, улам их хичээн зүтгэх болно” гэж ярьж байсан юм.

Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ цуурайтуулсан Цагаан гарьд одоо мэргэжлийн сүмогийн тэмцээнд 40, 50, 60 түрүүлэх гэсэн шинэ зорилго өвөрлөжээ. Их аваргын түүхэн замнал үргэлжилсээр л байна. Тийм ээ, Цагаан гарьд улам өндөрт дүүлэх болно.

Гадаад ертөнц рүү түлхүү анхаарсан Ерөнхийлөгч

Төрийн тэргүүнийг оролцогчид маань санал нэгтэйгээр “Оны алдартан”-аар нэрлэжээ. Хоёр дахиа улиран ажиллаж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байнга ямар нэгэн шинэ санаа дэвшүүлж явдаг хүн. Ардчилсан хувьсгалыг эхлүүлэх үйлсэд оролцож, өнөөдрийн нийгмийг бүтээхийн төлөө идэр есийн хүйтэнд Сүхбаатарын талбай дээр “өлсөж” явсан түүх түүний намтарт бий. Тэр тун ч чадварлаг илтгэгч. Гэхдээ зөвхөн яриад зогсохгүй гаргасан санаачилгаа биеэр үлгэрлэдэг нь авууштай. Сүү өргөхөөс эхлээд эрүүл, зөв амьдрахад чиглэсэн Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг монголчууд санал нэгдэн дэмждэг.

Үе үе чуулганы хуралдаанд үг хэлэх сургаар хэвлэлийнхний анхаарал тийш чиглэдэг юм. Учир нь намаараа талцсан гишүүдийг, улс орныг эвлүүлэн нэгтгэх учиртай хүн нь Төрийн тэргүүн. Тэр хэн нэгнийг нь ялгалгүйгээр хатуухан зэмлэж орхидог тул юу хэлэхийг нь бүгд хүлээдэг. 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад бодлого, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх чиглэлээр амжилттай ажиллажээ. Юуны өмнө хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд найм, есдүгээр сард шил дараалан манай улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд олон ч чухал бичиг баримтад гарын үсэг зурж, одоо түрүүчээс нь хэрэгжүүлж байна. Дэлхий нийтийн анхаарал энэ өдрүүдэд Монгол тийш хандсан нь мэдээж. Үүнээс хэдхэн хоногийн дараа Душанбед манай Төрийн тэргүүний санаачилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзсан юм. 100 жилийн дараа тохиож буй энэ ховор уулзалтыг цаашид гурван жилд нэг удаа Улаанбаатарт хийж байх саналыг Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж гаргасан. Улмаар төмөр зам, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хийн хоолойг Монголоор дамжуулах тухай гурван талт хэлэлцээр байгуулах санал тавьж, нааштай хариу сонсож чадсан.

Мөн 2014 оны аравдугаар сард Италийн Миланд болсон АСЕМ-ийн уулзалтаас тэр тун том олзтой ирсэн юм. Дэлхийд нэр хүндтэй, улс төрийн “олимп” гэдэг энэ арга хэмжээг 2016 оны долдугаар сард эх орондоо зохион байгуулах эрх авсан нь тэр. Дэлхийн 53 орны Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж ба Монгол Улсыг дэмжсэн. Одоо нэр хүндтэй энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулах л үлдэв. Ямар ч алдаагүй, хийгүй зохион байгуулж чадвал Монгол Улсын өмнө өөр олон боломж, хаалга нээгдэх учиртай. Энэ жимийг тавьснаараа Ц.Элбэгдорж гавьяатан болж буй юм.

Хэнтийн бор охин дэлхийн дэвжээнд данстай

Өнгөрсөн оны есдүгээр сард Узбекистаны нийслэл Ташкентад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д жинхэнэ шуугиан тарьсан хүн бол Сүхээгийн Цэрэнчимэд. 19 настай монгол охины хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг дархан мэх нь өрсөлдөгчийнхөө хөлийг авах. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тив, дэлхийд ноёлдог “хашир бурхи”-нууд хүртэл энэ мэхэнд хэрхэн хууртахгүй байх учраа ололг үй тэвдэж, сүүлдээ зугтаасаар барилдааны талбайгаас гаран, оноо алдацгааж байсан юм. Нэгдүгээр тойрогтоо Оросын алдарт бөх, ДАШТ-ээс таван ч медаль хүртсэн, Европын таван удаагийн аварга Наталья Гольцтой таарч оноогоор ялсан. Харин хоёрдугаар тойрогт Японы бөх Казуки Сакамийг ядах юмгүй буулган авч, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Финландын Маарит Нейра Оллитой таарч мөн л цэвэр ялсан билээ. Ингээд аваргын төлөө Азербайжаны бөх, олимп, дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт Юлия Раткевичтай барилдан ялснаар Монголын хамгийн залуухан, бас чөлөөт бөхийн хоёр дахь эмэгтэй аварга болсон түүхтэй.

