Галсандорж.Д Галсандорж.Д 2015.02.26 | Сонин: Ардчилал

Д.Галсандорж: Нүүрсний зах зээл сэргэхэд багадаа гурван жил хэрэгтэй

Д.Галсандорж: Нүүрсний зах зээл сэргэхэд багадаа гурван жил хэрэгтэй
Монголын экспортлогчдын холбооны захирал Д.Галсандорж

Монголын экспортлогчдын холбооны захирал Д.Галсандоржоос ашигт малтмалын экспортын талаар тодрууллаа.

-Эдийн засаг хүндэрч улсад орж ирэх мөнгө сүүлийн хоёр жилд буурлаа. Тэгвэл манай улсын ашигт малтмалын экспорт ямар хэмжээнд байна гэж та дүгнэж байгаа вэ?

Өнгөрсөн онд ашигт малтмалын үнэ унасан ч уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспортын хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт өсч 1.2 сая тоннд хүрлээ. Мөн алт олборлолт өсч 30 гаруй тонн болсон. Энэ нь алт олборлохыг дэмжсэн хууль гарсантай холбоотой.

Бас газрын тосны экспорт нэг сая тонн гарсан. Нүүрсний үнэ унасан хэдий ч 19 сая тонныг экспортоллоо. Энэ жил нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ашигт малтмалын экспортын хэмжээг багаар төлөвлөсөн. Хэдийгээр ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдсэн ч үнэ ханшийн уналтаас шалтгаалж, улсын төсвийн орлого төдийлөн бүрдэхгүй байна.

Хятадын эрдэсийн бүтээгдэхүүний  хэрэглээ хэвийн ч үнэ нь өсөхгүй байдаг. Эдийн засгийн өсөлт саарсан, тулсын орлого муудсан өнөө үед нүүрс, төмрийн хүдрийн уурхайнууд, баяжуулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах ёстой.

Үүнээс гадна зардлыг нь бууруулах, технологийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих арга хэмжээ авах нь зүйтэй юм. Таван толгойн ордыг ашиглах гэрээ хэлцлийг сайн судалж зөв зүйтэй хийх  учиртай. Яагаад гэвэл энэ гэрээ хэлцэл манай улсын нүүрсний салбарыг урагш хөгжих, ухрах эсэхийг шийдчих гээд байна шүү дээ.

-Алт олборлолт нэмэгдсэн гэлээ. Тэгэхээр компаниуд олборлосон бүх алтаа төв банкинд тушааж байгаа юу?

Алтны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алт олборлогч компаниуд бүтээгдэхүүнээ шууд экспортолж болно. Мөн Монголбанкинд тушааж болох юм. Хэрэв олборлосон алтаа өөрсдөө экспортолбол нөөц ашигласны төлбөр таван хувиар төлнө. Монголбанкинд тушаавал энэ төлбөрийг 2.5 хувиар багасна. Ер нь, цаашдаа Оюу толгой, Гацуурт зэрэг томоохон ордоос олборлох алтыг Монголбанк худалдан авдаг болох ёстой.

-Ашигт малтмалын үнэ энэ онд ямар байх төсөөлөл гарч байна вэ?

Энэ онд зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс гээд ашигт малтмалын үнэ төдийлөн өсөхгүй гэсэн төсөөлөл гарсан. Ялангуяа дэлхийн зах зээл газрын тосны үнэ огцом буурлаа. Бид газрын тосны бүтээгдэхүүнээ гадаадаас авдаг тул импортод ашигтай тусч байна. Харин экспортын газрын тосны үнэ хямдарч ихээхэн хэмжээний алдагдал хүлээх болоод байгаа юм.

Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллараас 40 болж буурлаа. Тэгэхээр импорт, экспортын эдийн засгийн үр өгөөжийг сайтар судлах ёстой. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ийм үйлдвэртэй болно гэж олон жил ярьж байна. Уг нь ажил хэрэг болгох цаг нь болсон.

Зэсийн үнэ богино хугацаанд 5600 орчим ам.доллар байх төсөөлөл бий. Сүүлийн үед зэсийн олон уурхай ашиглалтад орж өрсөлдөөн нэмэгдлээ. Иймд үйлдвэрлэлийн зардлаа бууруулж өрсөлдөх чадвараа бэхжүүлэх нь чухал. Нүүрсний үнэ өсөх төсөөлөл гарахгүй байгаа. Шинжээчид нүүрсний зах зээл сэргэтэл наад зах нь гурван жил болно гэж буй юм.

-Манай улс ашигт малтмалын зарим ордоо ашиглах шаардлагагүй. Хэт олон уурхай нээгдлээ гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

Стратегийн ач холбогдолтой ордоо гадаад зах зээлийнэрэлт хэрэгцээтэй уялдуулж үе шаттай ашиглах ёстой гэж бодож байна. Нэг зэрэг нүүрс, зэсийн олон уурхай ашиглах нь зохимжгүй Үр хойч үедээ баялгаа бид чинь үлдээх учиртай юм. Жилд олборлох нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын хэмжээг төр тодорхой болгох ёстой. Тухайлбал, 2025 он хүртэл хэдий хэмжээний баялаг олборлохоо тооцон гаргах шаардлага бий.

Олон орд газраа бүгдийг нь ашиглана гэвэл байгаль орчин сүйднэ. Бас түүний ашиглах хөрөнгө оруулалт ч хомс. Иймд нөөц баялгаа үе шаттай, тодорхой бодлогоор ашиглах нь зүйтэй. Хамгиин гол нь, бүтээгдэхүүнии боловсруулалтыг сайжруулах шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг дэмжихийн тулд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх учиртай.