Д.Батцогт: Хүчирхийллийг бууруулахын тулд архидалттай тэмцэх ёстой
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.03.24

Д.Батцогт: Хүчирхийллийг бууруулахын тулд архидалттай тэмцэх ёстой

 Гэр бүлийн хүчирхийлэл- хохирогч хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл оролцсон юм. Энэ талаар тус хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Д.Батцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

- Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаараа ямар ач холбогдолтой вэ?  

2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан. Дараа нь 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан байдаг.  Хохирогчийг хамгаалах, хамгаалах байртай болсон гээд дэвшилттэй зүйлүүд байна.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар гэр бүлийн хүчирхийллийг зөрчил гэж үздэг байсан бол хуулийн өөрчлөлтөөр гэмт хэрэг гэж үзэхээр болж байгаа. Нэг удаа хийсэн бол зөрчил, давтан гэр бүлийн гишүүдээ хүчирхийлээд байвал гэмт хэрэг гэдэг байдлаас нь  харах нь илүү зөв.

- Гэр бүлийн хүчирхийллийн үр дагаврын талаар ямар мэдээлэлтэй байна?

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл цөөрөхгүй байна. Хүүхдүүд хүчирхийллийн золиос болсон тохиолдол их гарч байгаа нь санаа зовоож байгаа юм.  Гэр бүлийн хүчирхийлэл бол далд явагдаж байдаг. Гэр бүлээ хамгаалахын тулд, үр хүүхдээ аврахын тулд хохирогчид ил болгохоос эмээдэг тал бий. Ийм учраас хамгааллын талаас нь энэ хуульд зарим нэг өөрчлөлтүүдийг оруулж байгаа.

- Бусад хуулиудтай одоо батлагдах хуулийн өөрчлөлтийг хэрхэн уялдуулах вэ?

Хүчирхийлэл байгаа тэр газарт архидалт их байдаг. Нийгэмд гарч байгаа хүчирхийлэл, гэмт хэргийн ихэнхи хувийг архидан согтуурсан үедээ үйлддэг. Эрүүл саруул үедээ аав, нөхөр байснаа архи уухаараа хүчирхийлэгч болж хувирдаг хүмүүс ч байгаа. Энэ үед нь гэмт хэрэг гээд шоронд хийчихээр өнөө гэр бүл эвдэрч байгаа юм.  Тиймээс архидалтын асуудлыг нилээн өндөр түвшинд авч үзэх хэрэгтэй.

-Гэмт хэрэг болсон хойно нь шийдэхээс илүү яаж урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

Ойлгуулах ухааруулах, урьдчилан сэргийлэх талаас нь зохицуулалт хийж байгаа. Тодруулбал сэтгэл заслын үйлчилгээ.  Мэдээж  илэрхий хэрэг үйлдээд байгаа хүмүүст бол хариуцлагын тогтолцоог чангаруулна.

-Энэ хаврын чуулганаар амжиж батлагдах уу?

- Энэ хуулийг шинэчилэхэд ач холбогдол өгч байгаа. Батлагдана гэж бодож байна