Уг нь тэр “битүү морь” биш. Гэхдээ Залуучуудын дэлхийн аварга гэсэн алдраас нь илүүтэй энэ тэмцээн түүнийг монголчуудад сайн таниулсан учраас морин жилийн “Оны алдартан”-аар нэрлэсэн болов уу.

Олон монгол хүний магнайг тэнийлгэсэн энэхүү тэмцээн үнэндээ С.Цэрэнчимэдийн өнгөрсөн онд үзүүлсэн амжилтуудын зөвхөн эхлэл нь байсан юм. ДАШТ-ий дараа тэрбээр Азийн наадмаас хүрэл, Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”- ын эзнээр тодорсны зэрэгцээ “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийнхаа хамт Монгол Улсын гавьяат тамирчин цол авсан билээ. Түүнчлэн саяхан Австрийн Вольфурьт хотноо болсон “Нээлттэй тэмцээн”- д 63 кг-ын жинд зодоглон аварга болоод буй. Ингэснээр Монгол эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 63 кг-ын жин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд гэсэн хоёр шилдэг тамирчинтай болж байгаа юм. 2016 оны олимпод чухам хэн нь эх орноо төлөөлөн оролцох бол гэдэг таавар одооноос яригдаад эхэлчихсэн байна. Аль нь ч байсан монголчууд та хоёрынхоо дээлийн захыг мушгиад сууж байх нь дамжиггүй ээ.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрж, тэндээ бага насаа өнгөрүүлсэн болоод ч тэр үү, С.Цэрэнчимэдийг хүнийхээ хувьд эвдрээгүй хүүхдээрээ, бас эгэл нэгэн гэдгийг ойр дотнынхон нь онцолдог. Бас эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэл сэргэтэл сайхан инээмсэглэдгийг нь гярхай сэтгүүлчид анзаарсан байна лээ. Хамгийн гол нь шийдсэн мэхээ залуу хүний зориг, хурд, хүч, авхаалж самбаагаар санасандаа хүртэл хийдэг, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай байж чаддаг дайчин чанар нь түүнийг чимдэг. Японд сурахаар явсан хэрнээ хэнд ч тийм амархан олддоггүй боломжоос татгалзан, цаг алдалгүй бэлтгэл сургуулилалтаа хийхийн тулд эх орондоо буцаад ирсэн нь, тэгээд хүссэн амжилтдаа хүрсэн нь үүний илрэл биз ээ.

Бяцхан алдартан Х.Монголжин

Өмнийн шаргал говьд өнгөрсөн сарын 24-нд Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэрт нэгэн охин мэндэлснээр монголчууд бид гурван саяулаа болсон юм. Төрийн тэргүүнээсээ эхлээд бид “Олуулаа” болохыг чухалчилж ирсэн. Монголын үрс маш олон болтугай гэсэн амны билгээс ашдын билэг үүдэж, ерөөл биелэв. Монгол Улс гурван сая иргэнтэй боллоо. Үүн шиг баяр хаана байх билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Х.Монголжин хэмээх нэр хайрласан охин гэртээ, эх орондоо хүнстэйгээ ирлээ. Мал сүргийн тоо 50 сая давж, сүүлийн жилд хураагаагүй арвин ургац авсан морин жилд Х.Монголжин мэндлэв. Хүнстэйгээ ирсэн шинэ иргэнийг маань далай шиг уудам газар нутаг, ашигт малтмалын арвин нөөцтэй том ордууд угтаж байна.

