Содбаатар.Я 2015.02.12 | Сайт: Info.mn

Я.Содбаатар: Хамтарсныхаа үр дүнг гаргах хэрэгтэй байна

Я.Содбаатар: Хамтарсныхаа үр дүнг гаргах хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Тэрбээр занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналыг ерөнхий сайдад хүргүүлэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотойгоор 17 тэрбум төгрөгийн талаар ярьж байна. Энэ асуудлаар танай намын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагагүй гэж үзсэн. Харин хувь гишүүний хувьд та хэрхэн харж байгаа вэ. Тогтоол өргөн барьсан гишүүдийн тайлбарлаж байгаа шиг сайдыг огцруулах үндэслэл мөн үү?

Засгийн газрын аль нэг гишүүнтэй холбоотой асуудлыг хөндөж тавихдаа хариуцлагатай хандах ёстой. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан санал үнэхээр хууль эрх зүйн үндэслэлтэй юм уу, яриад байгаа асуудал нь тэр Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал мөн эсэх талаар эхэлж дүгнэлт гаргах ёстой. Үүний дараагаар үнэхээр хууль зөрчсөн байвал бид хариуцлага ярих учиртай. Харин эсрэгээрээ хууль зөрчөөгүй байвал огцруулах тогтоол өргөн барьсан хүмүүс уучлалт гуйх хэрэгтэй. 

-Өмнө нь ч гэсэн гаднаас өндөр өртгөөр заавар, зөвлөгөө авсан тухай ярьж л байсан. Ер нь эдийн засаг хүндрэлтэй байна, гаднаас ирэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэж ярьж байгаа үед хэн нь ч гарын үсэг зурсан гадаадын хүмүүст хамаг байдгаа тоочоод дээрээс нь өндөр өртөгөөр зөвлөгөө авах нь хэр оновчтой алхам юм бэ? 

Энэ удаагийн асуудалд хэрхэн хандаж байгаа талаар надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ Монголын төр олон улсын гэрээ хэлцэл, хөрөнгө оруулагчидтай, олон улсын төвшинд ярилцаж, гэрээ хэлцэл хийе гэвэл мэргэшсэн шинжээч, хуулийн фермийн санал дүгнэлтийг авч, хамтарч ажиллах ёстой. Оюутолгой, Тавантолгой дээр ч тэр. Мөн эдийн засгийн болон бусад гэрээ хэлэлцээр дээр бид олон улсын зөвлөх авч ажиллах нь зүйтэй гэж би үздэг. 

-Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байна. Энэ төлөвлөгөөг батлаад хэрэгжүүлээд явах боломж хэр харагдаж байна. АН-ынхан дэмжихгүй, өмнөх хөтөлбөрүүдээ үргэлжлүүлье гэдэг шийдвэр гаргасан учраас асууж байна л даа?

Засгийн газар эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг оруулж ирсэн. Энэ дагуу УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байна. Манай намын бүлгээс Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, холбогдох эрдэмтэн судлаачдыг оролцуулж, эдийн засгийн гол чиглэлүүдээр төлөвлөгөө боловсруулсан.

Тухайлбал, төсвийн хүрээ болон мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлт, бодит секторыг дэмжих чиглэлээр болон бусад зээл тусламжийн бодлого гэх мэтийг тухайлан авч үзээд эдийн засгийн хямрал хүндрэлээс гарахын тулд 50 гаруй чиглэл арга хэмжээг ойрын үед зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой. Ингэхгүй л бол Монголын эдийн засаг, жолоодлогогүй болж, ангал руу нисч байна. Энэ уналтыг зогсоохын тулд эхний ээлжинд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна гэдэг саналаа Засгийн газарт хүргүүлсэн.

Энэ саналуудыг Засгийн газраас Эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөө гэж УИХ-д оруулж ирсэн. Ингэхдээ манай намын бүлгээс гаргасан саналуудын нэлээд хэсгийг тусгасан байна лээ. Мөн зарим саналыг хэлэлцүүлгийн явцад нэмж оруулах боломжтой гэж бид үзсэн.

