Хот төлөвлөлтөд хүүхдүүдийн санал авдаг орон
Дэлхийн зарим хөгжингүй оронд хот төлөвлөхдөө хүүхдүүдийн саналыг авдаг
2015.03.24

Хот төлөвлөлтөд хүүхдүүдийн санал авдаг орон

Дэлхийн хот төлөвлөлтийн түүх ба монголчууд

Нүүдэлчин монголчууд орчин үеийн маягаар хотжоод хагас зуун жил болж байна.  Харин дэлхий дахинд хотжилт, хот төлөвлөлт гэдэг ойлголт хэдэн зуун жилийн түүхтэй.

Дэлхийн хотууд төлөвлөлтийн хөгжлийн дөрвөн үе шатыг дайрч өнгөрсөн гэж судлаачид үздэг. Эхний шат буюу 19 дүгээр зуунд хот, тосгодууд ямар нэгэн төлөвлөгөөгүй баригдаж иржээ.  20 дугаар зууны эхнээс дунд үе хүртэл хотыг яаж байгуулах тухай зарим нэг онолын суурь зарчмууд бий болов. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас 1970-аад оныг хүртэл дайнд сүйдсэн хотуудыг сэргээх ажил голдуу хийгджээ.

Харин 1960-аад оны сүүл үеэс хот төлөвлөлтийн хөгжилд тэсрэлт гарч “хот байгуулах системчилсэн хандлага” бий болжээ. Хотжилт хөгжсөн тэргүүлэгч орнууд хот байгуулахдаа онолын үндэстэй,  арга зүйтэй, хотын төлөвлөгөөг хэлэлцдэг, баталдаг тодорхой дэг журамтай болж ирэв.

Монгол улс Зөвлөлтийн ах нарын тусламжтай хотын ерөнхий төлөвлөгөөтэй болж нийслэлээ системтэй хөгжүүлэх баримжаалсан зургийг гаргасан. Ингэснээр саяхан л эсгий гэрээр дүүрэн байсан Улаанбаатарын нүүр царай тэс өөр болж эхэллээ. Хот төлөвлөлтийн алтан үе гэж хэлж болохоор 1962-1987 онд 40, 50 мянгат, 120, 220 мянгатын хорооллууд, II, XV, XIX, XVI, IV, V, X, XI, XIII, VI  орон сууцны хорооллуудыг барьж байгуулжээ.

Гэвч зах зээлд шилжиж, дээрээс нь Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламж, зөвлөгөө тасарснаар хот төлөвлөлтдөө ухралт хийв. Өөрөөр хэлбэл хот байгуулалт 19 дүгээр зууны хөгжлийн үе шатад эргэж очив. Хо Ши Миний “Азийн цагаан дагина” гэж магтаж байсан Улаанбаатар гэр хорооллоор шавуулсан, ямар ч төлөвлөгөөгүй, экологи, эрүүл ахуйн нөхцлөөр тааруу гудамжгүй хот болж хувирчээ.

1980 он, 1990 оны Улаанбаатар

Хотод барилгууд биш хүмүүс амьдардаг юм

Орчин үед дэлхийн аль ч оронд хотыг шинэчлэн төлөвлөх, эсвэл шинээр төлөвлөхдөө хэд хэдэн хүчин зүйлийг зайлшгүй харгалздаг. 

Нэгдүгээрт тэр хотын сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт хүн амд хэрэгтэй чухал газрууд хүртээмжтэй байх ёстой.  Ард иргэд хүртээмжтэй орон сууцанд амьдрах эрхтэй. Хүмүүсийн орон гэр, ажлын байрыг ус, цахилгаан, дулаанаар асуудалгүй хангах дэд бүтэц нь байх хэрэгтэй. Мөн хүмүүс гэрээсээ гараад ажилдаа очиход тохиромжтой тээврийн зохион байгуулалт нь сайн байх ёстой. Энэ бүгд нь нийгмийн хүчин зүйл юм.   

