Дүр эсгэсэн компанийн засаглал
Олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлгээ авсан.
2015.03.09

Дүр эсгэсэн компанийн засаглал

Дүр эсгэсэн Ардчилал гэдэг шиг компаниуд ч гэсэн өнгөн талдаа засаглалтай дүр эсгэж байгаа нь хямралын үед бүр тодорхой болов.  

Дэлхийд нэрээ дуурсгасан нэгэн компани засаглалын шагнал авч байсан ч үнэн дүр төрх илрэх тэр мөчид дампуурлаа зарласан гэж байгаа. Гаднаас нь харахад гоё ТУЗ-тай, гадаад дотоодын шилдэг гишүүдтэй, олон дүрэм журамтай, хурлаа цаг тухай бүрт нь хийдэг гэж харагддаг ч  яг үнэндээ энэ нь сайн засаглалын баталгаа болж байна уу гээд харахаар тэр бүр тийм байж чаддаггүй.  

Бүх зүйл хэвийн байх үед жинхэнэ сайн засаглал байна уу эсвэл дүр эсгэсэн засаглал байна уу гэдгийг ялгахад хэцүү.

Тэнд хяналт байхгүй, хамтын шийдвэр байдаггүй. Хэрвээ засаглалыг жинхэнээсээ хэрэгжүүлсэн бол хямралд орлоо гэхэд амархан, зөв аргаар давж гарах боломжтой. Хямралын үед л компанийн засаглал ямар байсан бэ гэдэг нь илэрнэ гэж компанийн засаглалын мэргэжилтнүүд үзэж байна.

Бүх зүйл хэвийн байх үед жинхэнэ сайн засаглал байна уу эсвэл дүр эсгэсэн засаглал байна уу гэдгийг ялгахад хэцүү. Учир нь  сайн засаглалыг илтгэгч баримтууд, жинхэнэ шийдвэр гаргалтууд ямагт нууц, хэдхэн хүний хүрээнд явагдаж байдаг хязгаарлагдмал шинж чанартай.

Харин манайд олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлгээ авсан. Энэ нь СЗХ, Монголын хөрөнгийн бирж ажлаа хийхгүй байгааг илтгэнэ.

Гэхдээ юуны өмнө компанийн удирдлагуудад засаглал ямар хэрэгтэйг ойлгуулах нь чухал. Ойлгохгүйгээс болоод ТУЗ-д байгаа нөхдүүд ТУЗ ямар үүрэгтэй вэ хуралд хэрхэн оролцох эрх зүйн асуудлаа мэддэггүй.

Тиймээс компанийн мэргэшсэн ТУЗ-ийн гишүүдийг бий болгож, гүйцэтгэх удирдлагад тавих хяналтын механизм сайжирна. Нөгөө талаас жижиг хувьцаа эзэмшгчдийн эрх ашгийг хамгаална.

Манай улсад компанийн өмч нь гэр бүлийн, төрийн гэсэн хоёр хэлбэрт л үндсэндээ хуваагдаж байна. Хамгийн чухал олон нийтийн өмчийн компаниуд бараг байхгүй гэж хэлэхэд болно.

Хэдийгээр нээлттэй Хк гэсэн хэлбэр байгаа ч жин дарах, томоохон хувьцаа эзэмшигчид нь гэр бүлийн гишүүд, нэгдмэл сонирхолтой этгээдүүд байхаар ТУЗ-ийг бэлгэдэл төдий байгуулах, ногдол ашиг хуваарилахгүй байх зэрэг асуудлууд байсаар.

ТУЗ-ийн гишүүнээр сонгогдоно гэдэг маш өндөр хариуцлага. Компанийг урт удаан хугацаанд тогтвортой оршин тогтнох эсэх нь ТУЗ-ийн шийдвэр, менежментийн бодлогоос ихээхэн хамаардаг.