Тийм учраас Засгийн газраас өргөн барьсан энэ төлөвлөгөөг хэлэлцээд хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Одоогоор Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэх нь зүйтэй гэдэгт олонхи гишүүн санал нэгдэж, дэмжсэн. Тиймээс энэ төлөвлөгөөг удахгүй батлаад хэрэгжүүлээд явах байх. 

-Эдийн засгийн хямрал манай улсад анх удаа нүүрлээгүй. Тэгээд ч намууд нэг зүгт харж хамтарсан болохоор энэ хямралаас удахгүй гарна гэсэн хүлээлт нийгэмд байгаа байх? 

Ер нь 2008, 2009 оны дэлхий нийтийг хамарсан санхүүгийн том хямралыг Монгол Улс хамгийн хохирол багатайгаар даван туулж чадсан. Үүнийг олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид ч хэлж байсан.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр УИХ дээр цаг алдалгүйгээр Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг оруулж ирж батлуулж байсан удаатай. Үүний дагуу тэр төлөвлөгөөг ягштал хэрэгжүүлсний дүнд, мөн тэр үеийн намуудын хичээл зүтгэлээр хямралыг хохирол багатайгаар даван туулж чадсан байдаг.

Өнөөдөр ч гэсэн ард иргэдийн амьдрал хэцүүдэж байгаа, валютын ханшийн уналт, бусад дотогшлох урсгал тасалдаж, төлбөрийн тэнцлийн алдагдал болж байгаа зэрэг эдийн засгийн энэ бодит хямралыг дүгнээд парламентад суудалтай намууд нэгдэж, засаг байгуулсан.

Ерөөсөө л бид ганцхан зорилго тавьж нэгдсэн. Энэ хямралыг зогсооё, чадвал цаашид өсөлт гаргая л гэж зорьсон. Тэгэхээр Засгийн газарт орсон энэ үндсэн зорилгоо биелүүлэхийн тулд парламентад суудалтай бүх улс төрийн хүчин бүх боломжоороо зүтгэж ажиллах ёстой. Ингэж байж бид энэ хямралыг даван туулна. Хэрвээ ингэж нэгдэхгүй бол эдийн засаг үүнээс илүү хүндэрнэ.

Тэр цагт Монголын ард түмэнд нөхөж баршгүй цаг хугацааны болон эдийн засгийн хохирол учирна. МАН, АН, эвсэл байна уу хамаагүй тэр цагт хохирол мөн л адил амсана. Тийм учраас монгол хүн бүрийн толгойн дээр ирэх энэ хар үүлийг зогсоож, бороо асгаруулахгүйн тулд бид хамтдаа зүтгэх ёстой. 

-АН-ынхан бол “Өмнөх Засгийн газрын үед баталсан бэлэн хөтөлбөр байгаа. Тиймээс “ЭЗЭН 100”-гаа үргэлжлүүлээд явъя” гэж байгаа. Харин энэ хөтөлбөрөөс цааш нь үргэлжүүлээд явчих хэмжээний боломжтой заалт хэр олон байгаа юм бэ? 

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед УИХ-аас эдийн засгийн хямрал болж байна, үүнийг даван туулъя гэдэг үүднээс эдийн засгийн тогтоол шийдвэрүүд гаргасан. Харин энэ тогтоол шийдвэрийн хэрэгжилт үндсэндээ 20 хувьтай л явдаг. Тэгэхээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгч гаргасан тэр тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эхний ээлжинд хангах ёстой.

Харин парламентад суудалтай намууд хамтарсан байгаа үед хоорондоо уялдаатай цогц бодлогын хөтөлбөрийг баталж өгөх нь УИХ- аас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд ихээхэн дэм болно гэж харж байгаа. Энэ утгаараа эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг цаг алдалгүй баталж хэрэгжүүлэх ёстой. 

-Намрын чуулган завсарлах гэж байна. Энэ удаагийн чуулганыг та хэрхэн дүгнэх вэ? 

