Дахин төлөвлөлтөд анхааралтай хандахыг С.Эрдэнэ сонгогчдодоо сануулав
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ иргэдэд анхаарууллаа.
2015.02.16

Дахин төлөвлөлтөд анхааралтай хандахыг С.Эрдэнэ сонгогчдодоо сануулав

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, тус дүүргийн удирдлага өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэддээ тайлагнах уулзалтыг өнгөрсөн сарын 29-нөөс хороо бүрт зохион байгуулснаар өнгөрсөн бямба гаригт дууслаа.

Тэд дүүргийнхээ 23 хорооны иргэдтэй уулзаж, 2013- 2014 онд хийсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан аж.

Баянгол дүүрэгт багагүй бүтээн байгуулалт хийгджээ. Иргэд ч үр шимийг нь хүртэж байгаа тухайгаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Иргэдийн хамгийн их ярьж байсан асуудал нь газар өмчлөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай байлаа. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд нухацтай хандах хэрэгтэйг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ иргэдэд анхаарууллаа.

Тэрбээр “Баянгол дүүргийн зургаан хорооны гэр хорооллыг дахин төлөвлөж байгаа. Зарим компанийнхан хүний хувийн өмчийн газрыг суллуулах гэж буйгаа ойлгохгүй, нийслэлээс авч байгаа юм шиг аашилсан тохиолдол ч байна.

Та бүхэн дахин төлөвлөлтөд хамрагдахдаа судалж, баталгаатай эсэхийг нь нягтлах хэрэгтэй. Дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа бол дүүргийн оролцоотой, гурвалсан гэрээ байгуулах хэрэгтэй шүү. Энэ ажлыг хийж буй зарим компани иргэдийг мэхэлж хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд ч гарсан. Тиймээс заавал гурвалсан гэрээ байгуулаарай” хэмээн анхааруулсан юм.

Гишүүд өмнө нь дүүргийнхээ зарим хорооны иргэдтэй уулзахад гудамж талбай харанхуй, гэмт хэрэг их, ажил олдохгүй байна, эмнэлгийн үйлчилгээ муу, газар өмчлөх зэрэг санал гомдол хэлдэг байсан бол энэ удаа арай өөр зүйл ярьж байгаа нь ажиглагдав.