Д.Оюунхорол: “ITB Берлин-2015”  үзэсгэлэнд оролцсоноор 8000 хэвлэл мэдээллээр улсаа сурталчилна
БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.02.25

Д.Оюунхорол: “ITB Берлин-2015” үзэсгэлэнд оролцсоноор 8000 хэвлэл мэдээллээр улсаа сурталчилна

Ирэх сарын 3-8-ны хооронд болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаа гол түнш орноор оролцох бөгөөд гол түнш орны хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнд оролцож үг хэлэх аж. 

Мөн уг үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОНХАЖЯ, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, аялал, жуулчлал хувийн хэвшлийн 18 тур оператор компани оролцох бэлтгэлээ хангаад байгаа хэмээлээ. Монгол Улсын соёлын элч, олимпын аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг гэх мэт гадаадад эх орныхоо нэрийг гаргаж  яваа урлаг соёлын алдартнууд оролцоно мөн урилгаар оролцох юм байна.

БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол: “Энэ том үзэсгэлэнгийн гол түнш орноор оролцсоноор эх орноо дэлхий нийтэд сурталчлах, жуулчдын урсгалыг татах онцгой боломж нээгдэж байгаа юм. Орчин үеийн хөгжилтэй улс орнуудад байгалийн баялагт тулгуурласан салбарт биш, үйлчилгээний салбарт илүү тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж байна. Монгол Улсын төр засгийн зүгээс “Утаагүй үйлдвэрлэл”, “Үл үзэгдэгч экспорт” хэмээн нэрийддэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна.

Монголын эдийн засагт үйлчилгээний салбарын үүрэг ролийг нэмэгдүүлэхэд аялал жуулчлал ихээхэн боломж болох бөгөөд байгалийн баялагаас хэт хамааралтай байгаа эдийн засгийг солонгоруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бид үзэж байгаа. “ИТБ Берлин-2015” үзэсгэлэнд 190 орны 10.0 мянга гаруй аялал жуулчлалын байгууллагууд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 170.0 мянга гаруй төлөөлөл үзэх тооцоо байна.

Эдгээр өдрүүдэд бид Монголын аялал жуулчлалын хөгжпийн талаарх форум, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон семинарууд, хэвлэлийн бага хурлууд, адал явдалт аялал жуулчлал, хурал цуглаан, бизнес аяллын хэлэлцүүлэгт улсаа төлөөлөн оролцоно.
“Монгол - Язгуурын нүүдэлчин”, “Монгол - Байгалиас заясан нүүдэлчин”, “Монгол

-    Байгальд ойр нүүдэлчин” зэргээр орчуулагдаж болох “Mongolian-Nomadic by Nature” гэсэн нэгдсэн уриа үгийн дор “ИТБ Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна” хэмээсэн юм. 

Тус үзэсгэлэнд оролцсоноор Монгол Улс маш том сурталчилгаа болох бөгөөд  “ИТБ Берлин-2015” үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсоноор, 190 орны төлөөлөгчид оролцсон Олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн зах зээлд 100.0 мянган худалдан авагч, 8000 хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсаа сурталчилж, “Монгол Улс бол зайлшгүй зорин очих орнуудын нэг мөн” гэдгийг тунхаглах гэнэ. 

Үзэсгэлэнгийн үеэр болон дараа нь бүтэн жилийн турш Монголын талаарх мэдээлэл, сурталчилгааны баримтат киног хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжуулан дэлхийн 570 сая гаруй хэрэглэгчдэд хүргэнэ. Манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой.

ИТБ Берлинд түнш орноор оролцсон улс орнуудын туршлагаас харахад жуулчдын урсгал даруй 15-30 хувиар нэмэгддэг судалгаа байдаг аж. Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг хэрэгжүүлэхзд чухал хөшүүрэг болно.

2014 онд Монгол Улсад нийт 393.0 мянган жуулчин зорин ирж салбарын орлого 253.8 сая долларт хүрсэн нь ДНБ-ний 5.29 хувийг бүрдүүлжээ.

Аялал жуулчлалын салбар нь эдийн засгийн ач холбогдлоороо Монголын өрсөлдөх чадвартай салбаруудын нэг тул энэ салбараа хөгжүүлэх тодорхой төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байна. Байгальд ухаалгаар аялж, тухайн байгалийг хамгаалах, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр нутгийн оршин суугчдад нийгэм эдийн засгийн туслалцаа үзүүлэх зорилготой аялал жуулчлал, эко туризмыг монголдоо хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БОНХАЖЯ-аас “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар хэлэлцүүлж батлуулахад бэлэн болоод байгаа юм байна.

Мөн БОНХАЖЯ-аас аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын салбарын стандартыг шинэчлэн батлуулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа хэмээлээ.