Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьжээ
УИХ дахь эмэгтэй гишүүд
2015.03.10

Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дарга З.Энхболдод “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барилаа.    

Монголчууд бид хурдан морь уяж, уралдуулж түүндээ омогшин баярладаг ч үүний ард унаач хүүхдүүдийн эрх ашиг үргэлж хөндөгдсөөр ирсэн. Өвөл, хаврын цагт олноор болох хурдан морьдын уралдаанд бэлтгэх, уралдахтай холбоотойгоор хэдэн мянган хүүхэд  сургуулиас хөндийрөх, нутаг алгасан айлд амьдрах, хурдан морины галбараадан амьдрах, хөлс хүчээ үнэлэх, томчуудын хооронд хийсэн гэрээ хэлцлийн золиос болох нь нэмэгдсээр байна. Ялангуяа уралдаан, түүний өмнөх үсэргээ, сунгааны үед хүүхэд мориноос унаж гэмтэх, бэртэх, хөлдөх, осгох, эрэмдэг дутуу болох, амь нас эрсдэх нь олон нийтийг бухимдуулсаар байгаа юм.

Хүүхдийн эрхийн байгууллагуудын судалгаагаар 2012-2013 онд морин уралдааны үеэр 11 хүүхэд амь насаа алдсан байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, Б.Батчимэг, Д.Арвин, З.Баянсэлэнгэ нарын гишүүд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Уг хуулийн төсөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд 16 хүртэл насны хүүхдээр хурдан морь унуулахыг  хориглох заалт оруулжээ. Мөн “хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд 16-аас дээш насны хүүхдийг хурдан морь унуулах тохиолдолд хүүхдийн хүсэл, сонирхол,  эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг заавал авах”, “Хурдан морь унаач хүүхдийг асран хамгаалах тухай гэрээ байгуулах, тусгай зориулалтын хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага болон ослын даатгалд хамруулах журмыг батлах” гэсэн заалтуудыг оруулсан байна.    

Жил тутам тэлж өссөөр байгаа өвөл, хаврын уралдаан, түүнд оролцсоны улмаас унаж бэртсэн хүүхдүүдийн дүр зураг уламжлал соёлтой холбоотой энэ асуудалд шинэчлэл хөгжил хийх цаг болсныг сануулж байна.  Иймд үндэсний их баяр наадмаас бусад цаг улирлын хурдан морины уралдаанд оролцох уралдаанч хүүхдийн насыг хязгаарлах талаар хуульчилж, холбогдох эрх зүйн орчныг шинэчилснээр морин уралдаанд оролцох хүүхдийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.