2010.06.10

Зудыг амжилттай давсан малчдыг шагналаа

2009-2010 онд Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг хөдөлмөр зүтгэл, сайн бэлтгэл, малч ухаанаар хохирол багатай даван туулсан 54 малчныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлсэн "Хөдөлбөл хөлс" хөтөлбөрийн хүрээнд шагнаж урамшуулахаар болжээ. Малчдын төлөөлөл болох Ю.Чулуунтогтох (Өвөрхангай, Арвайхээр сум), Т.Батмөнх (Өвөрхангай, Зүүнбаян-Улаан сум), З.Хүрэлбаатар (Өвөрхангай, Бүрд сум), Ц.Чулуунбаатар (Дундговь, Эрдэнэдалай сум), Х.Эрдэнэбилэг (Дундговь, Дэлгэрцогт сум), Ж.Дашзэвгэ (Дундговь, Адаацаг сум), Д.Баттайван (Ховд, Эрдэнэбүрэн сум), Л.Халтархүү (Ховд, Дөргөн сум), Д.Очирбат (Ховд, Үенч сум), Л.Аваргасүрэн (Төв, Баянцагаан сум), Ч.Эрдэнэбадрах (Төв, Баяндэлгэр сум), Б.Золжаргал (Төв, Эрдэнэсант сум) нарыг өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани нар Төрийн ордонд хүлээн авч, шагналыг нь гардууллаа. Дээрх малчид 250-1600 малтай бөгөөд бүгд нийт малынхаа 90-ээс дээш хувийг онд мэнд оруулжээ.

Д.ОЧИРБАТ: ӨВЛИЙГ НЭГ Ч МАЛЫН ХОРОГДОЛГҮЙ ДАВЛАА

Энэ үеэр Ховд аймгийн Үенчсумын малчин Д.Очирбаттай уулзаж ярилцлаа.

 -Юуны түрүүнд танд баяр хүргэе. Танайх хэдэн толгой малтай вэ?
 -Манайх хоёр мянга гаруй толгой малтай. Үүнээс 20 гаруй тэмээ, 170-аад адуу, 30-аад үхэртэй. Бусад нь бог. Ямар ч байсан өнгөрсөн өвлийг нэг ч малын хорогдолгүй давлаа. Манайх хоёр туслах малчинтай.
-Таны хувьд малын хорогдолгүй хатуу өвлийг давжээ. Харин бусад малчдын хувьд нэлээд хэцүүхэн өвөл болж өнгөрсөнбайх...
 -Өнгөрсөн өвөл их хатуу болсон учраас малчид их ядарсан. Чадлынхаа хэрээр малаа онд оруулах гэж зүтгэсэн ч зарим нь зуданд хамаг малаа алдаад дууссан. Малгүй болсон иргэд малтай болохын төлөө хичээх байх. Төрөөс ч малжуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болов уу. Би малгүй болсон малчдадаа өөрийнхөө малаас зах зээлийн үнээр хямд худалдъя гэсэн бодол байна. Мөн хэд хэдэн малчин өрхийг малжуулъя гэж бодож байгаа.
 -Хадлан тэжээл хэр базаасан байсан бэ?
 -Манайх жил бүр 6-7 машин өвс бэлтгэдэг юм. Гэхдээ өнгөрсөн өвөл   хэрэглээгүй шүү. Харин нутгийнхаа малчдад өвсөө хямд үнээр өгсөн дөө.
-Тэгэхээр малаа яаж хариулж байсан хэрэг вэ?
-Цасны ханзархай харж энгэр газраар нь малаа бэлчээж хариулдаг байсан. Ингэж байж л онд мэнд оруулсан даа. Малаа хаагуур яаж хариулах вэ гэдгийг малчин хүн өөрөө сайн мэдэж байх ёстой. Би ер нь дөчөөд жил мал маллахдаа малдаа тэжээл өгч үзээгүй хүн.
 Алтайн цаадах гурван суманд цас их унаж өвөлжилт тун хүнд байсан. Хаана өвөлжсөн бэ?
-Тийм ээ. Манай нутагт чинь цасны зузаан гэж ярих юм биш. Цасны зузаан метр гаруй байсан байх шүү. Манай сум руу унаа тэрэг ч очихгүй хэцүүхэн л байсан даа. Тавдугаар сард хүртэл машин явах аргагүй байсан.
-Хаваржилт ямар байв?
 -Манай нутагт саяхнаас цас ханзарч эхэлж байна. Одоо ч ууландаа цастай байгаа. Тэгэхээр хаваржилт хүнд байсан. Одоо Цагаан түнг гэдэг газар зусч байна даа.
 -Хичнээн мал төллөж, хэдэн төл авсан бэ?
 -Энэ хавар 400-гаад мал төллөснөөс 100-гаас 95 төл авч чадсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.