Г.Батхүү: Амьдрал гэдэг бүхэл бүтэн адал явдал
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.03.27

Г.Батхүү: Амьдрал гэдэг бүхэл бүтэн адал явдал

“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхэлж байна”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таны шашин шүтлэгийн хувьд? 

Шарын шашин шүтдэг. 

-Таны гэр бүлийн танил­цуулга?

Эхнэр, хоёр хүү, нэг охинтой.  

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг шүү дээ. Таны хэлэх дуртай үг?

Хүн болгон өөрийн амьдралын гол зарчимд тулгуурласан үг хэлдэг байх гэж боддог. Миний хувьд хэзээ нэгэн цагт өмнө нь уулзаж байсан хүнтэйгээ эргээд уулзахад нүүр бардам сэтгэл зовохгүй амьдрах юмсан гэж боддог.

-Таны сонирхол болон хобби?

Олон бий. Би өөрөө тээврийн хүн учраас энэ төрлийн спортыг их сонирхоно. Машин, мотоциклийн спортыг дэлхийн хэмжээнд гаргахын тулд баг хамт олноороо ажиллаж байна. Үүнээс гадна цэвэр монгол нохойг үржүүлэх талын сонирхолдоо хөтлөгдөн ажилладаг. 

-Таны дуртай болон дургүй хоол?

Монгол хүн учраас гурилтай шөл, махаа л идэх дуртай. Харин Европ талын хоолонд нэг их дурлаад байдаггүй. 

-Таны бүр багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

Хүүхэд байхдаа нисгэгч болох юмсан гэж боддог байсан. Манай өвөө Монголын ууган тээвэрчдийн нэг. Хүүхэд ахуй цаг маань машины кабинд өнгөрсөн гэж хэлж болно. Тийм ч учраас тэнгэрээр явдаг жолооч болохыг ихэсдэг байсан. Аравдугаар ангиа төгсөөд оноогоор жагсахад би нэгдүгээрт орж, нисэхийн мэргэжил сонгох гэсэн ч хуваарь байгаагүй. Тэгээд л автотээврийн чиглэлээр сонголтоо хийсэн. 

-Та согтууруулах ундааны талаар ямар бодолтой байдаг вэ?

Аливаа зүйлийг хэмжээнд нь тохируулж хэрэглэх нь чухал. Мэдээж хэтрүүлж хэрэглэвэл муу хор уршиг л болно. Тийм учраас хэзээ, хаана яаж хэрэглэх нь чухал. 

-Та өөрийгөө ямар зан чанар­тай хүн гэж боддог вэ. Таны ойр тойрныхон таныг ямар зан чанартай гэж хэлдэг бол?

Муу талаас нь хэлвэл жаа­хан зөрүүд. Үүнийгээ өөрөө ойл­гож засдаг. Өөрийн зорьсон зорил­год хүрэхийн төлөө тууш­тай явна. Залхуу хүнд дур­гүй. Харин надтай зан ааш таарах­гүй хүнд бол би хэцүү л байх. Гэх­дээ хамтран ажиллаж бай­гаа хүмүүст миний зан ааш таалагддаг гэж хэлдэг. 

-Таны хамгийн дуртай спорт? 

Нэг хэсэг сагсанбөмбөг, волейбол л байсан. Сүүлд мото спортоор хичээллэж байсан. Харин одоо Монголын морин спортын салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. 

-Та бухимдвал хэрхэн тайвширдаг вэ?

Амралтын өдөр бол хөдөө явна. Миний хувьд хотын төвд амьдарч чаддаггүй. Өвөл зунгүй зусландаа амьдардаг. Тэнд харьцангуй дуу чимээ багатай. 

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

Зорьсон ажлынхаа үр дүнг үзэхээс буюу эхлэл нь сайхан байвал тухайн үед өөрийгөө тооно. 

-Хэрвээ цаг хугацааг ухраадаг машин байсан бол та хэдэн онд очих вэ?

Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилд байсан үе рүүгээ явна. 

-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байна вэ?

Яг одоо бол сайхан уул хангайн зураг бий. Наадмын үеэр морины зургаар солино. 

-Одоо хийж байгаа ажлаа соль гэвэл?

