Өр тавиад удирдахуй
Монгол улс 2012 онд нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр дундаж орлоготой орны тоонд орсон.
2015.03.10

Өр тавиад удирдахуй

Нэг айл байшин барьж байна гэж бодъё. Энэ жил төчнөөн төгрөг заръя, ирэх жил үлдсэн мөнгийг нь зээлье, ингэвэл байшингаа ачаалалгүй барих юм байна  гэсэн тооцоо гаргаж таарна. Тэгэхгүйгээр орлогоосоо хэтэрсэн зээл авбал дампуурна гэж эдийн засагч Ч.Хашчулуун өрийн удирдлагын тухай хуулийн талаарх байр сууриа илэрхийлсэн.

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш гадны орон, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл, буцалтгүй тусламж авч ирсэн. Харин 2012 онд нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр дундаж орлоготой орны тоонд орж, арилжааны нөхцөлтэй зээл авах чадвартай орон болсон гэдгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас дүгнэсэн.

Хэдийгээр дундаж орлоготой орны төвшинд хүрсэн ч арилжааны нөхцөлтэй зээл авах, түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Авсан зээлийг зөвхөн “Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хууль” болон “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-иар зохицуулж ирсэн.

Гэхдээ эдгээр хууль нь ДНБ-тэй тэнцэх өр болон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, буцалтгүй тусламжийг авч ашиглахтай холбоотой зохицуулалтад тохиромжтой боловч арилжааны нөхцөлөөр авсан зээлийн зарцуулалт болон эргэн төлөхөд хэрхэн хяналт тавих тухай нарийвчилсан зохицуулалтууд тусгагдаагүй юм.

Засгийн газрын өрийн удирдлагын бодлого, зохицуулалт нь шууд болон шууд бус байдлаар арав гаруй хуульд салангид байдлаар туссан байдаг. Тиймээс өрийн удирдлагын тухай бие даасан нэгдсэн зохицуулалт бүхий хуулийг санаачлах болсон үндсэн шалтгаан эдгээр зүйл юм.

Учир нь төрийн өмчит компаниуд орлого муутай ажилладаг нь  авсан зээлийг үр ашиггүй зарцуулдаг ч хууль гарснаар ийм хүндрэлүүд арилах боломжтойг Сангийн яамны мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Түүнчлэн өмнө нь гарсан болдлогыг шинэ засаг нь гарч ирээд хүлээн зөвшөөрөхгүй гээд хамаагүй өр тавьдаг. Ингэхгүйн тулд хууль хэрэгжинэ. Тиймээс засгийн газрын өр тавих цензурыг хуулиар тогтоосон. Жишээлбэл төсвийн алдагдлыг болон өрийг дахин санхүүжүүлэх зэргээр нийт зургаан зориулалтаар засгийн газар өр үүсгэж болно. Гэхдээ өрийг дахин санхүүжүүлэхдээ төсвийн дарамт, ачааллыг жигдлэх болон зах зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлийг баримтална гэх заалт ч бас бий юм.

Хөндлөнгийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Төсвийн тогтвортой байдлын хууль болон 2012 онд батлагдсан Төсвийн тухай хууль их сайн болсон. Гэвч дутуу хоёр хууль байсны нэг нь болох өрийн удирдлагын  тухай хууль батлагдсан. Харин нөгөөх нь болох “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль” нь өнгөрсөн оны арван сард тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр  өргөн барьснаас хойш дахин яригдаагүй.

Хэрвээ энэ хууль батлагдсан бол өрийг хамгийн хэрэгтэй зүйлд нь хэрхэн үр дүнтэй зарцуулж болох тухай цогц хуулиуд бий болох байсан гэж эдийн засагчид хэлж байна. Мэдээж хуульд алдаа оноотой зүйл их байгаа ч манай улсын хувьд цагаа олсон зүйл болсон. Хуулийн гол зарчим нь авсан зээлээ юунд зарцуулахаа тодорхой болгочихоод зээл авах руу чиглүүлсэн нь хуулийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлнө.

Монгол улсын хувьд  2018 онд Чингис бондын 500 сая ам. долларыг төлнө. 2022 онд үлдэх нэг тэрбум долларыг эргүүлж өгнө. Дээр нь, 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын зээлийг төлөх ёстой. 2023 онд Самурай бондын 30 тэрбум иенийг мөн төлөх зэрэг томоохон өрүүд бидэнд байна. Мэдээж хууль батлагдсан учраас хэрэгжилтийн явцад өрийн босгыг 60-70 хувьд хүрмэгц Засгийн газар  дахин бонд босгохыг үгүйсгэхгүй юм.