Бид хэдхэн жилийн дараа дөрөв, тэгээд таван сая дахь иргэнээ өлгийднө. Тэр хэрээр ажиллах хүчний фронт олширч, хөгжлийн гарц аандаа нээгдэнэ. БНХАУ яагаад ийм олон хүнтэй болсныг эртний Хятадын уран зохиолд “Хүн нэмбэл хүрз нэмнэ. Хүрз нэмбэл хүнс нэмнэ” хэмээн дурдсан байдаг. Дэлхийн супер гүрэн болсон тэдний түүх ердөө л энэ. Бид ч улам олуулаа болно. Хөгжиж, хөлжиж чадна. Өнгөрсөн хугацаанд олимп, тив дэлхийн аварга, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдээ Монголын бахархлаар нэрлэж байсан ч төрөөд 18-хан хонож буй охин “Өнөөдөр”-ийн “алдартан”-аар анх удаа тодорч, манай сонины хуудаснаа нэгэн шинэ түүх бичилцлээ. Монголын үрс маш олон болтугай.

Хамгийн хамгийн нь Н.Алтанхуяг

АН-аас Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Ерөнхий сайд нь тэр байлаа. 1996-2000 онд АН эрх барьж байхдаа хэд хэдэн Ерөнхий сайд сольсон байдаг. Харин тэр тэссэн юм. Хоёр жил гаруйн турш намаа даргалахдаа хамгийн олон буюу гурван шатны сонгуульд ялуулсан гавьяа түүнийх. “Тамын тогооны үлгэр”-ийн жишгээр амьдардаг олон фракцаа төдий хугацаанд нэгтгэж, учрыг нь олж хужрыг нь тунгаан ажилласан. Болж бүтэхгүй бүхнийг шинэчилнэ, өөрчилнө гэсэн дэврүүн зорилго, хүсэл эрмэлзэлтэйгээр Н.Алтанхуяг танхимаа бүрдүүлсэн. Түүний Засгийн газрын үед ихэнх аймгийг нийслэлтэй авто замаар холболоо. Орон сууц барих болон бусад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Хийж, хэрэгжүүлсэн ажил олон бий.

Үе үеийн Засгийн газраас хамгийн нээлттэй, ил тод нь түүнийх байв. Пүрэв гариг бүрт “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт болж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгч, хийсэн ажлаа бас тайлагнадаг байв. Тэр шинийг санаачлагч, тун ч ажилсаг хүн. Гэвч хэтэрхий задгай яриатай гэсэн шүүмжлэл дагалддаг. Бас Засгийн газартаа МАН-ыг багтаагаагүй нь түүний нэг “алдаа” болсон юмдаг. УИХ-д 25 суудалтай сөрөг хүчнийхэн ажлыг нь амар хийлгэхгүй, байсхийгээд л хэвлэлээр элдэв сөрөг мэдээлэл хөв өрнө, хийсэн ажлыг нь эсэргүүцнэ. Нам эрх мэдэл булаацалдсан фракцуудынх нь зүгээс ч цөөнгүй “чулуу нүүлгэсэн”. Ийм хар PR зарим үед түүний шинэчлэх, өөрчлөх эрмэлзлийг унтрааж байсан болов уу. Цөөнгүй хуулийн төслөө эгүүлэн татахаас аргагүйд хүрсэн. Засгийн газраа аварч үлдэхийн тулд тэр бас олон алхам хийсэн. Бүтцээ цомхтгож, олон нийтэд шүүмжлүүлдэг сайд нараа ч огцруулсан.

Гэвч эцсийн бүлэгт өөрийнхөндөө “өшиглүүлчихэв”. АН ардчилалтай, хаалга үүд нь онгорхой нам. Гэвч тэр нь үе үе хэтэрч, тэгэхээрээ Засгийн газраа огцруулах үйлсэд сөрөг хүчинтэй хүч хавсарч, улс орноо “самарчих” гээд байдаг гэмтэй. 1996-2000 онд яг л ийм зарчмаар АН-ынхан талцаад дараагийн сонгуульд ганцхан суудал авсан гашуун түүхтэй. Гэхдээ хэсэг бүлэг гишүүн нь өнөөдрийг маргаашаас илүүд үзэж, сөрөг хүчинтэй нийлээд Н.Алтанхуягийг огцруулчихсан юм. Тиймээс нэг талаар тэр хамгийн азгүй Ерөнхий сайд. Ингэж тодотгох бас нэг шалтгаан нь түүнийг Засаг тэргүүлэх хугацаанд өмнө нь тавьсан өр, зээлийн түрүүчийг нь төлөх цаг тохиосон юм.

