Үндэсний статистикийн хорооны даргыг улираан томиллоо
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулган
2015.02.12

Үндэсний статистикийн хорооны даргыг улираан томиллоо

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы Лхагва гаригийн нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус хорооны даргаар Сономцэрэнгийн Мэндсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулсан юм. С.Мэндсайханы мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагыг харгалзан энэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа тэрбээр хэллээ.

Мөн энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндэсний статистикийн хорооны даргыг улираан томилох тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ.

Мөн үүнтэй холбогдуулаад гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

"Би С.Мэндсайханыг дэмжиж байгаа. Тэр статистикийн хороон даргаар ажиллаж байх хугацаандаа бол үнэхээр ямар нэгэн улстөрийн утга агуулга бүхий мэдээлэл  өгч байгаагүй гэдгийг нотолно. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд эдийн засгийн байнгын хороон даргаар ажиллаж байхдаа Үндэсний статистикийн хороон дээр очиж ажил байдалтай танилцаж байсан. Ямар ч мэдээллийг статистикийн хуулийн дагуу гардаг бүх мэдээллийг баталгаатайгаар авах боломж бүрдсэн Дэлхийн хэмжээнд хүрсэн байгууллага"

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

"Надад С.Мэндсайханд хэлэх үг, асуулт байна. Статистикийн газар бол Монгол улсын малыг маш сайхан тоолчихдог. Үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх байх. Нөгөө нэг сайшаах зүйл бол энэ хороо гишүүдэд мессежээр болон товхимолоор тайлангаа байнга ирүүлдэг нь зөв зүйтэй байна. Нэг зүйл байгаа нь ирүүлж байгаа тоон дотор ярих зүйл байна.  Ер нь энэ тоо хэр үндэслэлтэй байдаг вэ..."

УИХ-ын гишүүн Д.Ганбат

"Би Мэндсайхан даргын мэднэ. Тэнд очоод гайгүй ажиллаж байна уу гэж харж байна. Үүнийг юугаар тодрох вэ гэхээр саяхан гурван сая дах иргэн тодорлоо. Болохоос нь өмнө юу болох бол гэж бодож байлаа. Нөгөө саятангуудыг чинь дагаад мөнгө, байр гээд бөөн юм болох байх гэж бодож байтал үүнд Статистикийн газар маш зөв ажилласан. Би хүнээ тоолохдоо гайгүй болчихлоо секундээр нь гаргаад байна. Харин малын тоо ямар байна вэ...."

Ингээд Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улируулан томилох тухай Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний 42 нь буюу 91.3 хувь нь дэмжлээ.