Өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ нотлох боломж
“Нийтийн сонсголын тухай” хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.
2015.03.17

Өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ нотлох боломж

Цагаан сарын өмнө Монгол хэлний тухай хуулийг баталсан. Гэтэл тус хуулийг хэлэлцэх явцад эрдэмтэн, судлаачид олон саналууд хэлж байсан ч тусгалгүй шууд л баталчихсанд олон нийтийн дургуйцэл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн мэргэдийн ундууцлыг төрүүлжээ.

Энэ нь Үндсэн хуулийн 3.1-д  “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжихгүй байгааг батлах шиг болов.

Ер нь иргэд төрийн үйлчилгээг авахад хүнд суртал гэх саадтай тулдаг. Түүнчлэн аливаа хуулийг санаачилж, батлахдаа иргэдийн санал, хүсэлтийг авдаггүй, авсан ч бэлэг тэмдэг төдий зүйл байгаа нь өнөөгийн нийгэмд илт байгаа юм.

Эдгээр асуудлыг шийдэх “Нийтийн сонсголын тухай” хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Эдгээр асуудлыг шийдэх “Нийтийн сонсголын тухай” хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн төслийг өнгөрсөн долоон сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан.

Зорилт нь хууль хэлэлцэх, хэрэгжилт, төсвийн ил тод байдал, албан тушаалтантай холбоотой санал гомдол зэргийг олон нийтийн оролцоотой хэлэлцэн шийдвэрлэхэд чиглэх ажээ. Хуулийн хүрээнд нийт зургаан асуудалд иргэдийн санал, бодлыг шууд болон шууд бусаар тусгах юм.

Жишээ нь иргэд “Төрийн алба төрлийн алба болжээ” гэж ам уралдан ярьдаг. Үүний том жишээ УИХ-ын гишүүн С.Эрдэнийн удирддаг ХАХНХЯ-ийг тэдний хамаатнуудаар дүүрэн гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин үүнийг зохицуулах “Томилгооны сонсгол” гэх зүйлийг хуулинд оруулсан байна.

Гэвч зөвхөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хүсэлт гаргасан бол сонсголын үйл ажиллагааг зохион байгуулна. Мэдээж энэ нь Засгийн газар болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад адилхан хамаарагдана.

Гэхдээ томилгоо хийгдэхээс өмнө нэр дэвшигчид тодорхой болсон үед л хамаатай. Хэрвээ тухайн хугацаанд зохион байгуулаагүй бол ерөнхий хяналтын сонсголыг явуулж болно. Ингэвэл тухайн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээг иргэд өгөх юм. Хугацааны хувьд таван жилд нэг удаа. Хэрвээ албан тушаалтан хүний эрх зөрчсөн бол Хүний эрхийн үндэсний комиссоор дүгнэлт гаргуулна.

Түүнчлэн иргэдийн хувьд хамгийн сонирхол татсан асуудал төсвийг мөн орхисонгүй. Үүнтэй холбоотой  сонсгол зохион байгуулах чиглэл нь орон нутгийн хөгжлийн сан, гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж зэрэгт жил бүр явуулж болно.

Гэвч зөвхөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хүсэлт гаргасан бол сонсголын үйл ажиллагааг зохион байгуулна.

Үнэхээр хууль батлагдвал нийгэмд маш ач холбогдол дагуулна гэдгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлсэн. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах бүхий л үе шатанд аль болох иргэдийн оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан” гэсэн.

Түүнчлэн хуультай холбоотой нэршлийн маргаанууд гарж байгаагын нэг нь “Мөрдөн шалгах сонсгол” гэдгийг УИХ-ын дэргэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэж буй мэтээр ойлгож байгаа хүмүүс байна. Харин үүнийг “магадлан шалгах” гэсэн үгээр сольж болно гэдгээ А.Бакей гишүүн хэлсэн.

Ямартай ч олон нийтийн төвд биш ч гэсэн хүлээлтийг үүсгэж байгаа “Нийтийн сонсголын тухай” хууль Хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудын жагсаалтад бий. Өөр хууль, тогтоомжтой ноцтой зөрчилдөөгүй учраас батлагдах магадлал өндөр юм. Өөр нэг зүйл нь ард түмэн рүү хандсан чиглэлтэй учраас асуудалгүй байх.

Үнэндээ шийдвэр гаргагчдын эрх ашиг хөндөгдөж, тэдний ард байгаа олигархиуд давхар яригдсан хууль л удаа, дараа хэлэлцэгдэж сунжирсаар худлаа нь өнгөрсөн хугацаанд илэрхий харагдсан. Хувийн ашиг сонирхлыг олон нийтийн эрх ашгаар сольж, өргөсөн тангарагтаа үнэнч гэдгийг нотлох батлах цаг ирээд байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг тэд л гаргана шүү дээ.