Монголчууд өөр болжээ
Цагаан сараар
2015.02.25

Монголчууд өөр болжээ

XVII жарны модон хонин жил айлсан ирсэн өдрүүдэд монгол түмэн сэтгэл санаа өөдрөг сайхан байлаа.

Жил жилийн сар шинийн баяраар сайхан үг хэлэлцэн, идээ шүүсээрээ ирсэн гийчнээ дайлдаг монгол ёсон юутай сайхан. Сар шинийн баяр бүхэн сайхан ч энэ жил онцолмоор олон сайхан зүйлийг анзаарлаа. Уншигч та ч бас анзаарсан байх.

Монголчууд архин далайд живэх шахсан он жил саяхан.  Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш анзаарч мэдээд "Айргаа их ууж, архиа бага уугаарай" гэж хэлэх хүртэл  нь бид архи хэтрүүлэн хэрэглэж байж. Харин одоо монголчууд өөр болжээ. Сар шинийн 1-нд архи ууж, уйлсан дуулсан хүмүүс гудамжаар олон байдаг байж билээ. Харин энэ өдрүүдэд архи ууж, хөлчүүрсэн хүнтэй таарсангүй. Аль сайхан үгээ хэлэлцэн, бие биедээ аз жаргал хүсэх монголчууд сайхан шинэллээ. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.

Нийслэлийн бараг айл бүхэн хөл дүүжлэх унаатай болсон. Энэ нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа хотын авто замын ачааллыг хэд дахин нэмж, бөөн уур бухимдал үүсгэдэг. Сар шинийн өдөр настантай золгох гэж хэдэн цагаар түгжирч үгээ бардаг байж билээ. Харин сар шинийн өдрүүдэд үнэхээр өөр орчин биднийг угтсан.  Тэр дундаа Яармагийн зам яаж түжирдэг байсныг нийслэлчүүд андахгүй. Харин одоо сүнгэнэлдэн давхих жолооч нар түгжрэл гэж санаа зовох зүйлгүй болж, харин анхаарал болгоомжоо сайжруулах хэрэгтэй болж.

Яармагийн зам

Энэ өдрүүдэд Дарь эхийн орчмоос өөр түгжирсэн зам бараг үгүй болов уу. Хотын дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн авто замыг сайжруулж, засаж өргөтгөхөд сэтгэл зүтгэлээ гарган ажилласан бүх хүмүүс, "Гудамж" төслийнхөнд талархал илэрхийлье.

2010 онд ингэж түгжирдэг байв

Шинийн 1-ний өдөр замын ачаалал ийм байлаа

Монгол хүнийг дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сар шинэ, наадмаар монголчууд дээлтэй монголчууд гэдгээ жинхэнэ утгаар нь харуулдаг болсон. Үндэсний хувцсаараа гоёж, үр хүүхдээ ижилсүүлсэн монголчуудыг харсан хүний  сэтгэл сэргэж, бахархаж бахдамаар байлаа.

Сар шинийн өдрүүдэд хүчний байгууллагынхан бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Тэр дундаа хурандаа Ч.Жаргалсайхан даргатай Хотын замын цагдаагийнхныг онцлон баяр хүргэх ёстой.

Хүйтнийг үл ажран хамгийн ачаалалтай, түгжирч болзошгүй газруудад хүч нэмэн ажилласнаар нийслэлчүүд хүссэн газраа саадгүй хүрсэн. Шуурхай удирдлагын төвд дуудлага хуруу дарам цөөн ирж, амар тайван байсныг дуулгалаа. Юутай сайхан.

Өөрчлөлт шинэчлэл хүрээгээ тэлж, монголчуудын цог хийморь өөдрөг байх болтугай.