Энхболд.М 2015.03.02 | Сонин: Монголын үнэн

Эх орончдын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Эх орончдын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
МАН-ын дарга М.Энхболд

МАН-ын удирдлагууд өчигдөр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсний дараа Эх орончдын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Энэхүү ёслолын үйл ажиллагааны салхийг хагалж, МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ.

Тэрбээр “МАН улс орныхоо тусгаар тогтнолын төлөө ард олныхоо хүчийг нэгтгэн тэмцэж ирсэн бөгөөд 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд ард түмнээ манлайлан зохион' байгуулж ялалтад хүргэн улс орныхоо тусгаар тогтнолыг бататгах, гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй даян дэлхийд энх тайван тогтооход хувь нэмрээ оруулсан юм.

1945 онд манай нам тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал асуулгыг явуулж, улс орноо тусгаар улс гэдгийг нотолж, дэлхий дахинаа зарласан бөгөөд манай нам гадаад бодлогын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ- ын бүрэн эрхт гишүүн болсон нь манай ард түмний, түүний дотор МАН-ын түүхэн гавьяа, бахархах үйл явдал байлаа.

Улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, намын бодлого, шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг хоршоолон, атар газрыг эзэмшиж, аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэн эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлж чадсан юм” гэлээ.

Улс төрийн ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдсэн учраас ямар чиглэл баримталж ажиллах тухайгаа М.Энхболд дарга илтгэлдээ дурджээ. Тодруулбал, юуны түрүүнд ирэх сонгуульд МАН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт санал авах, төслийн хувилбарыг боловсруулах ажлыг Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН- ын бүлэг хамтран эхлүүлж байгаа ажээ.

Хоёрдугаарт, шат шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа нэр цэвэр байх, мэдлэг боловсрол, улс төрийн тэмцэх чадвар, нам ард түмнээ гэсэн чин сэтгэл, хичээл зүтгэлийг чухалчилна гэсэн юм. Гуравдугаарт, Сонгуулийн сурталчилгааны ажилд ажиллах баг, ухуулга суртал нэвтрүүлэгт оролцогчдыг одооноос тодруулан ажиллах чиг үүрэг, хамрах хүрээг тодорхой болгож, намын анхан болон дунд шатны байгууллагатай холбон нам ба нэр дэвшигчийн сурталчилгааны ажлыг цаг алдалгүй эхлүүлж, идэвхжүүлэх хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, сонгогчдод улс төрийн бодлого, үйл ажиллагаагаа хүргэхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээс гадна нийгмийн цахим сүлжээг эрчимтэй ашиглаж ажиллах шаардлагатай байгааг илтгэлдээ дурджээ.

Эх орончдын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн намын хороодын төлөөлөл, гишүүд дэмжигчдээс бүрдсэн 800 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр жилийн хугацаанд үр бүтээлтэй, амжилттай ажилласан шилдэг намын байгууллагуудыг шалгаруулдаг. Энэ жил долоон номинацид 2014 онд амжилттай ажилласан нийт 12 шилдэг намын байгууллагыг шалгаруулж Д.Сүхбаатарын хөшөөний дүрс бүхий цом, өргөмжлөл гардууллаа.

Тодруулбал, Шилдэг намын байгууллагаар Дархан- Уул, Хөвсгөл аймгийн МАН-ын хороо, дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Сэлэнгэ, Ховд аймгийн МАН-ын хороо, Бүтээлч, намын байгууллагаар Баянхонгор болон Нийслэлийн намын хороо, санхүүгийн шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Төв, Орхон аймгийн намын хороо, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах шилдэг менежменттэй намын байгууллагаар Хэнтий аймгийн намын хороо, орон нутгийн хурлын сонгуульд амжилттай оролцсон намын байгууллагаар Хөвсгөл аймгийн намын хороо, намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж буй намын байгууллагаар Өвөрхангай, Завхан аймгийн намын хороо тус тус шалгарлаа.

Үүний дараа намын тэргүүний анхан шатны байгууллагуудыг шалгарууллаа. МАН-ын бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай сурталчлан ажилласан намын тэргүүний анхан шатны 30 байгууллагад шагнал гардуулсан юм.Түүнчлэн улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө, нам, улс төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан гишүүдээ МАН-ын дээд шагнал Тусгаар тогтнол одонгоор шагнаж урамшууллаа.

Мөн МАН-д гишүүнээр элсэж буй таван залууд намын батлах гардуулсны зэрэгцээ жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит “Монголын түүх”-ээ хэн сайн мэдэх вэ түүхийн анхдугаар олимпиадын эхний гурван байрт шалгарсан Улаанбаатар хот дахь ЕБС-ийн ахлах ангийн гурван сурагч болон шилдгээр шалгарсан заах арга зүйн нэгдэлд шагналыг нь гардууллаа. Уг олимпиадад Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний XXXIII сургууль нэгдүгээр байрт орж, цомын эзэн болсон юм. Ёслолын арга хэмжээг хааж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлж, урлагийн тоглолт болсноор өндөрлөлөө.