Хоёрдугаарт экологийн хүчин зүйл орно. Энэ нь ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт гудамж, хот доторхи болон хотын ойролцоох ой гэх мэт олон нийтэд зориулсан газарт хэн ч шунах ёсгүй гэсэн үг юм.

Гуравдугаарт тухайн хот эдийн засгийн ашиг авчирдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл жуулчид ирээд үзчих газартай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг зах зээлийн орчинтой байвал зүгээр. 

Голландын дагуул хотын үзэл санаа

Өнгөрсөн зуунд Голландын барилгын инженер, архитекторууд хотын хүн амын нягтаршлыг сийрэгжүүлж, далайн эргийн газар нутгуудаа суурьшлийн бүс болгохын тулд нөр их хөдөлмөр гарган ажиллажээ. Голландууд Амстердам, Гааг зэрэг хуучин том хотууд, Хилверсюм, Эммелорд гэх мэт шинэ хотуудаа дэлхийн хамгийн эдийн засгийн хэмнэлттэй хэрнээ ашигтай хотууд болгож чаджээ. Польдер буюу хатаасан, боловсруулсан газар дээрээ том хотуудаа тойруулан жижиг дагуул хотуудын сүлжээ, хөдөө аж ахуйн фермүүдийг байгуулжээ. 

20 дугаар зууны төгсгөлөөр Голландад хотын гадна талд, гэхдээ хотоос холгүй бүсэд хүн амыг хүртээмжтэй орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Үр дүнд нь томоохон хотуудыг хүрээлсэн, цөөн давхартай байшингуудаас бүрдсэн олон тооны жижиг хотууд бий болжээ.

Голландуудын гол зарчим нь: “Өөрөө амьдрахын хажуугаар бусдад амьдрах боломж өг”. Тиймээс тэдний хувьд зүгээр нэг орон сууц барихаас илүү тэр нь амьдрахад хамгийн тохьтой байх ёстой. Орон сууцны төсөл боловсруулахад хүүхдүүд, сурагчид, оюутнуудын саналыг сонсдог. Хамгийн их анхаарал хандуулдаг хүн амын хэсэг нь ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс.  Хотын захиргаа тэдний орж болох бүх газарт саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд анхаардаг. Энэ бүх нарийн асуудлуудыг шийддэг тогтсон схемийг Голландын архитекторууд боловсруулжээ. 

Том хотуудын ачааллыг саармагжуулах зорилготой дагуул хотууд нь дараах онцлогтой. 

Зарим дагуул хотод томоохон худалдааны төв байхгүй. Энэ нь дагуул хотын хэмжээ, байршил, барилгажилтын түвшингээс хамаардаг. Түүнчлэн ойролцоох сууринд хүргэсэн авто замын ангиллаас хүртэл шалтгаалдаг.  Түүнчлэн тэр хотод ямар насны хүмүүс голдуу амьдрахаас хамаарч худалдааны төв барих эсэхийг шийддэг. Настайчууд олон байвал мэдээж хол явж худалдаа хийж чадахгүй гэх мэт.

Голланд орон сууц

Хоёр дахь онцлог нь олон тооны цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж. Голландууд дэд бүтцийн энэхүү элементэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд архитекторууд бүх насныханд зориулсан ногоон байгууламжийн төсөл гаргадаг. Тухайлбал “хэдий чинээ настай байна төдий чинээ гэрээсээ хол зугаална” гэсэн зарчим үйлчилдэг.

Дараагийн нэг онцлог нь байшингийн төрөлжилт.

  • Нэг гэр бүлд зориулсан байшин
  • Нэг гэр бүлд зориулсан усанд ойрхон байшин
  • Хоёр гэр бүлд зориулсан хамтын гараажтай байшин
  • Шугаман гудамжтай олон төрлийн бүрийн байшин
  • Нэг гэр бүлд зориулсан битүү гудамж үүсгэсэн байшин
  • Хотын хэв маягтай цөөн давхартай орон сууц
  • Хорооллын зохион байгуулалтай, хотын хэв маягтай, усанд ойрхон байшин гэх мэт.