Сонгогчдын саналыг татахын тулд улс төрийн намууд элдэв популист амлалт өгдгийн гор илэрсэн цаг үед Ерөнхий сайд байснаараа тэр азгүйдэв. Эдийн засаг хүндэрч, олсон хэдэн доллараа өрөндөө шилжүүлсээр хомсдол нүүрлэж, ханш нь тэнгэрт хадав. Тэр хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ард иргэдийн амьдрал хэцүүдсэнд түүний Засгийн газрын бодлогын алдаа ч бас хувь нэмрээ оруулсан. Гэхдээ тэр түүхэнд олон хамгийн хамгийнаараа нэрээ үлдээх 27 дахь Ерөнхий сайд болж чадсан юм.

“Дархан” алдартан

Хамгийн олон удаа тодорсон, “дархан” алдартан бол Миеэгомбын Энхболд. Алдартны буухиа өртөөлсөн 14 жилийн хугацаанд 13 удаа алдартнаар нэрлэгдсэн нь түүнийг улстөрчийн хувьд үнэлэх гаргацтай хэмжүүр тул олныг нурших нь илүүц биз. Тэр энэ хугацаанд нийслэлийн Засаг дарга, гүйцэтгэх засаглалын тэрг үүн, хамтарсан Засгийн газрын гишүүн, Шадар сайд, намын дарга байв.

Харин энэ удаа хоёр бус, хэд хэдэн улс төрийн намын хамтарч байгуулсан шийдлийн Засгийн газрын жин дарах бүрэлдэхүүн хэсэг болох МАН-ын даргын хувьд түүнийг илүү үнэлсэн биз ээ. АН-тай хамтарч байсан намтартай, ингэхдээ хаягдаж хоцорсон сургамжтай Ардын намынханд “даага нэхэн” байж Н.Алтанхуягийг унагачихаад, Ч.Сайханбилэгийн саналыг хүлээж авах, эсэх нь амаргүй сонголт байсан нь ойлгомжтой.

Ирэх сонгуулийн чимээ ойртож, эдийн засгийн хямралд сөгдөж яваа энэ үед ийм сонголт хийсэн шалтгаанаа тэд “Улс, үндэсний эрх ашгийг урьтал болгосон. Хамтарлаа гээд амаа үдүүлэхгүй, шахаж шаардана” хэмээн тайлбарлаж буй. Үнэхээр ч хамтарсан Засгийн газрын өмнө хийх ажил их, хугацаа бага байна.

Тэд Монгол Улсын хөгжлийн бодлого, зарчмын шийдлээ ойрын үед зураглах учиртай. Магадгүй Энхболдуудын даргалсан намуудын хамтарч, нийлэн байж байгуулсан энэ Засгийн газар “хамтарсан” гэх шийдлийн хамгийн сүүлийн боломжит хувилбар хийгээд загвар байж болох.

Юутай ч оны өмнөхөн байгуулсан Засгийн газар төсвөө батлуулж, бас тодотгоод амжсан. Ингэхдээ Ардын намынхны “амны уншлага” болтлоо ярьсан улсын төсвөөс гадуурх санхүүжилт, бондын хөрөнгийг нэгтгэн Монгол Улс нэг төсөвтэй болоод байна. “Цол дагаж бяр” гэгчээр Засгийн газарт хамтарсныхаа дараа УИХ дахь МАН-ын гишүүд Байнгын хороодод тэгш хуваарилагдаж, даргалах эрхтэй болоод буй. Сонголт мэргэн байж, монгол түмний заяа буян дэлгэрэх болтугай.

Шийдэгч

Шинэчлэлийн Засгийн газар огцорч, шийдлийнх нь байгуулагдав. “Өндөр л болохоос Н.Алтанхуягаас ялгаа юу байна” хэмээн шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүмжилж байлаа. Учир нь тэд “Алтангадас” фракцынх. Шинэ Ерөнхий сайд гарц ирмэгцээ эдийн засаг хямарсныг шууд хүлээн зөвшөөрсөн. Бас УИХ-д суудалтай бүх намтай хамтарч байж үлдсэн хугацаанд ажил хийнэ, үр дүн гаргана гэдгийг өмнөх Ерөнхий сайдын туршлагаас ойлгосон биз. Тэр бүх намд урилга хүргүүлсэн, хамтарсан. Гэхдээ л хамтрагчдаа “чадуулах” зовлон түүнийг ч бас тойрохгүй байна. Н.Алтанхуягийн хэрэгжүүлж завдаагүй бүтэц, бүрэлдэх үүний системээс Ерөнхий сайд санаа авч, 15 яам 19 сайдтай танхимаа байгууллаа. Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг гэсэн зарчмаар түүний танхим ажиллаад хоёр сар болж байна. Жил гаруйхны хугацаанд улсын эдийн засгийг өөд татах хүндхэн үүргийг тэр хүлээсэн. Одоогоор шийдлийн Засгийн газрын ажлыг дүгнэхэд эрт байна.