УИХ-ын энэ удаагийн намрын чуулган нэлээд ачаалалтай болж өнгөрч байна. Улс төрийн тэмцэл, талцалтай, сандал ширээ ярьсан. Засгийн газар огцорсон гээд улс төрийн хүрээнд нэлээд бужигнаантай чуулган боллоо. Гэхдээ эцсийн дүндээ парламентын төвшинд улс төрийн намууд зөвшилцөлд хүрсэн. Монгол Улсын нийгэм эдийн засгийн гол гол тоо баримтуудаа нэгтгэх гэж оролдлого хийсэн. Эдийн засгийн хямралыг зөвөөр оношилж, цааш хамтдаа даван туулах оролдлого гаргасан. Ерөнхийдөө зөвшилцөл, хамтын ажиллагааны эхийг тавьсан чуулган гэж би дүгнэнэ. Нэг үгээр бол, намрын чуулганы төгсгөлийг харвал чамлахааргүй үр дүнтэй чуулган боллоо гэж харж болохоор байна. 

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналыг та Засгийн газарт хүргүүлж байна. Энэ ойг тэмдэглэхэд хэчнээн төгрөгийн зардал гарахаар байгаа вэ. Гадагшаа явж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэх мэт арга хэмжээ төлөвлөж байгаа гэхээр багагүй зардал гарах байх? 

Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ. Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт санал хүргүүллээ.

Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт анх удаа даншиг наадам зохион байгуулж байсан удаатай. Мөн 2005 онд Засгийн газрын 92 дугаар тогтоол гарган түүний мэндэлсний 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй.

Тиймээс өмнөх уламжлалын дагуу ойг зохион байгуулах комиссыг Засгийн газраас байгуулан Занабазарын үйл хэргийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтын эмхэтгэл гаргах зэргээр архивын баримтад түшиглэн түүхэн бодит үнэнийг танин мэдүүлэх, сурталчлан түгээх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний тэгш ойг тохиолдуулан Унгар улсад эрдэм шинжилгээний бага хурал болох юм. Ямар ч байсан Засгийн газраас комисс гарна.

Эндээс ямар арга хэмжээг зохион байгуулах, цаашлаад алийг нь олон нийтийн хандив тусламжаар хийх юм, алийг нь улсын болон орон нутгийн төсвөөс гаргах вэ гэдгийг шийдвэрлэнэ. Одоогоос арван жилийн өмнө 2005 онд Засгийн газраас шийдвэр гаргаж, 370 жилийн ойг зохион байгуулахад 50 сая төргөг гаргаж байсан. Ер нь тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж, судлах ажил байгаа. Тийм учраас Засгийн газраас энэ бүхнийг тооцож үзээд шийдвэрээ гаргах байх. 

-Ойрын өдрүүдэд түүхэн хүмүүсийн мэндэлсний ой дараалан тохиож байна. Тухайлбал, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Өндөр гэгээн Занабазар гэх мэтчилэн. Уг нь түүхэн хүмүүсийн мэндэлсний ой гэхээр Монгол Улсын өнгөрсөн үеийн түүх байлтай. Гэтэл тэмдэглэлт ой болохоор МАН-ын зүгээс л ямар нэгэн байдлаар арга хэмжээ зохион байгуулах юм. Түүхийн холбогдолтой арга хэмжээг хамтраад зохион байгуулж болдоггүй юм уу. Энэ ямар учир байна аа? 

Ямар ч хүн түүхээ мэддэг байх ёстой. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг. Энэ үүднээс хэрвээ өнөөдрийн ажлаа зөв шийдэж, ирээдүйг бүтээе гэвэл өнгөрсөн үеэ судалж, дүгнэлт хийж байх ёстой. Тийм учраас өнгөрсөн үеийн түүхэн хүн болон түүхэн үйл явдалд бид томоохон анализ хийж, зөв өнцгөөс, зөв баримттайгаар асуудалд хандах учиртай. Гэтэл сүүлийн үед түүхийг гуйвуулж, бүрхэгдүүлэх, түүхэн биет хүмүүсийг хооронд нь жишиж, сөргөлдүүлэх, түүхэн баримтыг мушгих хандлага байгаа. Үүнд зөвхөн монголын төдийгүй гадны гар хөл ч гэсэн оролцож байхыг үгүйсгэх аргагүй. Монголчууд бид баялаг түүхтэй, цөөхөн ард түмэн. Энэ утгаараа бид түүхийн архивын баримтад тулгуурлаж, олон түмэнд зөвөөр таниулан сурталчлах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Ингэхдээ ямар нэгэн үзэл, нам эвслийн харьяалал, хувь хүний үзэлгүйгээр хандах ёстой.