Тухайлбал 16-20 настай ТУЗ-ийн гишүүд бий. Тэд ихэвлчэн томоохон хувьцаа эзэмшигчийн юм уу, ТУЗ-ийн өөр нэг гишүүний үр хүүхэд, ах дүү нь байдаг.

Цэвэр бэлгэдлийн чанартай гишүүд. Гол эзэн нь захирлаа хийчихээр бусад ТУЗ-ийн гишүүд нь юм хэлж чаддаггүй.

Эзнийхээ үгээр л яваад байдаг. Эсвэл ТУЗ нь өөрсдөө идэвхигүй, чадваргүй учраас гүйцэтгэх захирлынхаа аясаар явахаас өөр аргагүй болдог. Үүний үр дүнд гүйцэтгэх захирлын эрх мэдэл хязгааргүй өсч, хяналт, чиглүүлэлт алга болно.

Өнөөдөр хараат бус гишүүний үнэ цэнэ ойлгомжгүй байна гэдэг нь нэг талаараа үнэний хувьтай. Хараат бус гишүүн гэдэг нэг “нөхөр” ТУЗ-д ирж суучаад хамаг нууцыг нь сонсоод, бизнесийг нь мэдээд, чухал шийдвэрүүдийг гаргахад гол үүрэгтэй оролцоод явна гэдэг логикийг гайхаж, эсэргүүцдэг удирдлагууд, эздүүд олон байдаг.

Хараат бус гишүүний үнэ цэнэ юунд оршдог вэ, түүнийг нь манай компани хэрхэн ашиглаж, өргөжин тэлж болох вэ гэдгийг эздүүд тэр бүр бүрэн утгаар ойлгож, хүлээн зөвшөөрч эхлээгүй байна.

Нөгөө талдаа эздүүдийн хүссэнийг өгөх чадвартай хараат бус гишүүд хаана байна вэ гэдэг асуудал бас бий. Ийм нөхцөлд өнөөдөр хараат бус гэхээсээ илүү итгэл найдвартай өөрийн хүнээ л ТУЗ-д оруулах хандлага хаалттай, нээлттэй, төрийн өмчит гээд бүхий л компаниуд дээр түгээмэл байна.

Мөн ур чадвар, ёс зүйн асуудал яригдана. Ногдол ашиг тарааж буй эсэхэд ТУЗ хяналт тавина. ТУЗ сул чадавхигүй, хангалттай цалин хөлсгүй учраас гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцож, чаддаггүй.

Зарим талаар ТУЗ-ийн гишүүд нь томоохон хөрөнгө оруулагч бөгөөд компани нь өөрийнх нь хөрөнгө учраас жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироох хандлага ажиглагддаг.

Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2013 онд топ 20 компанийн 11 нь ногдол ашгаа тараасан. Гэхдээ мөнгөний хэмжээ нь асар бага. Тухайлбал баянгол зочид буудал нийт олсон ашгаасаа нэгж хувьцаанд 9100 төгрөгийн ногдол тараахаар боломжтой атал 350 төгрөгөөр бодсон.

Талх чихэр компани 1300 төгрөг байхад 90 төгрөгөөр бодсон байх жишээтэй хэмээн Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр ярьж байсан.

Дүр эсгэлт зөвхөн хувийн хэвшилд байдаггүй бөгөөд төрийн өмчит компаниудад маш хүчтэй оршдог ажээ.

Төрийн өмчит компанийн засаглалын түвшин харьцангуй сайжирсан ч 50 хувьтай байна. Тухайлбал Төрийн өмчит Эрдэнэсант АЗЗА төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Батсүх хэлэхдээ: Баахан ТУЗ хуралдуулдаг, цалингаа нэхсэн хүмүүс л байдаг. Тэд нараас дэвшилттэй санаа оноо ярьдаггүй. Зүгээр л ус ч болохгүй, тус ч болохгүй байж байдаг” гэж байсан. ТӨК-ийн ТУЗ-ийг дээрээс томилдог, ихэнхидээ төрийн албанд давхар алба хашдаг хүмүүс байдаг. Тэд компанийн засаглал, бизнесээр мэргэшсэн гэхэд хүндрэлтэй.

