Даваасүрэн.Ц 2015.02.17

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.02.17/ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хууль баталж, бүх нийтээр дагаж мөрдөөд даруй 22 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд уг хуулийн нийт 7 зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Үндсэн хуулийн 29.1 заалтад орсон “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлт нь төрийн хяналт, хариуцлагыг сулруулж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоорондын зааг, ялгаа, зарчмыг алдагдуулахад хүрсэн гэх шүүмжлэл дагуулах болсон.

Энэхүү заалтыг дагаж мөрдсөнөөр улс орны өмнө тулгарч буй төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоо алдагдсан өнөөгийн байдлыг бүрэн засаж чадахгүй нь тодорхой байгаа тул Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлалыг сэргээх зорилгоор энэхүү төслийг боловсрууллаа гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.