Зургаан сарын дараа бол ерөнхий өнгө төрх нь харагдах болов уу. Өмнөх Засгийн газарт ХЭГ-ын дарга байсан, Н.Алтанхуягийн талын хүн, бас хүндхэн цаг үед хариуцлагатай ажил хүлээж авсан, үр дүн гаргахгүй бол “толгойгүй” болно. Энэ утгаараа тэр олны анхааралд байгаа. Хийсэн гэхээсээ илүү хийх ажилд нь анхаарсан байх. Өмнөх Засгийн газрын алдааг давтах эрх түүнд үгүй. Тэгсэн хэрнээ ололтыг нь үргэлжл үүлэх учиртай. Ингэхийн тулд зарим үед хатуу шийдвэр гаргахаас аргагүй хэмээн Ерөнхий сайдаар томилогдохынхоо өмнө Ч.Сайханбилэг сануулсан. Анхнаасаа сайн, муугаа хэлэлцчихсэн нь ч дээр биз. Ажлаа аваад удааг үй ч шийдэгч Ерөнхий сайдыг санал асуулгад оролцогчид “Оны алдартан”-аар нэрлэж байна.

“Чингис хаан” одонт анхны эрдэмтэн

Дэлхийн шинжлэх ухааны академид данстай эрдэмтэн Монголд зургаа бий. Нобелийн 22 шагналтан, нийт 800 гаруй эрдэмтнийг эгнээндээ нэгтгэсэн энэ академид Монгол хэмээх нэрийг дуурсгасан түүчээ нь Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавтгайн Намсрай. Бүтэцгүй гэгдэж ирсэн эгэл бөөмсийн урсгалын бүтцийг тогтоож, түүнийгээ “Намсрайн дөхөлт” нэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан Х.Намсрайг төр засаг, эрдэмтэд төдийгүй олон нийт үнэллээ. Улирч буй модон морин жилд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор энгэрээ мялаасан эрдэмтэн Х.Намсрай “Өнөөдөр”-ийн алдартанд наймдугаарт “давхив”.

Тэрбээр төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь, харин шинжлэх ухааны салбараас анхных нь хүн юм. “Олон мянган эрдэмтний туурвисан далай шиг их бүтээлийн нэг дусал нь л “Намсрайн шийдэл” хэмээн өөрөө ярьж буй ч түүний эл гавьяанд шинжлэх ухааны салбарт зориулсан 46 жилийн нөр их хөдөлмөр нь шингэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний олж нээсэн физик, математикийн нийлмэл томъёог олон орны эрдэмтэн, судлаачид, оюутан судлаачид Пифагорын теорем адил ашиглаж байна. Ажиллаж, амьдрах таатай нөхцөл, боломжийг амласан гаднынхны саналыг үл тоож эх орондоо үлдсэн, “нутаг амьтай” Х.Намсрай академич өнөөдөр Дэлхийн шинжлэх ухааны академийн экспертийн комиссын гишүүн цорын ганц монгол эрдэмтэн. Дэлхийн шинжлэх ухаанд нэрээ дархалсан Х.Намсрай, түүний томъёолсон “Намсрайн дөхөлт”-тэй хамт Монголын нэр дэлхийн эрдэмтдэд хүрч байна.


14 жилийн хүч, хөдөлмөрөөр олдсон алтан медаль

Орчин цагийн үндэсний бөхийн анхны дархан аварга, Монгол Улсын анхны гавьяат тамирчин Б.Түвдэндоржийн нутгаас дэлхийн аварга төрсөн нь улиран одож буй морин жилийн бас нэг бахархалт үйл явдал байлаа. ОХУ-ын Челябинск хотноо өнгөрсөн оны наймдугаар сард насанд хүрэгчдийн ДАШТ болж, “Трактор Арена” спортын ордонд монголчуудын уухай хадан, жүдогийн гурав дахь дэлхийн аваргаа угтаж авсан юм.