Эх сурвалж: Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тайлан, 2013 он

ТӨК-иудад хийсэн 2013 оны санхүү, эдийн засгйин байдал дүгнэлтээс үзэхэд 2012 оны ерөнхий дүр зургйиг харвал нийт ашиг өмнөх оноос 100 тэрбум төгрөгөөр буурч, 205 тэрбум төгрөг, алдагдлын хэмжээ өмнөх оноос 4 дахин нэмэгдэж, 63 тэрбум төгрөг болсон байна.

Компани алдагдалтай ажиллах олон шалтгаан бий. Гэвч нийтлэг ажиглагдаж буй нь ТӨК дээр удирдлага, зохион байгуулалт, төрийн зохицуулалт, макро эдийн засгийн нөлөө орсон.

Түүнээс гадна ТӨК-ийн захирлуудыг замбараагүй томилдог. Намын байр сууринаас ханддаг гэдгийг найман настай балчраас наян нас хүртэлх нь мэднэ. Уг нь сайн менежментийн хүн оруулвал хөгжинө гэж судлаачид хэлээд хэлээд тоох биш.

 ТӨК-ийн ТУЗ 200  мянган төгрөгийн цалинтай хэрнээ тас зууралддаг. Тиймээс ТУЗ хараат бус байх шалгуурыг өндөрсгөж, шалгаруулалтын нээлтэй зарла ёстой.  өнөөдөр манайд 18 тэрбум хувьцаа нийт хөрөнгийн зах зээл дэр байдаг, 16 тэрбум нь төрийн эзэмшилд байдаг.

Намын байр сууринаас хандахаа болих хэрэгтэй. Түүнээс гадна ил тод байна, олон нийтэд мэдээллээ нээлттэй гаргана гэдгийг ойлгодоггүй.

ТӨК-иуд нь хувьцаат компани гэсэн мөртлөө хувьцаа гаргадаггүй, төрийн эзэмшлийнх гээд байлгаад байдаг. Хөрөнгийн зах зээл дээр гаргаж ирж байж эдийн засгийн эргэлтэд орно. Зах зээл хөгжихгүй байгаа нь компаниуд тайлангаа үнэн зөв гаргадаггүй, ногдол ашгаа тараадаггүй,  татвараас зугтдаг хандлагаар хорин жил явсантай холбоотой. Ёс зүйтэй орчныг төлөвшүүлж, зөв удирдаж чадвал хөрөнгийн зах зээл хөгжинө.

Төрийн өмчит компаниудад хэн ТУЗ-ийн гишүүд байдаг вэ. Эх сурвалж: Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тайлан, 2013 он

Цаасан дээр ТУЗ-тай хараат бусаа хараат байлгаад, байсаар байвал, жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосоор байсаар байвал хөгжихгүй.

 Эрдэнэс тавантолгойг байгуулж хүн бүрт данс  нээсэн гэж байгаа мөртлөө тэр компани хэр ашигтай ажиллаж байгаа юм, ямар шийд гаргасан гэх зэрэг нэг ч мэдээллийг ил тод тавихгүй байгаа нь дүр эсгэсэн засаглалтайг харуулж байгаа бус уу. Эцсийн эцэст компани нээлттэй, ил тод шударга ажиллаж, засаглалаа сайжруулах нь компанийн ажилчдад төдийгүй, ёс зүйт нийгмйиг байгуулах хамгийн том үндэс суурь байлтай.

Ёсзүйг умартсаар хүн төрөлхтөн хэр хол явах вэ.

Компанийн засаглалаа сайжруулж нэр хүндээ өсгөж, харилцагчид, бизнесийн түншүүдийн итгэлийг дээшлүүлдэг биш билүү.

Хэрвээ алс хэтдээ олон улсын зах зээл, гадаадын бирж дээр гарна гэсэн стратегийн бодлоготой байгаа бол одооноос  засаглалаа сайжруулах ёстой.