Б.Алтантуяа: Хариуцлага хүлээлгэх механизм байхгүйгээс хүний эрхийн зөрчил газар авч байна
Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2015.02.27

Б.Алтантуяа: Хариуцлага хүлээлгэх механизм байхгүйгээс хүний эрхийн зөрчил газар авч байна

Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

-“Эмнести интернэшнл”- ээс дэлхийн хүний эрхийн 2014 оны төлөв байдлын тайлан гаргасан байна. Тайланд Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлүүдийг тусгажээ. Гэмт хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүдэг, иргэдийг албадан нүүлгэж, бэлгийн чиг хандлагаар нь алагчилдаг зэргийг онцолсон байна. Хүний эрхийн зөрчлийг арилгах гарц нь юу вэ?

Аливаа хүний эрхийн зөрчил гарч байгаа суурь шалтгаан бол хүмүүс эрхээ мэдэхгүй байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр эрх баригчид, төрийн албан хаагч нар, тухайлбал, хууль сахиулагч.эмч, багш нар хүний эрхийн талаар мэдлэггүй байна. Дээрх зөрчлийг арилгах гарц нь Монгол Улс хүний эрхийн боловсролыг бүх нийтэд олгох үндэсний хөтөлбөртэй байж, тэрийгээ хэрэгжүүлэх тогтолцоотой болох шаардлагатай.

Социализмын үед хүний эрх гэдэг үндсэн ойлголт өгдөггүй байсан. Хэдийгээр 1990-ээд оны дундуур Монгол Улсад ерөнхий боловсролын хичээлийн программд хүний эрхийн тухай сургалт орж эхэлсэн боловч энэ нь чанартай, цогц сургалт болж чадахгүй байна.

Агуулга дутуу, эрээвэр хураавар олгож байна. Хүний эрхийн боловсролыг цогцоор нь биш зөвхөн хүний эрхийн тухай заагаад цаана нь хандлагаа өөрчлөх, эрхээ хамгаалах чадвар олгох тал дээ анхаарахгүй байна. Дээрээс нь их, дээд сургуулиудад хүний эрхийн тухай хичээл ордоггүй. Хууль зүйн зарим сургуульд орж байгаад сонгох хичээл болгочихсон. Улмаар их, дээд сургууль төгсөөд албан тушаалд очиж байгаа залуус ч тэр, дарга нар нь ч хүний эрхийг зөрчиж байна. Үүнээс болоод хүний эрх зөрчсөн тушаал журмууд гаргаж, энэ нь хүмүүст сөрөг үр дагавар авчирч байна.

-Хууль сахиулах хүчнийнхэн дүрэмт хувцастайгаа цомцойн сууж байгаад нотлогдоогүй хэргийн талаар мэдээлэл өгөх нь олонтаа үзэгдэх юм. Хэрэгт холбогдогчийг оюун санааны хувьд дарангуйлж буй энэ үзэгдэл хүний эрх зөрчиж байгаа хэлбэр биз дээ?

Энэ асуудалд “Эмнести Интернэшнл”-ээс Монгол Улсад анхааруулга өгсөн байгаа. Монгол Улс шударгаар шүүхийг уриалсан мэдэгдэлдээ “Энэ нь эрх баригчид, үүний дотор прокурор, цагдаа, төрийн албан тушаалтан буруутгагдаж байгаа аливаа этгээдийн гэм буруутай эсэх талаар өөрийн санаа бодлыг тусгасан мэдэгдлийг эрүүгийн шүүх ажиллагааны дүгнэлтээс өмнө хийх ёсгүй. Энэ бол гэм буруугүй байх зарчимтай нийцүүлэн шүүгдэж байгаа бүх хүнтэй хүнлэг харьцаж, нэр төрийг нь хүндэтгэхийг баталгаажуулах Монголын эрх баригчдын үүрэг юм” гэсэн байгаа л даа.

Аливаа хууль сахиулахын удирдлагууд, хүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй- байхад ямар нэгэн байдлаар мэдээлэл хийх нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Хүмүүс ямар эрх нь зөрчигдөөд байгаагаа мэддэггүйгээс гомдол гаргаж чаддаггүй. Тэд шударга шүүхээр шүүлгэх эрхээ ч мэдэхгүй байна шүү дээ. Харин шүүх болохоор өөрсдийгөө шударга шүүдэг гэдэг.

Шударгаар шүүх эрх бол зөвхөн шүүх шатандаа биш. Хүн ямар нэгэц гэмт хэрэгт холбогдлоо гэхэд тэр үеэс авахуулаад шүүхээр шийдвэрлэгдээд буцаад гэм буруутай нь тогтоогддог ч юм уу, хохирогчоор тогтоогдоод нөхөн олговор авах гээд шүүхийн дараахь эрх сэргээх бүх үйл ажиллагаа ордог.

