Эрдэнэбат.Ж Зоригт.Д 2015.03.10 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Баруун бүсийн эрчим хүчийг нэмэгдүүлнэ

Баруун бүсийн эрчим хүчийг нэмэгдүүлнэ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан станц барьж ашиглалтанд оруулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа.

Монголын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор тус станцыг барих юм. 

Түүнчлэн усан цахилгаан станцын техник эдийн засгийн үзүүлэлтийг энэ ондоо багтаан шинэчлэж шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад батлагдсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал”-аас санхүүжүүлэхийг сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан.

Ингээд 2016 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад орох усан цахилгаан станцыг барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Сүүлийн жилүүдэд тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-10 гаруй хувиар өсч байна.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум нь 1931 онд байгуулагдсан. /Зурган дээр дарж томруулж үзнэ үү/

Одоогийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төв, 46, 11 багийн т өвийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, Дөргөний усан цахилгаан станц болон БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онд 127.1 сая квт цаг байснаас нийт хэрэглээний 28.6 хувийг Дөргөний усан цахилгаан станц дангаар бүрдүүлж байгаа нь энэ бүс нутагт эрчим хүчний зайлшгүй шаардлага гараад байна. Иймээс ирэх жил баруун бүсэд нэгэн шинэ усан цахилгаан станц ашиглалтад орно.