УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж эхэллээ
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.03.06

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж эхэллээ

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсч эхлээд байна.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өчигдрөөс дүүргийнхээ бүх хороодод хуваарийн дагуу уулзалт хийж эхэллээ. Тэрбээр энэ сарын 9-ийг хүртэл нийт 32 хорооны иргэдтэй уулзах бөгөөд өчигдөр 12, 13, 14, 15 дугаар хороо буюу нэгдүгээр хороолол, “Өнөр” бүсийн 1000 гаруй иргэнтэй уулзаж санал хүсэлт, санаа бодлыг нь сонслоо. Харин өнөөдөр 31, 18, 29, 1, 22, 2, 20 дугаар хороодын иргэдтэй уулзаж байгаа юм.

Түүнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Нямбаатар болон Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс албадын дарга нар дагалдан иргэдийн асуултад хариулт өгч, шийдэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдэж байгаа юм.  

Уулзалтын үеэр 12 дугаар хорооны өндөр настан Дүгэрсүрэн “Өнгөрсөн жил гурван гишүүнийг хамт уулзалт хийж байхад ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар санал хэлж байсан. Үүний үр дүн сайн сонсогдсонгүй. Ноён уулыг ухах асуудал дээр иргэд их дургүйцэж, жагсаал цуглаан хийлээ. Гэтэл энэ талаар тоож байгаа хүн алга байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс “Бид дотоод эв нэгдэл, ойлголцлыг маш чухалчлах хэрэгтэй байна. УИХ-ын 76 гишүүний дотор эх орноо худалдах бодолтой нэг ч хүн байхгүй гэж би ойлгож байна. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ ойлголцож, нүүр тулж ярихгүй байгаагаас сөрөг ойлгот байгаа гэж хараад байна” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн гадаад иргэний тухайд “Уучлал хүртсэн гадаад иргэнээр бид заавал хохирлоо төлүүлнэ. Тэр хүн өршөөгдөөд яваад өгнө гэж байхгүй” гэсэн юм.

Тэрбээр цааш нь “Ахмадын тэтгэврийн талаар МАН-ын бүлгээс тодорхой санаачилгуудыг гаргаж ажилласан. Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгөх гэх мэт халамж шаардлагатай иргэд рүү чиглэсэн бодлогыг хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Манай бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын Н.Номтойбаяр, О.Содбилэг бид нар ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар бид анх санаачилж, ярьсан. Энэ тал дээр бид бууруулахын төлөө ажиллана. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 2015 оны төсөвт манай нам санаачлаад 103 тэрбум төгрөгийг суулгасан.

Үүнтэй холбоотойгоор 3 сарын 1-ээс нэмж байгаа. Одонгийн мөнгө, нярай хүүхдийн тэтгэмжийг хэвээр үлдээх тал дээр ч бид эерэг байр суурьтай байгаа. Гэтэл төв банкны зүгээс энэ бүх тэтгэмжийг тэглээд бүсээ чангалах бодлогыг оруулж ирсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Манай дүүрэгт 100 цэцэрлэг шаардлагатай байна. Энэ мэт нийгмийн шаарлагатай зүйлсийг бид их хүчтэй шаардаж ажиллаж байгаа. Ахмадуудын ач санах тухай хууль дээр ч бид их анхаарч байгаа” гэсэн хариултыг өглөө.