Хичнээн шударгаар мөрдөн шалгаад шүүх дээр шударгаар ял оноолоо чшүүхийн шийдвэр биелүүлэх шатандаа эрх зөрчвөл, тухайлбал, хохирол барагдуулахгүй бол тухайн иргэний эрх зөрчигдсөөр байх болно. Хэрэв төр хохиролыг нь барагдуулахгүй бол энэ нь өөрөө шударгаар шүүлгэх эрх нь зөрчигдсөн хэвээр байх болно

-Манай улс бол ардчилсан орон. Тэр ч утгаараа олон улсын хүний эрхийн конвенциудад нэгдсэн. Гэтэл хүний эрх ноцтойгоор зөрчигдөх явдал газар авсаар байх юм. Төр ард түмнийхээ эрхийг дээдэлж, хамгаалж чадахгүй байгаа юм чинь конвенциудад элсээд үр дүн байна уу?

Энэ нийгэмд хариуцлагыг хүлээл гэдэггүй , ял завшуулдаг байдал газар авсан болохоор хүний эрхийг дагаж мөрдөх, гаргасан хууль тогтоомжоо, нэгдэж орсон конвенциудынхаа хэрэгжилтийг үгүйсгэж байгаа.

Улстөрчид хоёр нүүр гаргаад байгаагийн нэг хэлбэр юм. Гадаад талдаа шүүмжлүүлэх юм уу, хориг арга хэмжээ авахуулахаас эмээж, конвенцэд нэгдэж ороод байдаг. Буцаад үйлдлээрээ хууль тогтоомжоо зөрчөөд байж байна. Үүний тод жишээ бол Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай олон улсын конвенцын нэмэлт II протокольд нэгдэж орж байгаагаа улстөрчид эрүү шүүлттэй тэмцэнэ гэж тайлбарлаад байна.

Гэтэл нөгөө талаас УИХ-аас Эрүүгийн байцаан шийтгэх, эрүүгийн хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулаад прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгачихсан. Тэгэхээр аливаа хэргийг хараат бусаар хянах механизмгүй болчихоор хүмүүс гомдол гаргаж чадахгүй, айдастай байна. Гомдол гаргалаа гэхэд Хүний эрхийн үндэсний комисст хандаж байгаа.

Ингээд шүүх хурал уг гомдлыг хэлэлцээд нөхөн төлбөр олгох шийдвэр гарчихна. Гэтэл Шүүхийн шийдвэр биелүүлэх албанаас нөхөн төлбөрийг нь олгодоггүй. Хууль сахиулах байгууллагынхнаас тэр хэргээ буцаагаад татахгүй бол өөр хэргээр дахин татлаа шүү гэж айлгаж, сүрдүүлдэг. Энэ зөрчил өнөөдөр асар их байгаа. Хариуцлага хүлээлгэдэг механизм байхгүйгээс хүмүүс айгаад дуугарч чадахгүй, гомдлоо гаргаж чадахгүй байгаа юм. Дээрээс нь манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдэж орохдоо үүний 22 дугаар зүйлд тайлбар хийлгүй орсон. Монгол Улс хүний эрхийг зөрчиж байна гэвэл олон улсын механизмаар дамжуулаад гомдлоо гаргах эрхийг нь баталгаажуулаагүй. Тэгэхээр миний эрх зөрчигдлөө гэхэд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд гомдлоо гаргах эсэх нь эргэлзээтэй. Эрүүдэн шүүхийн эсрэг хороо нь ч бас гомдлыг нь авах уу, үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Тэгэхээр аливаа асуудал тодорхойгүй байна гэдэг бол цаанаа “но”-той.

Өнөөдөр Монгол Улсад хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа хүмүүстээ хариуцлага тооцох тогтолцоо хэрэгтэй. Энэ бол хоёр дахь гарц нь юм.

-Сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж цагдсан явдал манайд гарсан. Танай байгууллагын тайланд энэ талаар ямар санал зөвлөмжийг тусгасан бол?

Өнөөдөр мэдээлэл технологи асар хурдтай хөгжиж байна. Тэгэхээр аливаа мэдээлэл, асуудал хурдтай тархаж байна л даа. Хүмүүсийг энэ зөв үү, буруу юу гэдгийг бодож амжаагүй байхад үр дагавар нь үүсээд байгаа зүйл ажиглагдаад байна. Сошиал медиагаар энэ хүрээнд асуудлыг яаж хүлээж авах уу гэдэг соёлд хүмүүс суралцаагүй байна. Хязгаарлалт тогтоох асуудал хоёр талтай, маргаантай. “Эмнести Интернэшнл”- ээс гаргасан 2014 оны тайланд дэлхийн хямрал, мөргөлдөөнтэй байгаа газар нутгуудад янз бүрийн гарсан эсэргүүцэл тэмцэлд эрх баригчдаас авч байгаа хариу үйлдэл нь хүний эрхэд суурилаагүй, ичгүүргүй байгааг дурдсан. Тэдний энэ үйлдэл буцаад туйлшрах орчинг бүрдүүлж байна.

