Бат-Эрдэнэ.Б Болорчулуун.Х 2015.02.18 | Телевиз: Парламентын суваг

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы 2 сарын 17-ны өдрийн чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ улс орны эрх шиг, эдийн засагтай холбоотой энэ төслийг бүлэг дээрээ ярилцаад нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр завсарлага авах хүсэлт гаргаж, ажлын 5 хоногийн завсарлага авсан юм.

Завсарлагын үр дүнгийн талаар тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлагын хугацаанд ажлын хэсэг гаргаж бүлэг дээрээ ярилцсан гээд нэгэнт хуулийн дагуу авсан завсарлагын хугацаа дууссан учраас хэлэлцээд явъя гэдгээ хэлсэн юм.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, Г.Уянга нар төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ яаран сандран хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буйгаа хэлэв.

Үүний дараа Байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 29 нь буюу 52.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

"Энэ хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад асуулт асууж байр сууриа илэрхийлж байсан. Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа уг заалтаар бол стратегийн холбогдолгүй ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, хувь хэмжээ тогтоох өөрчлөлт оруулмаар байна. Бид уг нь 2006 оны ашигт малтмалын тухай хуулиар бол ард түмний өмч байх ёстой байгалийн баялгаа төрийн зүгээс баталгаажуулах хувь хэмжээг оруулсан. Гэхдээ үүнийг дараа нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа өөрчилсөн учраас анхны хувилбараас бол үзэл баримтлалын хувьд өөр болсон учраас миний хувьд уг дэмжихгүй"

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

"Би дэмжинэ. Гэхдээ чуулганы завсарлагаанаар ард иргэдээс асуугаад дэмжих хэрэгтэй байх. Сая гишүүд хэлэхдээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг татвараар сольж болохгүй. Энэ бол үндсэн хууль зөрчсөн асуудал. Гэхдээ энэ бол зөвхөн гацууртын ордоор хязгаарлагдахгүй. Цаашид Оюутолгойд ч нөлөөлнө"