Шадар сайд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
2015.03.04

Шадар сайд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн “2015 онд ой хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэх, ой хээрийн түймэртэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр, Шадар сайдын зөвлөх Н.Учрал нар танилцууллаа.

2014 онд 18 аймгийн 101 суманд 181 ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, гурван хүн амь насаа алджээ.

Энэ жилийн хувьд хуурайшилт их байгаагаас үүдэн он гарснаас хойш зургаан ой хээрийн түймэр гарсан нь олон жилийн дунджаас өндөр байна

Ой хээрийн түймрийн 80 орчим хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс болдог гэсэн дүгнэлтийг ОБЕГ гаргажээ. Тухайлбал үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан,  бүрэн бус техниктэй зорчсон,  ил гал түлснээс болж түймэр гарч байна.

Гуравдугаар сард хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна гэж Цаг, уур орчны шинжилгээний албанаас мэдээлсэн. Иймд хаврын сард иргэд ой хээрийн түймэр гаргахгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэхийг санууллаа.