Гантулга.А 2015.03.23 | Сайт: Vip76.mn

Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ

Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ
ТОСК-ын гүйцэтгэх ерөнхий захирал А.Гантулга

Засгийн газар орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн ч хүн амын нилээдгүй хэсэг нь орлогын хувьд энэ зээлийг авах боломжгүй хэвээр байсаар байна. Энэ сэдвээр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа. 

- ТОСК “Буянт-Ухаа 1” хорооллыг барьчихаад, “Буян-Ухаа 2” төслийг хэрэгжүүлж байна. Ойрын ирээдүйд хамгийн том зорилт тавьж ажиллаж байгаа ямар төсөл байна вэ?

Хүн амын орлого багатай хэсэг рүү чиглэж ажиллана.  Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлж уян хатан ажиллана. Тухайлбал улсад олон жил ажилласан хүний 30 хувийнх нь 15 хувийг төр дааж болно ш дээ.

Түүнчлэн нийслэлийн яндангийн тоог цөөлнө. Жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажиллаж байна. Энэ бол бидний нэг том зорилт.

- “Эко хороолол”-ын талаар ярихгүй юу?

ТӨСК гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд оролцож байгаа. Яармагийн дөрөвдүгээр хорооны наймдугаар хэсэгт 16,5 га газарт “Эко хороолол” барих төслийг санаачилсан. Сингапурын талтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Бид Сингапурын хот төлөвлөлтийн туршлагыг Монголынхоо хөрсөнд буулгах санаатай ажиллаж байна. Энэ орны гол ололттой тал нь ямар нэгэн хороолол барихдаа тэнд амьдрах хүмүүсийн ажлын байрыг нь зохион байгуулж өгдөг. Бид энэ туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Хугацааны хувьд ирэх гуравдугаар сараас ажлаа эхлүүлж, 2016 оноос өмнө дуусгачих зорилттой.

- Төрийн орон сууцны корпораци гэхээр зөвхөн нийслэлийн хүрээнд ажилладаг гэж иргэд ойлгодог. Гэтэл корпораци маань аймгуудад орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Аймгуудын дэд бүтцийн асуудлыг яаж шийдэж байна вэ?

Төрийн орон сууцны корпораци аймгуудад 1000 айлын орон сууцнууд барьж байгаа.  Тэр байтугай сумдад хүрч ажиллаж байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал суманд 9 давхар орон сууц бариад эхлүүлчихсэн. Бид орон нутагт орон сууцны төслийг эхлүүлэхдээ олон судалгаа хийсэн. Барилга, хот байгуулалтын яам, Барилгын үндэсний ассоциацитай хамтраад бүх аймагт дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэл, хүн амын амьжиргаа, хүн амын орлого, ажиллах хүчний судалгааг цогцоор нь хийсэн.

2015 оны нэгдүгээр сарын байдлаар "Буянт Ухаа 2" хорооллын барилга угсралтын ажил 63,8 хувьтай явагдаж байна гэсэн дүн гарчээ.

Төрийн орон сууцны корпорацийн хувьд анхны худгаас орон сууц хүртэлх дэд бүтцийг хариуцдаг. Тэрнээс өмнөхийг нь аймгийн удирдлага өөрсдөө шийдэх ёстой. Гэтэл аймгийн удирдлагууд дэд бүтцийн асуудал шийдэгдсэн мэтээр ярьдаг ч газар дээр нь очихоор хийсэн юм байхгүй. Учрыг нь асуухаар улсын төсөвт суугаагүй гэдэг. Дарханд л гэхэд 100-гаад сая төгрөгийн өртөгтэй 200 метр шугамын асуудал яригдаж байна. Гэтэл аймаг бас мөнгөгүй. Ингээд л бид шаварт унасан шарын эзэн гэгчээр дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй болдог. Угтаа үүнийг чинь төр хийж өгөх ёстой. Хэрэв хийж чадахгүй юм бол Төрийн орон сууцны корпорацид эрхийг нь шилжүүлээд, хөрөнгийг нь шийдээд өгчих хэрэгтэй.

- Хэрэв эрхийг нь өгчихвөл ажил ямар байдлаар өрнөх вэ?

Бид зохион байгуулж, менежментийг нь хэрэгжүүлэх болно. Хүн хүчний боломж бидэнд байгаа. Төрийн хувьд бодлогоо гаргаад, ажиллах эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд болно. Жишээ нь  гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн асуудлыг нийслэл өөрөө хариуцаад явдаг. Төсвөө хорооддоо хувиарладаг. Оршин суугчид өөрсдөө иргэдийн бүлэг байгуулаад ямар орчинд амьдрахаа өөрсдөө шийддэг. Яагаад гэвэл тэдэнд юу хэрэгтэйг тэд л мэднэ. Орон нутагт ч гэсэн ийм зарчмаар ажилламаар байна. Гэтэл яам нь бараг гүйцэтгэгч компаний хэмжээнд оччихоод юм болгонд оролцох гээд байдаг.

Төрийн хувьд бодлогоо гаргаад, ажиллах эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд болно.

- Аймгийн удирдлагууд хэр санаачлагатай ажиллаж байна вэ?

