Иргэддээ тайлагнаж байна
Иргэд
2015.03.25

Иргэддээ тайлагнаж байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17дугаар зүйлийн 17.1.4, 17.1.9 дэх хэсэг, хороодын Иргэдийн Нийтийн хурлын дэгийн журмын 2.3.1 дахь хэсгийн дагуу Сүхбаатар дүүргийн 1-ээс 20 дугаар хороодын Иргэдийн Нийтийн Хурал болж байна.

Хороодын ИНХ-аар хороодын Засаг дарга нар 2014 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, ӨЭМТ-ийн эмч болон цагдаагийн хэсгийн байцаагч нар иргэдэд тайлан тавьж мэдээлэл өгч байгаа юм. Мөн энэхүү хурлуудад дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож дүүргийн зүгээс иргэдийнхээ санал санаачлага, оролцоог хэрхэн хангаж, шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгаж, хэрэгжүүлж буй талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонирхсон асуултад нь хариулт өгч байгаа юм.

Иргэд хороодын засаг дарга нарын тайланг хангалттай гэж дүгнэж, хороодын Засаг даргын Ажлын алба иргэдэд түргэн шуурхай үйлчилж ахиц дэвшил их гарсан, дүүргийн хэмжээнд 2012 оноос эхлэн сүүлийн 25 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин ихээхэн дээшилсэн зэргийг онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлэн Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ болон бусад хэлтэс албадууд сайн ажиллаж байгааг ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнээр дамжуулан уламжилсан юм. Хороодын ИНХ 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.