Булган аймгийн Хангал сумын уугуул Ганбатын Болдбаатар тэрхүү тэмцээний сүүлчийн шийдвэрлэх тойрогт Оросын бөх Беслан Мудрановыг нутгийнх нь дэвжээнд, шүүгчтэй нь, 140 сая хөгжөөн дэмжигчидтэй нь хамт ялж, дэлхийн аварга болсон баярт мөчийг монголчууд мартахгүй.

Бөхийн өлгий нутаг ОХУ-ын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, монгол төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр ийнхүү тивийн аваргын алтаа дэлхийн дэвжээнээс “шүүрсэн” алтан медальтай ихэрлүүлсэн нь спортын салбарынхны оны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”-ын эзэн болох замыг нээсэн. Тэгээд зогссонгүй, “Оны алдартан” хэмээн нэр хүндийг нь өргөмжлөх шалтгаан болжээ. Монгол Улсын гавьяат тамирчин цолыг оны өмнөхөн Төрийн тэргүүнээс хүртсэн Г.Болдбаатар өдгөө харин ард түмнээсээ ийм том хүндэтгэл хүлээлээ.

Хангалын үзэсгэлэнт байгальд нүд, сэтгэлээ баясгаж, басхүү монгол хөвгүүдийн зангаар үеийнхэнтэйгээ дээл хувцсаа уралцан ноцолдож өссөн хүү зургадугаар ангид орох жилээ Эрдэнэт рүү шилжин суралцсан гэдэг. Бөхийн дугуйланд хичээллэх гэж л тэр шүү дээ. Түүнийг өдий зэрэгт хүрэхэд хамгийн их нөлөөлсөн газар нь Эрдэнэтийн “Хангарьд” клуб, тэр дундаа жүдо бөхийн дасгалжуулагч Ш.Бат-Орших багшийнх нь хувь нэмэр асар их байсныг гавьяат маань онцлох дуртай.

2013 оны ДАШТ-д Г.Болдбаатар амжилттай барилдаж, медалийн оосроос атгаад алдсан ч “Дараа жил заавал юм дуулгана” хэмээн найдаж байсан ард түмнийхээ итгэлийг алдаагүй түүнд одоо хамгийн том даваа үлдсэн нь Рио-де-Жанейрогийн олимп.

Монголын жүдогийн 60 кг-ын жингийн эрэгтэйчүүд ямар вэ гэдгийг олимпийн дэвжээнд үзүүлээд өгөөсэй хэмээн бүгд хүсэн хүлээж байгаа шүү. 14 жилийн турш жүдогийн татамид урсгасан хөлс, хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг тэнд л гаргачихаасай гэсэн олны итгэл түүнд ташуур болтугай.

Намын дарга спикер

Өмнөх онд “алдартнууд”-ын араас жагсаж байсан арван эрхмийн нэг, УИХ-ын дарга Зандаах үүгийн Энхболдыг морин жилийн алдартнаар нэрлэжээ. Инженер мэргэжилтэй, ажлын гараа нь монтёр тэрбээр Төрийн өмчийн хорооны даргаар нэг бус удаа томилогдож, 2005 оноос хойш парламентад сонгогдон, спикер болтлоо хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч.

Цагтаа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга явсан З.Энхболд өдгөө тус намын дарга. Ингэхдээ сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж, Засгийн газраа тэргүүлдэг бичигдээг үй хуулийг “зөрчсөн”. Ийнхүү Н.Алтанхуягаас Ч.Сайханбилэгт уламжлах учиртай намын дарга хийгээд Ерөнхий сайдын албыг З.Энхболд салгаж, хуваалцаж чадсанаараа олны анхаарлыг татсан гэвэл маргах хүн үгүй биз ээ. Гэвч тэр эгзэг нь таарч, аз од нь гийж, санамсаргүйгээр намын дарга болчихоогүй.

“Ардчилсан хүчний холбоо” ТББ байгуулж, “Шонхор” фракцыг тэргүүлэн, богино хугацаанд “бойжуулж” чадсан нь алсыг харж, төлөвл өснийх гэлтэй. Энэ бол түүний унаган чанар, төрмөл шинж. Зарчимч, төлөвлөгч, баргийн зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй үнэтэй чанар З.Энхболдынх. Мөн тэр техник сэтгэлгээ сайтай, дэвшилт технологийг гаргуун эзэмшигч нэгэн. Тиймээс ч тэр Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагыг цахимжуулж, “ухаалаг” болгоход чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа билээ.