Ямар үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэхээ тооцохгүй бол буцаад нийгэмд хэт сөрөг хандлага, туйлширсан үзлүүдийг ихэд дэвэргэдэг. Тухайлбал, хүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө хорьж цагдаж болохгүй. Мэдээж, хүнийг ёс зүйгүй байдлаар хэл амаар доромжилсон бол түүнд хариуцлага хүлээлгэнэ. Г эхдээ шоронд хорих хэмжээнийх биш. Хүний эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлаж болно. Гэхдээ үүнийг хуулиар хязгаарлах ёстой. Харин хэн нэгэн дарга, эрх баригчдын субьектив санаагаар, тушаал, журмаар хязгаарлаж болохгүй. Хүний гаргасан буруутай үйлдэл зөрчилд хариу арга хэмжээ авахдаа тохирсон байхгүй бол эрх, эрх чөлөөг хэт хязгаарлах, ял шийтгэл хүндрүүлж олгох нь асуудлыг хурцатгадаг.

Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Мэдээлэл, олж, эрж хайх эрхтэй. Хүн болгон үзэл бодлоо илэрхийлэхдээ бусадтай хуран цуглаж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүнтэй холбоотойгоор өөрийнхөө үзэл бодлыг, оюуны өмчөө хамгаалах, өвлүүлэх эрхтэй. Энэ бүх эрхүүдийг хамгаалсан хууль эрх зүйн орчин шаардлагатай. Одоогийн манай хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд цаг үеэс үнэхээр хоцрогдсон.

-Төр дарангуйллаа хуульчлан тогтоож болоод байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хүн бүр уйгаржин бичиг сур, телевизээр үзэх нэвтрүүлгийн чинь тэн хагас нь монгол контент байх ёстой гэлээ. Энэ нь хүний эрх зөрчсөн явдал мөн үү?

Аливаа хууль тогтоомжийг гаргахдаа иргэдийн саналыг тусгаж, тэднийг оролцуулах нь хамгийн чухал. Иргэдийн оролцоогхязгаарлах нь эргээд дарангуйллыг бий болгодог.

-Манай улсаас орогнол хүсэгчдииг хүнии эрхиин ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад албадан буцаасан тухай “Эмнести Интернэшнл”-ийн өнгөрсөн жилийн тайланд дурджээ. Энэ тухай тодруулахгүй юу?

Өнгөрсөн оны тавдугаар сард Өвөр Монголын өөртөө засах орны орогнол хүссэн хоёр иргэнийг манай улс БНХАУ руу албадан буцаасан. Мэдээж, өөрийн нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн хүмүүсийг албадан буцаах асуудал Монгол Улсын бүрэн эрхийн асуудал байж болно. Гэхдээ НҮБ-аас дүрвэгсдийн орогнол хүсээд орогнолыг нь олгох тодорхой хугацаа өгсөн. Харин манай улс олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээн зөвшөөрсөн үүргээ умартаад тодорхойгүй шалтгаанаар албадан гаргаж байгаа нь хүний эрхийн зөрчил юм.

-Архангай аймагт хэрэгт холбогдсон гурван хүнийг хүнлэг бусаар, хэрцгийгээр эрүүдэн шүүсэн гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ асуудалд таны байр суурийг сонирхъё?

Архангай аймгийн цагдан хорих төвд хоригдож байхад нь хэрэг хүлээлгэхийн тулд цахилгаан бороохойгоор цохиулж, зодсон хэмээн гурван иргэн Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байдаг. Тэдний нэг мэдүүлэгтээ “Хэрэг хүлээлгэхийн тулд бидэнд хүч хэрэглэж, зургаа хрногхоолгүй хорьсон” гэсэн байдаг. Гэвч Архангай аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг мөрдөн шалгасан бөгөөд эрүүдэн шүүж, хэрцгий, хүнлэг бусаар харьцсан талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Цагдаа цагдаагаар мөрдөн шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгоно гэхээр ямар ч иргэнд хардлага төрүүлнэ. Тэгэхээр манай улсад байгаа эрүүдэн шүүхтэй холбоотой гомдлыг мөрдөн шалгаж байгаа одоогийн байдлыг яаралтай таслан зогсоохгүй бол энэ нь эргээд иргэд шударга ёсонд итгэхгүй, гомдол гаргахгүй байх сөрөТ талтай. Ийм хэргийг хөндлөнгөөс мөрдөн шалгаж, хянах тогтолцоо байхгүй байгаа нь манай эмгэнэл юм.