Баянголчууд гурван сая дахь  Иргэнээ алдаршуулав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.02.12

Баянголчууд гурван сая дахь Иргэнээ алдаршуулав

Гурван сая дахь иргэдээ алдаршууллаа

Монголчууд өнгөрсөн сарын 24-нд гурван сая болсон. Аймаг, дүүрэг тус бүрээс гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нэг хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулан алдаршуулж, 70 сая төгрөгийн урамшуулал, тэтгэмж олгох эрхийг Монгол Улсын Засгийн газраас аймаг, дүүргийн Засаг дарга, ИТХ-д олгосон.

Тиймээс гурван сая дахь иргэн төрсөн аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэдээ алдаршуулаад байгаа билээ. Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй чацуу төрсөн Баянгол дүүргийн найман хүүхэд болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх, нийтэд алдаршуулах ёслолын арга хэмжээ өчигдөр болсон юм.

Тус арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон түүний орлогч, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга зэрэг холбогдох албаны хүмүүсээс гадна гурав болон хоёр сая дахь иргэн тэдний гэр бүлийнхэн оролцов. Гурван сая дахь иргэнтэй үе чацуутан тус дүүргийн I хорооны иргэн З.Нандинзаяа, III хорооны иргэн Т.Тодбилгүүн, VIII хорооны иргэн Б.Ариунхүслэн, VII хорооны иргэн А.Хишигбуян, XX хорооны иргэн Н.Анунгоо, X хорооны иргэн Б.Амарбаясгалан, XXV хорооны иргэн Н.Ган-Од нарын эцэг эхийн төлөөлөлд хүүхдийнх нь төрсний гэрчилгээ, батламж, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулсан юм.

Харин гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутан Баянгол дүүргийн X хорооны иргэн Энхтөрийн Дөлгөөнд төрсний гэрчилгээ, 70 сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө. Үүнээс гадна аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнуудад өөрийн нэрэмжит гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэр Э.Дөлгөөний ээж Ц.Номинсүрэн “Нэгдүгээр сарын 24-ний өдөр зургаан цаг 20 минутад 3200 гр охинтой болсон. Дөлгөөн маань бидний хоёр дахь хүүхэд. Гурван сая дахь иргэний чацуутнаар тодорсноо мэдэж байсан. Гэхдээ хамгийн ойр төрсөн чацуутан гэдгийг мэдээгүй. Өнөөдөр сонсож бас гайхах, баярлах хоёр зэрэгцэж байна. Сэтгэл өндөр, Сайхан байна. Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож өсгөнө” гэв.