Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.03.20

Мэндчилгээ

Эрхэм хүндэт ойн салбарын ажилтан, ажилчид аа! 

Монгол эх орны ногоон хүрэм, үнэт баялаг болсон ойн нөөцийг хамгаалах ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууд, өнөөдөр энэ үйлст хамтран хүчин зүтгэж байгаа Та бүхэндээ болон танай гэр бүлийнхэнд Олон улсын ойн өдрийн баярын мэндийг хүргэж мэндчилье.

“Ой бол их амь. Их амь байж хүн төрөлхтөн түүгээр тэжээгдэж, тэтгэгдэж амьдарч, амьсгалж чадна” гэж ой модоо хамгаалахад амьдралаа зориулж байгаа та бүхэн ярьдаг. Энэ их амийг хамгаалах, зүй зохистой ашиглах Монголын төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж, Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийг хүсч байна.

Төр, засгаас ойн бодлогыг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ой модоо зүй зохистой, хууль журмын дагуу ашиглах асуудалд багагүй анхаарч, олон ажлыг хийж байна. Тухайлбал, БОНХАЖЯ Төрөөс баримтлах ойн бодлого болон Ойн хуулийг шинээр боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. Мөн импортын мод, модон материалыг болон Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эдгээр ажлын үнэлэмжийг 2-3 дахин нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн нь амьдралд хэрэгжиж байна.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжид таримал ойг өмчлүүлэх, иргэн аж ахуйн нэгжийн тарьсан ойг улсын ойн санд худалдан авах, хүлэмжийн хийн шингээлт, хүчилтөрөгчийн ялгарлыг тооцох ойн иж бүрэн олон зорилтот тооллогыг гүйцэтгэх ажлууд амжилттай хийгдэж байна. Ойн хортон шавж устгалын ажилд химийн бодис хэрэглэхээс татгалзах, ойн санг гэрээгээр эзэмшүүлж ойг эзэнтэй болгох, байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй ногоон хөгжлийн эхлэлийг тавьсан үйл ажиллагааг энэ салбарт хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Цаашид Засгийн газрын "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг үр ашигтайгаар зохион байгуулах, говь, тал хээрийг ойжуулах, ойжуулалтын ажлын хугацааг уртасгасан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ойн үлдэгдэл, хаягдлыг иж бүрэн боловсруулж иргэдийнхээ мод, модон материалын хэрэгцээг хангах, шилмэл ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх, агро ойн аж ахуйг эрхлэх, ногоон ажлын байрыг бий болгон Ойн тогтвортой менежментийн суурийг тавих зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. 

Байгаль орчныг хамгаалах ариун үйлсийн төлөө дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж яваа Монголын Ойчид Та бүхэнд хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Их амийг хайрлаж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх Та бидний буянтай сайхан үйлс дэвжин дэлгэрэх болтугай.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол