“ITB Berlin 2015” үзэсгэлэн ирэх гурван сард болно
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.02.25

“ITB Berlin 2015” үзэсгэлэн ирэх гурван сард болно

ХБНГУ-ын Берлин хотод ирэх гуравдугаар сарын 2-11 өдрүүдэд болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд манай улс анх удаа түнш орноор оролцохоор болсон талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон үзэсгэлэнд оролцох ажлыг зохион байгуулсан ажлын хэсэг мэдээлэл хийлээ. 

Жил бүрийн гуравдугаар сард болдог тус үзэсгэлэнд ганц л улс түнш орноор оролцдог аж.  

“ITB Berlin 2015” үзэсгэлэнг 170,000 хүн үзэж сонирхон, дэлхийн 190 орны 10,000 гаруй жуулчлалын салбарын байгууллага оролцох юм байна. Монгол Улс тус үзэсгэлэнд түнш орноор оролцох шийдвэр гарснаас хойш Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, бэлтгэл ажил хангагджээ. Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд ахалж байгаа бөгөөд БОНХАЖЯ, Гадаад хэргийн яам, “Аялал, жуулчлал-Ирээдүй” ТББ болон хувийн хэвшлийнхэн оролцож байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ITB Berlin” үзэсгэлэнг, нээж үг хэлэх аж

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ““ITB Berlin” үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор эх орноо дэлхий нийтэд сурталчлах, жуулчдыг татах онцгой боломж нээгдэнэ гэж үзэж байна. Орчин үеийн хөгжилтэй улс орнууд байгалийн баялагт бус үйлчилгээний салбарт илүү тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх бодлогыг баримталж байна.

Үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОНХАЖЯ, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, аялал, жуулчлал хувийн хэвшлийн 18 тур оператор компани оролцох бэлтгэлээ хангаад байна. Мөн Монгол Улсын соёлын элч, олимпын аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг зэрэг гадаадад эх орныхоо нэрийг гаргаж  яваа урлаг соёлын алдартнууд оролцоно.

“ITB Berlin” олон улсын үзэсгэлэнд оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын тоо 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа бий. Засгийн газар 2016 онд Монголд ирэх жуулчдын тоог нэг сая хүргэх зорилго тавьсан. Үзэсгэлэнгийн үеэр болон дараа нь бүтэн жилийн турш Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын талаарх мэдээллийг дамжуулан Европын холбооны 570 гаруй сая хэрэглэгчдэд хүргэнэ.