Бүтцийн өөрчлөлтийг "ХЯМРАЛ" гэж андуурав
Тиймээс миний хувьд Чингис бондын зарцуулалтын муу талыг олж харахгүй байна.
2015.03.26

Бүтцийн өөрчлөлтийг "ХЯМРАЛ" гэж андуурав

СЭЗДС-ийн захирал Д.Батжаргалтай “Шинэчлэлийн засгийн газрын үйл ажиллагаа эдийн засагт хэрхэн нөлөөлсөн” талаарх ярилцлагыг тоймлон хүргэе.

Төр ухаалаг больё гэвэл цангасан хүнд ус л өгөх хэрэгтэй

Чингис бондын хөрөнгөөр дотооддоо үйлдвэрлэл бий болгоход зориулж  зээл олгосон нь 2014 оны эдийн засгийн үзүүлэлтээр үр дүн нь харагдаж, цемент, арматур зэрэг бүтээгдэхүүнийг  дотооддоо үйлдвэрлэдэг  болсон.

Гэхдээ ихэнх хөрөнгөө замын салбарт оруулсан нь урт  хугацаанд үр нөлөө нь сайн ч бондын өрөө төлөхөд асуудал үүсгэнэ. Уг нь эрчим хүчээ баталгаатай болгох ёстой байлаа. Эрчим хүч болон төмөр замаа шийдчихсэн бол монголын эдийн засагт чухал нөлөөг үзүүлэх байв. Чингис бондыг босгож хөрөнгө оруулалт хийсэн нь нэг талдаа өөрсдийн эдийн засгийн потенциалаа зөвөөр харуулсан гэж болно. Өмнө нь дандаа хөөсөн дүр зураг байсан.

Одоогийн хямрал нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадынхан хөрөнгө оруулалтаа татсан эсвэл Оюутолгойтой хэл амаа ололцоогүйгээс болчихсон л зүйл. Үүнийг эдийн засгийн бүтцийн хямрал гэж үзэх ёстой болохоос биш эдийн засгийн хямрал гэж харж болохгүй. Тиймээс миний хувьд Чингис бондын зарцуулалтын муу талыг олж харахгүй байна. Харин өөрсдийн эдийн засгаа зөв бүтэц рүү чиглүүлэхэд нилээд түлхэц болсон ажил гэж ойлгосон. Гэхдээ хөгжилтэй орнуудын хөгжлийн туршлагаас үзэхэд иргэд нь маш их хуримтлал үүсгэчихсэн байдаг. Түүнээс нь төр бонд гаргаад  дотоодын үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийснээр тухайн улс хөгжсөн байдаг. Гэтэл манайд хуримтлалтай хадгаламжтай хүн хэд байдаг билээ. Бүгд зээлтэй.  Тиймээс зээл авахаас өөр аргагүй.

Сүүлийн үед эдийн засгийн өсөлтийг үйлдвэрлэсэн  ДНБ-ээр хэмждэг хэмжүүр буруу гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн. Харин өрх бүрийн орлого бодитойгоор өссөн үү гэдэг үзүүлэлт бодит дүнг гаргаж байна.

Яг үүнийг өнгөрсөн жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг хүртсэн “Төр ухаалаг шийдвэр гаргаж иргэдийнхээ бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэх” тухай бүтээлд тусгасан. Эдийн засагт нь  төр оролцохгүй байна гэдэг монголын хувьд байж боломжгүй юм. Харин төр маш хяналттай, ухаалаг, олон талын хэлцэл, зөвшилцлийн үндсэн дээр оролцох ёстой.