Орон нутагт боловсон хүчин маш дутмаг. Хүмүүсээ мэргэшүүлэх хэрэгтэй байна. Зарим аймагт инженерийн шугам сүлжээг нь хариуцсан хүн нь эмч мэргэжилтэй байх жишээтэй. Эдүгээ Монголд мэргэжлийн инженер хүмүүс маш цөөн. Социализмын үеийн инженерүүд тэтгэвэртээ гарсан.  Өнөөгийн залуучууд инженерийн талаар ойлголт муутай.

- Орон нутагт барилгын материал үйлдвэрлэлийн судалгаа хийсэн тухай та ярилаа. Хэрэв Төрийн орон сууцны корпораци орон сууцны асуудлыг дэд бүтэцтэй нь хариуцаад авчихлаа гэж бодоход барилгын материал татах асуудлаа яаж шийдэх вэ?

Орон нутагт орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ гэдгийг зөвхөн барилга барих, шугам тавихаар хязгаарлаж ойлгож болохгүй. Энэ бол орон нутгийн иргэдийг ажлын байртай болгож, амьжиргааг нь дэмжих боломж бүрдэнэ. Хэн нэгэн нь жижигхэн тоосгоны үйлдвэр барилаа гэж бодоход бид тэр хүнээс тоосго худалдаж аваад барилгаа барина. Зуурмагийн үйлдвэртэй хүнээс зуурмагаа авчихна. Нэг хэсэг нь цонхыг нь хийж байхад, нөгөө нэг хэсэг нь хаалгыг хийж байг л дээ. Ядаж л барилгын компанид ажиллаж байгаа хүмүүсийн хувцсыг оёчихно. Орон нутгийн иргэд ажилтай, орлоготой болог л дээ. Орон сууцжуулахын зэрэгцээ төр иргэдийн бизнесийг дэмжээд явчихна. Энд тэндээс хүмүүс аваачиж ажиллуулах шаардлагагүй. Энэ чинь л дэд бүтэц, хүн амын асуудлыг зэрэг шийдэж байгаа хөгжлийн арга зам байхгүй юу.  Яам ийм л бодлогыг боловсруулаад дэмжээд өгчих хэрэгтэй.

Хүмүүс аймаг, суманд нь ажилгүй болохоор хот руу төвлөрөөд, ажилгүйдэл улам ихсээд байна. Хэрэв орон нутаг тухтай орон сууцтай, хийх ажилтай бол хүмүүс нийслэлдээ шавааралдахгүй шүү дээ.

Монголд дэд бүтцийг хөгжүүлэхэд юу тээг болоод байна вэ?

Аль ч оронд дэд бүтэцтэй газар үнэ цэнэтэй байдаг. Дэд бүтцийн хөгжлийг төр хөтөлж явах ёстой бөгөөд хамгийн чухал төслүүд нь дэд бүтцийнх байдаг. Чингис бондын хөрөнгөөр цахилгаан станциуд барих ажил эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Харин одоо дулааны шугам сүлжээний асуудлаа шийдэх хэрэгтэй байна. “Буянт-Ухаа 1” хорооллыг барихад дэд бүтцийг нь шийдэж өгөөгүй учраас бид өөрсдөө хөрөнгө оруулалтаа хариуцаж туннелийн системээр цэвэр ус, бохирын системийг барьсан. Бохирын системийн тухайд сүүлийн үеийн технологитой 2000 кубын багтаамжтай, үнэргүй, 98 хувийн цэвэршилттэй цэвэрлэх байгууламж юм. 

Зүгээр нэг барилга барьчихаад дэд бүтцийг нь шийдэж өгөхгүй бол тэр ямар ч хэрэгцээгүй үхмэл хөрөнгө, үргүй хөрөнгө оруулалт болно. Бодит жишээ нь Дөрөвдүгээр төрөх байна. Ямар ч төлөвлөгөөгүй олон тэрбум төгрөг зарцуулаад барилгын араг яс барьчихсан.

Манайхан голдуу газраа хамгийн түрүүнд хувийн хэвшлүүдэд зарчихдаг. Тэгсэн атлаа дэд бүтцийх нь асуудлыг шийдэж өгдөггүй. Угтаа шугам сүлжээ, замыг нь барьчихаад дараа нь барилга барих зөвшөөрөл олгодог баймаар. Ядаж бид Хятадын Эрээн хотоос санаа авах хэрэгтэй.

Дагуул хотууд байгуулна гэж яриад байгаа. Гэхдээ үүнээс өмнө дагуул хот барих газрынхаа дэд бүтцийг барих ёстой. Багахан хэмжээний нэг дагуул хотод 15 000 кубын бохирын систем, утаа гаргадаггүй  бага оврын станци барьчихад л болно шүү дээ.

Өөр нэгэн зүйлд би маш шүүмжлэлтэй ханддаг. Дэд бүтцийг хөгжүүлэхэд яам нь бодлогоо зангидаад гүйцэтгэх ажлыг нь мэргэжлийн байгууллагуудад нь өгчих хэрэгтэй. Тухайлбал цэвэр бохир усны шугамын асуудлыг Ус сувгийн удирдах газар, дулааныг нь Дулааны шугам сүлжээний газарт, цахилгааныг Цахилгаан түгээх газарт гэх мэтээр хувиарлаад хариуцуулчих ёстой.