Даваасүрэн.Ц Энх-Амгалан.Л Эрдэнэбат.Ж 2015.02.14 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнд орж тооцогдоно

Аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнд орж тооцогдоно
УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэв.

УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Засгийн газраас өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, аймаг, нийслэлийн өр, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр Засгийн газрын өрөнд орж тооцогдох уу хэмээн лавласан. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнд орж тооцогдох юм байна. Харин төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй ажээ.

УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн: Өрийн удирдлагын хууль анх орж ирэхэд ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг хаана байна, ямар үр дүнтэй ажиллав гэдгийг тодруулмаар байна. Засгийн газар ДНБ-ий20 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгаа гаргах нь тухайн аж ахуйн нэгжийн чанаргүй зээлийг өөртөө татсанаас ялгаагүй хэрэг. Хуулийн гол зорилго нь зээл төлөх схемээ гаргаж, нарийн төлөвлөх явдал.

Бондын өрөө төлөхийн тулд зээлийн эрсдэлийн сан байгуулмаар байна. Өрийн шалгуур үзүүлэлтээ гаргасан байх ёстой. Нэг жилийн дотор төсвийн орлого бүрдүүлээд төлнө гэж байхгүй. Засгийн газар олон улсын валютын сантай хэлэлцээр хийх гэж байна уу. Хувийн хэвшлийн баталгааг 20 хувь байхаар салгаж байгаа нь маш ноцтой зүйл. Төр засгаа бид хэтэрхий их бизнесийн бодлого руу хандуулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариуллаа.

Энэ хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад адилхан үйлчилдэг байх ёстой. Уул уурхайн салбарын хувьд хайгуулаар тогтоосон баялагтай. Тэгэхээр баталгаа нь тодорхой болж байна гэсэн үг. Засгийн газраас гаргасан баталгаагаа 100 хувь эрсдэл гэж үзэхгүй байна. Засгийн газрын баталгаагаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр хяналт тавих механизмыг хуульд тусгаж өгсөн.

Төслийн нийт төсөвт өртгийн 85 хүртэл хувьд баталгаа гаргаж болно гэсэн хязгаар тавьж байгаа. Хөгжлийн банкин дээр 100 хувь баталгаа гаргаад явна. Засгийн газрын баталгаагаа эрсдлээс хамгаалахын тулд баталгааны эрсдлийн сан байгуулж байгаа. Манай бизнес эрхлэгчид гадаадын компанид хандахад тэдэнд тодорхой итгэл үзүүлэхэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын гаргасан баталгаа ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байна. Цаашид дээд хязгаар нь 20 хувьтай байхаар хуульчлах юм бол Засгийн газарт найман хувийн баталгаа гаргах боломж үлдэж байна.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ.

Грек улс өрийн дарамтад орчихсон нь өрийнхөө тодорхойлолтоос болсон юм уу гэж би хувьдаа харж байгаа. Засгийн газрын өрөнд юуг оруулах юм. Улсын өмчит үйлдвэрийн газруудын өрийг Засгийн газрын өрийн хязгаарт оруулахгүй байгаа. Тэгэхээр цаашдаа үүнд тодорхой хяналт байх ёстой. Дүрмийнхээ сангаар хариуцаад явна гэдэг жаахан өрөөсгөл байна. Юунд зарцуулахаар зээл авч байгаа, үр өгөөж нь юу вэ гэдэгт тодорхой хяналт байх хэрэгтэй.

ТӨХ-ны мэдээлэлд манай төрийн өмчийн балансын үнэлгээ нь үндсэндээ 18 их наяд төгрөг гэж байна. Улсын өмчит газруудын тавьсан өр үүний10 хувьтай тэнцэж байгаа. Хувийн компаниудад баталгаа гаргах асуудал ярьж байна. Бусад оронд зээлийн санхүүжилт гаргадаг банкууд байдаг. Тэгэхээр манайд экспорт, импортын зээлийг дэмжсэн банк байгуулах хэрэгтэй. Монголбанк ямар тохиолдолд өр үүсгэх эрхтэй вэ. Зохицуулалтыг нь тодорхой хэлж өгөөч. Энэ хуулийг хэлэлцэх явцад өрийн нэр томъёогоо нэгтгэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүд өрийн шалгуур үзүүлэлтийг яаж авч үзсэн, өрийн дарамтыг хэрхэн ойлгох, өр төлөх систем, Засгийн газрын баталгаа гаргах ямар зохицуулалтууд байгаа, хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаж буй эсэх, Засгийн газрын гаргасан баталгааний хэмжээний талаар Сангийн сайдаас асууж тодруулсан.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариулснаар, Засгийн газрын өрийн хэмжээнд Засгийн газрын 2.8 их наяд төгрөгийн баталгаа багтаж байгаа аж. Гэхдээ хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаагүй бөгөөд дээрх баталгаа төрийн өмчит компаниудад л хамаатай юм байна.

Засгийн газрын баталгааг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд одоогийн байдлаар Засгийн газрын баталгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байгаа ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.