Хүмүүс 2010-2012 оны эдийн өсөлтийг их ярих болж. Тухайн үед нүүрсний үнэ 130 ам.доллар болчихоод Монголын говийг улаан тал болтол машинаар урд хөрш рүү нүүрсээ зөөж зарсан төдий л зүйл.  Тэр 17 хувийн өсөлтийн дийлэнх хувь нь нүүрсээ зарсан ашиг. Үнэндээ БНХАУ сайндаа ч манайхаас нүүрс аваагүй. Тухайн үед Австралийн нүүрсний уурхайнууд үерт автчихаад Хятадууд нүүрс авах газаргүй болчихоод нүүрсний үнээс өссөнөөр манайхаас импортолсон. Түүнийг л эдийн засгийн өсөлт гээд гавьяа байгуулчихсан мэт яриад байгаа нь өрөөсгөл ойлголт.

Дэндүү их боломж

Хөрөнгө оруулж болох чухал салбар нэг нь эрчим хүч. Цахилгаан хэрэглэсэн бол хэрэглэгчээс маш хурдан хугацаанд мөнгийг авчихдаг учраас нөхөн төлжихдөө сайн. Манай улсын эдийн засаг жижиг, бага оврынх. Гэтэл эрчим хүчээр дутаж байна.  Уул уурхай хөгжүүлэх гэж байгаа бол төмөр замын тээврийг  хөгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн аялал жуулчлалыг сайжруулахын тулд дотоодын агаарын тээврийн үйлчилгээг дээшлүүлэх нь чухал.

Өндөр зардалтай тээврийг хийх үү эсвэл олон жижиг нисдэг тэрэг ашиглах уу зэргээр гарцыг хайх хэрэгтэй. Ер нь дэд бүтцийн асуудлаа сайжруулчихвал үйлдвэрлэгч нар бэлэн. Өөр чухал зүйл нь бидний бүтээгдэхүүнээ экспортлох зах зээл бэлэн болчихсон.

 Жишээ нь Европын улс, Япон, Хятад зэргээр гадаад зах зээл хязгааргүй. Бид өөрсдөө байнгын эрэлттэй байх боломжтой. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүүдээд эдийн засаг унана гэж хэзээ ч байхгүй. Ийм боломжуудыг ашиглаж байж өсөлт гарна. Үүнийг л эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэж хэлээд байгаа юм.

Бид мал аж ахуй орон. Малын ноос, ноолуур, арьс, шир, мах зэрэг түүхий эдээ  ашиглах хэрэгтэй. Хамгийн зөв зангилаа цэгийг олоод тэндээ ноос угаадаг, самнадаг, арьс ширний анхан шатны боловсруулалт хийдэг төвийг байгуулан ажиллаж бүсчлэх хэрэгтэй. Ингэж боловсруулагдсан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь илүү ашигтай.

Үүнийг бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийсэн бол 50 сая малтай мал аж ахуйн салбар хөгжинө. Гэтэл бид аж үйлдвэрийн бодлого яриад мал аж ахуйн салбараа орхигдуулаад байна. Мал аж ахуйгаа дагасан үйлдвэрлэлийг бий болгохгүй бол төвлөрөл нь хот руу чиглээд  мал туусан нөхдүүд Улаанбаатарын эргэн тойронд олноор сууришаад худаг ус, бэлчээрээ булаацалдаад “Хүргэн хүү” кинон дээр гардаг шиг зодоон болох нь холгүй байна.  Ийм бодлого ус агаар шиг дутагдаж байна.

Монголд хөгжүүлж болох өөр нэг салбар экологийн аялал жуулчлал. Монголын уламжлалт ёс заншил, аж ахуй, соёлыг дэлхийд таниулах ажлыг хамгийн түрүүнд хийж болно. Үүний тулд дотоодын тээврийн асуудлыг түргэн шийдэж аймаг хот, аймаг хоорондын нислэг бий болгох хэрэгтэй. Жишээ нь Өмнөговиос Хөвсгөл рүү гэх мэт. Мэдээж хямд байх хэрэгтэй. Зөвхөн уул уурхай гэлтгүй хөгжүүлэх ёстой олон салбар байгаа ч хөгжих эсэх нь зөвхөн шийдвэр гаргагчдаас л хамаарна.