Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв
УИХ-ын гишүүн Д.Батцогг, З.Баянсэлэнгэ
2015.03.24

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв

Иргэний танхимд өчигдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцуүлэг болов. Хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогг, С.Оюун, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар ирсэн байлаа. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явуулсан юм.

Тэрээр хэлэлцүүлгийн эхэнд “Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихын өмнө иргэний нийгмийн төлөөлөл, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан Иргэний танхимд хэлэлцүүлэг хийдэг. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн мэдүүлнэ гэсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар Хууль зүйн яамтай энэ чиглэлээр хамтарч ажилласан. Засгийн газрын өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэж саналаа ирүүлэх гэж байна” гэсэн юм. Үүний дараа Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунболд хуулийн төслийн талаар танилцуулав.

Өнөөдөр захиргааны зөрчил гэдэг нэрийн ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдсаар ирсэн. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддаг. Үүний нэлээд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ хуулийн төслийг боловсруулсан тухай ярилаа. Энэ хууль бол Гэр бүлийн тухай хууль биш, ахуйн хүрээнд хүчирхийлдэг, хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулна гэдгийг онцлов. Гэр бүлийн хүчирхийллээр үүссэн ноцтой хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр хүчирхийллийн эсрэг төвийн захирал Б.Энхжаргал “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирохоос гадна шүүх эмнэлэг, бусад үйлчилгээний төлбөрт 400 гаруй мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог. Гэр бүл салсан таван тохиолдол бүрийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг.

Жилд дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалах үйлдлийг хэтрүүлэн хэрэглэж хүний аминд хүрсэн 38 эмэгтэй одоо ял эдэлж байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийг тэвчилгүй гэр бүлийн гишүүнийхээ амийг хөнөөсөн эрчүүд ч байдаг гэдгийг танилцуулсан юм.