Хөдөө гарч, сайхан аж ахуй эрхлээд амьдарна даа.

-Та нэг өдрийн төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүд юу хийхийг боддог вэ?

Мэдээлэл авахыг л хүсдэг. Мэдээллийн эрин зуунд нэг өдрийн мэдээллийг ч гэсэн алдахгүй авахыг хүсдэг. 

-Таны аялах дуртай дуу?

Эх орны сэдэвтэй, хүний эх оронч сэтгэлийг хөдөлгөсөн дуу аялах дуртай. 

-Та аз жаргалтай үеэ дурсаач?

Өвөөгийн хүүхэд байх их сайхан байсан. Аав, ээжээс илүүтэй өвөө дээрээ өссөн учраас тэр үе л их сайхан. Аав, ээжээс өмөөрнө, хамгаална гэх мэтээс эхлээд сайхан үе байсан. 

-Та яг энэ мөчид өвөөдөө хандаж сайхан үг хэлээч?

Миний өвөө жирийн жо­лооч хүн байсан. Намайг ОХУ руу дээд сургуульд явах гээд томи­лолт аваад явах гэж байхад өвөө өврөөсөө нэг дэвтэр гаргаж ирээд “Хүний газарт ном их сураад ирээрэй” гэж бичиж өгч байсан. Өөрөөр хэлбэл, хүний нутагт нийгэмшиж, амьдралын ухаан сурч, хүнтэй харьцах, хэрэгцээтэй зүйлийг сурж ирээрэй гэсэн үнэтэй сургаалийг өгч хэлж байсан. 

Харин сургуулиа төгсөөд ирэхэд өвөө миний хүү Тээврийн яамны сайд болох байх гэж хэлж байсан. Тухайн үед өвөөг хачин юм ярих юм гэж бодож байсан ч одоо зам, тээврийн салбарын сайдаар гурван удаа ажиллаж. Эргээд бодохоор өвөө маань их ухаантай. Намайг хүн болгож өсгөхөөс гадна амьдралын ухаантай болгож өсгөжээ гэж үнэхээр баярлаж явдаг. 

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

Эхлээд нүд рүү нь харна. Харцнаас нь андашгүй хүн бий шүү дээ. 

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ?

Яг өөртөө зориулсан мөнгө их бага шүү дээ. 

-Та бусдыг өөртөө юугаараа илүү татдаг вэ?

Итгүүлж л татдаг юм болов уу. Итгүүлж гэдэг нь хийж байгаа үйлдэл, харьцаа, хийж бүтээсэн ажлаараа гэсэн үг. 

-Таны бүх зүйл бүтэмжтэй болсон сайхан үед гэртээ зурагтынхаа удирдлагыг бариад буйдан дээрээ хэдэн цаг сууж чадах вэ?

Хязгааргүй сууж чадна шүү. Заримдаа сайхан нэвтрүүлэг үзвэл телевизийн өмнө суугаад эхнэрийг дуудтал босохгүй шүү. 

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

Би нэг их бариад байдаггүй. 

-Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг тэр үг?

Би нэг их нууж хаагаад хадгалаад байдаггүй, шууд хэлчихдэг. Хайртай хүндээ ч тэр, дургүй хүндээ ч тэр хэлчихдэг. 

-Та дурлалдаа шаналаад уйлж байв уу?

Би хөдөө 10 жилээ төгсөөд шууд гадагшаа сургуульд явсан. Манай ээж насаараа дарга, намын ажил хийсэн шулуун шударга зантай хүн байсан. Ээж маань сургууль төгсөөгүй, хүн авчраад тэжээх цалинтай болоогүй байж эхнэр авахгүй шүү гэдгийг хатуу хэлсэн. Тэгээд оюутан цагийн таван жилд эхнэр авч болохгүй гэсэн хатуу бодолтой байсан. 

Ингээд сургууль төгсч ирээд тээврийн яаманд ороод томилолтоо автал дээр нь “АЗЗ” гээд бичихсэн байсан. Хөдөөний хүүхэд учраас тэр үгийг мэдэхгүй хамгийн ойр байх гурван яамны жижүүр өвгөнөөс асуутал Барилгачдын соёлын ордноос Үйлдвэр долоон буудал гэх автобусанд суугаад цагаан хаалгаар гараад буухаар “АЗЗ” гэж байгаа тэнд оч гэлээ. Миний хувьд хөдөөнөөс ирээд шууд Орос руу явна. Оросоос ирээд шууд хөдөө явна. Ингээд хотыг мэдэхгүй. 

