Бат-Үүл.Э 2015.03.03 | Сонин: Өдрийн сонин

Орон сууцны зээлийн урьдчилгааны тал хувийг нийслэл даана

Орон сууцны зээлийн урьдчилгааны тал хувийг нийслэл даана
Орон сууц

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл НИТХ-ын дарга Д.Баттулгад орон сууцны урьд­­чилгааг хөнгөвчлөх жур­мын төслийг өргөн барьжээ.

Энэ журмыг боловс­руу­лах­даа нийс­лэлийн 300 шахам цэцэрлэг сургуулийн 12 мян­­ган багш, ажилчдаас су­далгаа авчээ. Энэ журмаар бол нийслэлийн иргэд орон сууцны найман хувийн зээлд хамрагдах боломж нэмэгдэнэ.

Учир нь зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн 30 хувь нь л орон сууцны урьдчилгаа төлбөрийг хийх чадвартай. Харин үлдсэн 70 хувь нь урт хугацааны зээл төлөх чадвартай боловч урьдчилгаа 30 хувийг төлөх чадваргүйгээс зээлд хамрагдаж чадахгүй байгаа юм. Гэтэл нийслэлд орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдсэн боловч худалдан авалт буурч байгаа судалгааны хариу гарчээ. Энэ нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд саад учруулна. Ингэснээр дээд цэгтээ хүрээд байгаа утаа, хөрсний бохирдлоос салах хугацааг улам уртасгаж байгаа гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл утаа, хөрсний бохирдлыг бууруулах боломж нь орон сууц. Зээлээ төлөөд худалдан авах иргэд бэлэн. Дээрх санал хэрэгжвэл орон сууцны нийлүүлэлт ч нэмэгдэнэ. Гэтэл орон сууцны найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь л иргэдийн орон сууцны зээлд хамрагдах боломжийг хааж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг шийдэх гарц олсноо төсөл болгон НИТХ-ын даргадаа ийнхүү өргөн барьж байна.

Түүний үзэж буйгаар бол орон сууцны борлуулалтыг дэмжих зорилгоор "Улаанбаатар орон сууцны сан" байгуулна. Тэр сангаасаа иргэдийн орон сууцны зээлийн урьдчилгаа болох 30 хувийн төлбөрийн талыг төлж өгнө. Ингэснээр өнөөгийн борлогдохгүй байгаа барилгын борлуулалт нэмэгдэнэ. Орон сууцны борлуулалт нэмэгдэх тусам барилгын түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэнэ. Улмаар ажлын байр нэмэгдэж барилгын компаниуд байнгын ажиллагаатай болж, хүчирхэгжинэ.

Барилгын компаниудын ашиг орлого нэмэгдэх тусам татвар төлөлт тэлж иргэдэд үзүүлсэн жаахан хөнгөлөлтөөс илүү хөрөнгө төсөвт төвлөрөх боломжтой. Өөрөөр хэлбэл нийслэл гэр хорооллыг барилгажуулах ажлыг гацаагаад байгаа урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт иргэдэд үзүүлснээр утаа, хөрсний бохирдлоос салах ажлыг эрчимжүүлнэ. Одоохондоо орон сууцны борлуулалтыг өөр хямд замаар дэмжих ямар ч гарц алга.

Гэхдээ барилгын компаниуд хөл дээрээ босчихвол ажилтай, орлоготой иргэдтэй төрийн оролцоогүйгээр борлуулалтаа хийгээд байх нөхцөл бүрдэнэ. Нэгэн барилгын компанийн захирлын ярьж буйгаар бол төлбөрийн чадвартай иргэдтэй, дээр нь барилгын компаниуд капиталтай болсон тохиолдолд иргэдээс 30 хувийн урьдчилгаа авахгүйгээр түлхүүр гардуулах гэрээ хийж болно гэнэ. Өрхийн орлого 800 мянган төгрөг байхад л хоёр өрөө байрны зээлэнд хамрагдах боломжтой.

Гэтэл зуны цагт залуусыг өдрийн 25 мянган төгрөгийн цалинтай туслах ажилчин хийхийг уриад ирдэггүй гэнэ. Мэдээж байр нь бэлэн зээлийн шугам ойлгомжтой бол залуус өнөөдөр өдрийн 20 мянган төгрөгөөр ч ажиллах сонирхолтой болно. Харамсалтай нь зарим компаниуд ажлаа хийлгэчихээд цалингаа өгөхгүй гэх мэтийн асуудал тасрахгүй байна. Энэ бүхэнд төр оролцоод байх үндэс байхгүй.

Харин түлхүүр гардаж аваад орон сууцанд орсон хүн маш хариуцлагатай болдог тухай засаг дарга Э.Бат-Үүл ярьж байна. Түүний найз нэг өдөр тамхинаас гарчихсан гэнэ. Учир нь тэрээр байрны лизинг төлж эхэлсэн аж. Гурван жилийн дараа буцаад тамхинд орсон гэнэ.Орон сууцныхаа зээлийг төлөөд дууссан учраас мань эр тамхи татаж эхэлсэн юм байх. Энэ жижиг жишээнээс харахад зээл хүнийг хариуцлагатай болгодог байж мэдэх юм. Гэхдээ өөрт нь тохирсон зээл хэн хэндээ өгөөжөө өгнө. Хэрэв нийслэлийн том хурал /НИТХ/ Засаг даргын төслийг дэмжвэл ирэх жилээс байрны борлуулалт эрс нэмэгдэж утаа долоон уулын цаагуур орох биз ээ.