АТГ-ын дэд дарга томилогдлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж нар
2015.02.12

АТГ-ын дэд дарга томилогдлоо

Лхагва гаригийн УИХ-ын чуулганаар  Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжсэн юм.

Тус газрын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой гэсэн хуулийн заалттай.

Нэр дэвшигч Ц.Нямдорж нь 1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт Гүйцэтгэх ажлын хэлтсийн 1 дүгээр тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Авлигатай тэмцэх газартай холбогдолтой санал шахуу юм. Хариулах зүйл байвал хариулаарай. Жилийн өмнө АТГ-аас асуудал орж ирээд хуулинд өөрчлөлт хийгээд өөрөө энэ чиглэлд ер ямар ажил хийх вэ гэдгийг хэлээд байна. Прокурорын мөрдөнгийн асуудлыг авлигатай тэмцэх газар хуулиа зөрчөөд оруулаад ирсэн. Прокурор бол үндсэн хууль байдаггүй байгууллага. Прокурорын хэрэг дардаг асуудалтай нилээд хатуухан явахын болов уу гэж бодоод, бас илт хэрэг дарсан асуудлууд иргэд санал ирүүлсэн учраас асуудал тавьсан чинь чих дүлий юм шиг таг байгаа байхгүй юу.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

АТГ бол соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах хоёр эрхтэй байгууллага. Та бол яг мөрдөн байцаах үйл ажиллагааг хариуцсан дэд даргаар томилогдож байгаа юм байна. Үүнтэй холбоотой асуудал нэлээд гарч байна. Дөнгөж саяхан худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүхэн авдаг хүнд суртлын судалгаагаар хууль хяналтын байгууллага, тэр тусмаа АТГ-ын шалгадаг хянадаг, мөрддөг дарамт хэрээс хэтэрлээ гэж манай бизнес эрхлэгч нар хариулсан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Ц.Нямдорж хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн, тухайн байгууллагуудад ажиллаж байсан. Ялангуяа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд зөвлөхөөр ажиллаж байсан, нэлээд туршлагатай хүн байна. Гэхдээ Авлигатай тэмцэх газар бол анх байгуулагдахдаа нэлээн соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг бол өргөн далайцтай хийх гэж оролдож байсан. Гэтэл сүүлийн жилүүлэд уг ажил онц явагдахаа болилоо. Улс төрийн эрх мэдэлтэнгүүдийн дохио зангаар хөдөлдөг байгууллага болсон гэдэгт би санал нэг байдаг.

 

Эцэст нь Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний нь 41 буюу 80.4 хувь нь Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилохыг дэмжлээ.