Тиймээс л хүнээс асуугаад автобусанд сууж Авто засварын завод гэх том газар очлоо. Тэгээд ортол Хоролгарав гээд их сайхан зантай хүн угтаж, миний гэрийн хаягийг асуудаг юм байна. Тухайн үед хотод оршин суух ямар ч хаяг байхгүй учраас Өвөрхангайн хаягаа хэлтэл тэр хүн “14 хоногийн амралтаа аваад гэртээ хариад амьдрах гэр орноо шийдээд хүрээд ир” гэсэн. Тэгээд буцалтгүй тусламж гэж 120 төгрөг өглөө. Ингээд хөдөө явж ирээд ах дүү, хамаатан садан, таньдаг айлдаа амьдарч, бараг л өвдгөө хүрсэн хар тосон дунд завсарчин хийж амьдралаа эхэлж байлаа. 

-Таны багадаа хамгийн их тоглодог байсан тоглоом?

Хөдөөний хүүхдүүд ихэвчлэн чулуугаар тоглоно. Мөн шилбүүр унаж тоглодог байлаа. 

-Гэр бүлээс гадуурхи харилцааг юу гэж боддог вэ?

Гэр бүлийн амьдрал сайхан, эхнэр нөхөр хоёр сэтгэл ханамжтай байвал ийм асуудал гарахгүй  гэж боддог. 

-Таны багын хоч?

Би багадаа их туранхай өндөр хүүхэд байсан. Тэгээд гоймон, гонзгой гэх мэтээр хочилдог байлаа.

-Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс давуу байх шинж чанар?

Ачаалал даах чадвар.

-Та болзсон газраа цагтаа ирээгүй найзыгаа хэр удаан хүлээх вэ? 

Ер нь хүлээх дургүй. Би цагтаа ирнэ. Цагтаа асуудлаа ярина. Харин байхгүй бол баяртай л гэдэг. 

-Таны хүүхэд нэгдүгээр ангид орвол хувийн сургуульд өгөх үү. Эсвэл улсын сургуульд өгөх үү?

Манай хүүхдийг сургуульд орж байхад хувийн сургууль гэж байсангүй. Харин одоо бол аль сайн сургалттай байгаад нь өгнө. Яагаад гэхээр хүүхэд нас гэдэг бол яг хүн төлөвших хугацаа байдаг. Үүнээс үүдэн одоогийн хууль тогтоомжтой зөрчилдөх үе бий. 

Жишээ нь одоо хөдөөгийн малчин айлын зургаан настай хүүхдийг сургуульд сур гээд ээжтэй нь төв рүү оруулж байна. Ингэхээр нөгөө хүүхэд сайхан дулаахан байранд кабель үзээд тухтай байхаар эргээд малчин болохгүй. Хоёрдугаарт, тухайн гэр бүлийн хоорондын харьцаа үрэгдэх асуудал ч үүсч байна. Тэгэхээр энд бодмоор зүйл байгаа юм.  

-Таныг  өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл?

Жинхэнэ монгол хүн л гэнэ.

-Таны хамгийн дуртай баяр?

Хүүхэд байхад цагаан сар байсан. Харин одоо улсын баяр наадам гэдэг монголчуудын хүсэн хүлээдэг сайхан баяр учраас үүнд их дуртай.

-Тантай ярьж байгаа хүн таны өөдөөс харж суугаад худлаа хэлээд байвал?

Эхлээд сонсоно. Үр дүн нь юу гэж дуусахыг л сонсоно. Өөрөөр хэлбэл, худлаа ярьж байгаа ч гаргалгаа нь зөв байх зүйл байж болно. Тиймээс хүний ярьж байгааг бүтэн сонсоно. 

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар?

Мэдээж хөгжил гэдэг утгаараа дэлхийн улс орнууд маш хурдацтай хөгжинө. Тиймээс улс орон, өрх гэр, хүн бүр үүнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. 

