Д.Сумъяабазар: Намын жагсаалтаар УИХ-д сонгогдохыг дэмждэггүй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.03.26

Д.Сумъяабазар: Намын жагсаалтаар УИХ-д сонгогдохыг дэмждэггүй

УИХ-ын гишүүн Д. СУМЪЯАБАЗАРААС дараах зүйлийг тодрууллаа.

-Та УИХ-ын чуулганы завсарлагаар ямар ажил хийж байна вэ?

Ер нь УИХ-ын хавар, намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллах ёстой байдаг. Тиймээс юун түрүүнд тойрогтоо ажиллалаа. Тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзаж, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар, мөн батлагдсан хуулиудтай холбогдуулан санал бодлыг нь сонсдог. Тухайн хуулийг баталснаар ард иргэдэд ямар ач тустай, мөн хуулийн хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцаж байна. Батлагдсан хуультай холбоотой иргэдийн санал бодлыг сонсч тайлбарлах зэргээр хууль сурталчлах ажил бол чуулганы завсарлагааны үеэр хийх гол асуудлын нэг байдаг.

-Сонгинохайрхан дүүргийн иргэд намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүнтэй уулзалт хийхээс татгалзсан гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

Ер нь иргэдээсээ сонгогдож мандатаа авч байж УИХ-д суух ёстой гэж уулзалт хийх болгонд ард иргэд хэлдэг. Төрийн ажил ч иргэдтэйгээ эргэх холбоотой, амьд харилцаан дээр явах ёстой. Тиймээс намын жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг болих хэрэгтэй. Сөрөг үр дагавар ч их гэдэгтэй миний хувьд санал нэг байгаа. Манай намын бүлэг ч сонгуулийг жижиг 76 буюу мажоритар тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэдэг саналтай байгаа.

-Тойрогтоо ажиллахад иргэдийн амьдрал ямар байна. Тэдний зүгээс ямар асуудлыг голчлон ярьж байна вэ?

Нийгэм, эдийн засагтай холбоотойгоор иргэдийн санааг зовоож байгаа асуудлууд их байна. Ялангуяа ажилгүйдэл, ядуурал их байгаа талаар хүн бүхэн хэлж байгаа. Ядуурлын түвшин төдөн хувьтай гэж статистикийн байгууллага нэг тоо гаргадаг. Гэхдээ ядуурлыг дотор нь ангилмаар байна. Үнэхээр Энэтхэг, Балбад байдаг шиг ядуурал манайд алга. Гэхдээ орлогын эх үүсвэрийн дутагдлаас ядууралд орж байна уу гэж би хараад байгаа.

Тэгэхээр иргэдээ орлоготой байлгахыг төр засгаас анхаарах ёстой. Иргэдээ орлоготой байлгахын тулд гадаад, дотоод харилцаагаа улам тэлэх шаардлагатай. Дотооддоо ажлын байр хангалттай бий болгож чадахгүй бол гадаад харилцаандаа тулгуурласан бодлого явуулж болно. Ингэснээр валютын урсгал ч нэмэгдэнэ.

-Та нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан хүний хувьд нийслэлээс явуулж байгаа өмч хувьчлалыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

Хувьчлах өмч гэж байна. Бас хувьчлахгүй нь байх ёстой. Нийгмийн салбарын хувьчлалыг эргэж харах ёстой. Маш сайн төлөвлөж утга учиртай хийх хэрэгтэй байх. Нийслэлийн өмч гэдэг төрийн өмч гэсэн үг. Улаанбаатарт байгаа ганцхан стандарт хангасан усан бассейнаа төр өөрөө хариуцаад үйл ажиллагааг нь явуулбал хэрэгтэй гэж бодож байгаа.

-Төрийн өмчид байхаар ашиггүй ажиллаад хувьд очихоор илүү хөгжиж ашигтай ажиллах боломж бүрддэг юм биш үү?

Хувийн хэвшил төрийн оролцооны талаарх гэрээ нь их чухал. Сүүлийн үед төрийн өмчийг хувьчлах ёстой гэж их ярьдаг ч нийгмийн салбарынхнаас би болгоомжилдог.