Яам оролцохоороо л яршигтай болдог

Хотын төлөвлөгөөг хэлэлцэх, батлах дэлхийн туршлагыг авч үзье. Европын олон оронд хот төлөвлөлтийн төслийг бэлтгэх, хэрэгжүүлэх ажлыг тухайн хотын удирдлага гардан зохион байгуулдаг. Хотын удирдлага мэргэжлийн хүмүүстэй хотын ерөнхий төлөвлөгөө гаргах гэрээ байгуулна. Дараа нь бэлдсэн төслийг Хотын зөвлөл хэлэлцэж, хэрэв дэмжвэл иргэдийн дунд хэлэлцүүлэг үргэлжилнэ. Иргэдийн зүгээс төслийн аль нэг хэсгийг үл зөвшөөрч, хотын удирдлага, иргэдийн хооронд үл ойлголцол гарвал холбогдох шүүхийн байгууллага асуудлыг шийднэ.  Маргааныг шийдвэрлэсний дараа төслийг батлах үйл явц эхэлнэ.

Хотын төслийг Хотын зөвлөл хэлэлцэж, хэрэв дэмжвэл иргэдийн дунд хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Хот байгуулалтын төслийг батлах үйл явц орон болгонд харилцан адилгүй.  Тухайлбал Герман, Голланд болон Скандинавын орнуудад эрх мэдлийг нилээд тархаасан бөгөөд төслийг хотын удирдлага, иргэд баталсны дараа Газрын албаар хэлэлцүүлдэг.  Дэмжсэн тохиолдолд бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Дээр дурьдсан орнуудад хотын ерөнхий төлөвлөгөөг холбогдох яамаар батлуулах албагүй учраас үйл явц харьцангуй хурдан үргэлжилдэг.

Итали, Их Британи, Франц улсад хотын ерөнхий төлөвлөгөөг холбогдох яам батлах учиртай.  Гэхдээ Италийн хуулийн дагуу орон нутгийн захиргаад нь яамнаасаа илүү эрх мэдэлтэй. 

Их Британид хот төлөвлөлтийн асуудлыг Орон сууцны яам хариуцдаг.  Төслийг эхлээд Хотын зөвлөл хэлэлцээд дараа нь яаман дээр очно. Хэрэв том хэмжээний өөрчлөлт оруулах болвол сайдын зөвшөөрөл заавал хэрэгтэй.  Тэр байтугай таван жил тутамд баталдаг хотын шинэчилсэн төлөвлөгөөг сайдтай зөвшилцөх ёстой.  Ерөнхий төлөвлөгөө батлах үйл явц 2-3 жил үргэлжилдэг.

Франц улсад хот байгуулалтын төслийг эхлээд тусгай хариуцлагатай хэлтэс, комиссуудын хүрээнд хэлэлцдэг.  Хотын захиргаа, тусгай комиссууд 3 сарын турш өөрсдийн засварыг хийж, тайлбарыг хийдэг.  Үүний дараа ямар ч дотоод зөрчилгүй болсон төслийг ажиглагч комиссууд хүлээж авдаг. 50 мянгаас дээш хүн амтай хотод яамнаас томилсон комисс ажилладаг.

Энэ бүхнээс харахад хот байгуулалтын төслийг батлах үйл явц хэрэв тухайн асуудлыг яам нь хариуцаж байвал хэтэрхий удаан явагддаг дүр зураг ажиглагдаж байна.  Тухайлбал Франц, Их Британи, Итали, Иран. Англид заримдаа нэг төлөвлөгөөг батлахын тулд олон арван удаа хуралдах хэрэг гардаг. 

Харин хот төлөвлөлтийн асуудлыг тухайн хотын удирдлага бие даан шийддэг улс орнуудад энэ үйл явц бага хугацаа авдаг байна. Энэ тохиолдолд яамны түвшинд асуудлыг уяад байх шаардлагагүй.