-Та шүүмжлэлийг хэр хүлээн авдаг вэ?

Авна. Шүүмжлүүлэх дуртай. Бидэнд аав, ээж юм хэлэхгүй. Найз нөхдүүд бие биедээ дасчихсан. Энэ мэтчилэн шүүмжлэл хэлэх хүн ховор болж. Тиймээс шүүмжлэлд дуртай. 

-Хайртай, уучлаарай, салъя гэдэг гурван үгийн хэлэхэд хамгийн хэцүү нь?

Хэлэхэд ер нь амархан. Харин хийж хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү нь салъя. 

-Улс төр гэж юу вэ?

Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс өөрсдийн үзэл бодлыг бусдад тулгаж байгаа асуудал.  

-Хэрэв та үл үзэгдэгч болбол юу харахыг хүсч байна вэ?

Улс төрийн муу зүйл. Одоогийн ярьдгаар хэн хаана хор найруулж байгааг харах болов уу.

-Таны хамгийн очих дуртай газар?

Малчин айл.

-Таны уурлахдаа гаргадаг зан чанар?

Дуугүй болдог. 

-Таны дургүй үг?

Сүүлийн үед хүмүүс аягүй гоё гэж ярьдаг. Гэтэл аягүй гэдэг чинь ямар утгатай билээ. Энэ мэт монгол хэлийг буруу ашиглаж байгаад дургүй. 

-Та хэр шударга хүн бэ?

Өөрийгөө магтах нь ч хаашаа юм. Гэхдээ миний баримталдаг зарчим бол шударга байхын төлөө явдаг.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их итгэлтэй байдаг вэ?

Шийдвэр гаргахдаа. 

-Энэ амьдралын юунд хамгийн их эргэлзэх юм?

Хүн хүнээ хайрлаж, хүндэлдэг тэр сэтгэл цаашид хэрхэх бол гэдэгт эмзэглэдэг. Одоо үед эцэг эх, хүүхдийн харилцаа хүртэл барууны хэв маяг руу орж байна. Монгол хүнд эцэг эх, ах дүү, найз нөхдийн холбоо их дотно байх ёстой. 

-Юунаас хамгийн их айдаг вэ?

Ойр дотны хүн, найз нөхөд маань намайг хуурах үйлдлээс болгоомжилж айж явдаг. Хэрвээ хуур­вал түүнийг сэтгэлдээ хүлээж авахад их хүнд байх болов уу. 

-Мөнгө гэж таныхаар?

Нэг төрлийн хэрэгсэл. Өдөр тутмын хэрэгцээнд маш чухал. Зөв зорилгоор зарцуулаад явбал байж болох. Харин буруу ашиг­лавал аюул. 

-Та Монгол эх орноо ямар байгаасай гэж боддог вэ. Мөн ирээдүйн сайхан Монгол орон хэдэн он бол?

Биднээс шалтгаална. Эв нэгдэлтэй зөв замаар аваад явбал бид сайхан амьдрах цаг ойрхон. 

-Та хамгийн сүүлд сэтгэ­лээсээ инээсэн бэ?

Ойрд сэтгэлээсээ инээсэн нь санагдахгүй байна. 

-Бидний амьдарч байгаа нийгэмд өөрчлөх асуудал их байгаа. Харин таны бодлоор?

Дээд талд нь төрийн бүтцийг сайжруулах ёстой бол доод талд нь нийгмийн сэтгэлгээг өөрчлөх ёстой. 

-Та өөрийгөө өтлөөд ямар­хуу өвөө болж, хаана яаж амьдрах бол?

Хотоос зайдуухан гаднаа хэдэн саалийн үнээтэй, хоёр унааны морьтой тиймэрхүү амьдралтай л байх болов уу.

-Маргааш дэлхий сөнөнө гэвэл та амжуулж юу хийх вэ?

Итгэхгүй биз дээ. Үнэхээр сөнөнө гэвэл сөнөнө л биз дээ.

-Хайр гэж таныхаар?

Хүний дотны сайхан мэдрэмж.

-Тэгвэл амьдрал гэж?

Бүхэл бүтэн адал явдал.

-Өөрийгөө амьтантай зүйр­лэбэл?

Чоно.