Самурайтай найзалсан Монгол хүүгийн эхлэл
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Япон улсын Ерөнхий сайл Шинзо Абэ
2015.03.30

Самурайтай найзалсан Монгол хүүгийн эхлэл

Төрийн гурван өндөрлөгийн арлын Япон улсад айлчилсан айчлалуудыг тоймлон хүргэж байна.

Эхлээд Ерөнхийлөгч

Тэртээ 13-р зуунд Хубилай хааны үеэс эхэлсэн Монгол Японы харилцаа шинэ арван эхэлснээр улам бат бэх болсон. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийсэн 2010 оны айлчлалын үеэр “Бидэнд баялаг бий, Та бүхэнд өндөр технологи бий.Олон жил ярьсан зүйлийг ажил хэрэг болгох цаг нь болсон” хэмээн хэлсэн нь Япончуудын сэтгэлд их хүрсэн гэдгийг Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар хэлсэн.

Тухайн үеийн айлчлал нь хоёр орны улстөр, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэсэн гэж судлаачид үздэг. Харин улиран сонгогдсон Ерөнхийлөгч маань өнгөрсөн жилийн долоон сард арлын Наран улс руу дахин айлчлал хийсэн хоёр орны харилцааг улам бататгасан.

Учир нь өнгөрсөн 25 жилийн туршид хоёр улсын харилцаа нэг чиглэлтэй буюу манай улс Япон улсаас бүх салбартаа буцалтгүй болон эргэн төлөгдөх зэрэг олон зээл тусламж авч байсан нь энэ жилээр дуусгавар болж байгаа гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Японы Бизнес форумд оролцож үг хэлэхдээ онцолсон.

Хамгийн сүүлийн тусламж болгож өндөр технологжсон эмнэлэг барьж өгөх аж. Ер нь улсын тэргүүн аль нэг улсад айлчилна гэдэг улстөр болон эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой байдаг.

Мэдээж тухайн айлчлал томоохон шийдвэрт хүрээгүй ч дараагийн том ажлын эхлэл болсон. Тэр нь ч үнэхээр тийм байлаа. Уг айлчлалаар “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан нь дараагийн их ажлын эхлэл болсон.

Ерөнхий сайдуудын уламжлал

Монгол улсын сайдууд Япон руу явахаараа мөнгөтэй ирдэг уламжлалыг үргэлжлүүлэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн хоёр сард төрийн айлчлал хийсэн. Шинэхэн сайдын гадаад дахь айлчлалын гараа Япон улсаас эхэлсэн нь зүгээр ч нэг тохиол биш. Учир нь намрын чуулган хаах үеэр Япон улстай Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталсан.

Жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түнлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг эцэс болгож хоёр орны Ерөнхий сайдууд албан ёсны хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Гэхдээ албаны хүмүүсийн тооцоолж байгаачлан Японы парламент ирэх тавдугаар сард баталснаар эл хэлэлцээр хүчин төгөлдөр болно. Гэхдээ айлчлалын хамгийн гол үр дүн нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн нэмэлт санхүүжилтэд 36.85 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийг авахаар болсон явдал.

Өмнөх  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүртэл арлын Япон руу яваад ирэхдээ Самурай бонд босгоод л ирсэн. Тэгэхээр манай улсад үргэлж “За” гэж хэлдэг улс нь Японоос өөр олдохгүй бололтой. 2011 оны эхний улирлын байдлаар нийт 94.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 37.5 тэрбум иенийн техник хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ.

Энэ нь Монгол улсад үзүүлж буй гадаадын зээл тусламжийн 50-иас илүү хувийг арлын орныхон дангаар бүрдүүлдэг аж. Тиймээс энэ удаа ч гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аяны олзтой нь ирсэн лав л хоосон айлчлал болоогүйг илэрхийлж байна.

Онцгой биш ч ач тустай

Ерөнхий сайдын айлчлалаас хойш арав хоноогүй байтал УИХ-ын дарга З.Энхболд Япон улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар  айлчлал хийсэн нь хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдрүүдэд тохиосноороо онцлог байлаа. Мэдээж жил хүрэхгүйн хугацаанд төрийн гурван өндөрлөг нь нэг улс руу айлчлаад байгаа нь хөл алдсан зүйл мэт харагдах ч тийм ч биш юм.

Айлчлалын үеэр хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийг илүү нарийн түвшинд ярьсан. Бид дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг үйлдвэрлэдэг ч аравхан хувийг нь цамц болгодог.

Хэрвээ Японы технологи, худалдааны сүлжээг ашиглавал үйлдвэрлэсэн 40 хувийн ноолуураа бүгдийг нь бүтээгдэхүүний болгож чадна хэмээн айлчлалын үеэр УИХ-ын дарга онцолсон.

Түүнчдэн Япон улсын машин таван хувийн татвараас чөлөөлөгдөж байгаа бол монголын ноолууран цамц Япон руу импортолоход 14 хувийн татвараас чөлөөлөгдөх юм. Ингэснээр Монгол улс маань импортын орноос экспортын орон руу шилжих үүд хаалга нээгдэж байна.

Шинэ боломж

Японтой хийх худалдаандаа Монгол Улс байнга алдагдал хүлээж ирсэн. Өнгөрсөн оны байдлаар 343.4 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь импорт нь экспортоос ийм хэмжээгээр давсан гэсэн үг.

Импортын хувьд Япон бол Хятад, Оросын дараа орох манай гурав дахь том түнш бөгөөд автомашин, түүний тоног төхөөрөмж дийлэнхийг нь бүрдүүлдэг. Гаалийн татваргүй болсноор автомашины үнэ хямдарсан ч гаалийн татвараа тэглэчхэж байгаа учраас төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол үнэнийг хэлэхэд Монголчуудад бий.

Гэхдээ Японы бүхий л автомашин импортын татваргүй болчихно гэсэн үг биш. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор 0-3 жил ашигласан автомашин болон хайбрид хөдөлгүүр бүхий ‘Toyota Prius” маркийн машины татварыг л тэглэх аж.

Харин 4-6 жил ашигласан бол гаалийн албан татварыг нь жил тутам 0.5 хувиар бууруулсаар 10 жилийн хугацаанд л татварыг тэглэх юм байна. Ер нь гаалийн татвар төсвийн орлогын 7-8 хувийг эзэлдэг гэж Сангийн яам мэдээллэсэн. Өөр нэг зүйл нь УИХ-ын даргын айлчлалын үеэр яригдсан ноос, ноолуур, арьс, шир, сүлжмэл бүтээгдэхүүний асуудал. Японы энэ салбарт жилдээ 600 сая ам.долларт эргэлддэг.

Гэтэл бидний үйлдвэрлэл тус зах зээлийн 0.1 хувийг нь л эзэлдэг. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Японы зах зээлд хөл тавихын тулд 10-14 хувийн гаалийн татвар буюу асар өндөр босго давах хэрэгтэй болдог.

Харин Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу энэ өндөр тарифыг үе шаттай тэглэснээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд үнийн хувьд өрсөлдөхүйц хямд хүрэхээс гадна гаалийн татвар төлөлгүйгээр бүтээгдэхүүнээ экспортолно гэдэг нь үйлдвэрүүдийн хувьд асар том хөнгөлөлт юм.

Хөнгөлөлт ингээд зогсохгүй. Оёмол сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүний 8-11 хувийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц, арьсан гутал, үслэг эдлэл, арьсаар хийсэн цүнх түрийвчийн 20 хувийг үе шаттай, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, тодруулбал, ган, төмөр, төмөрлөг зүйлсийн гурван хувийн татвар, сүүн бүтээгдэхүүний 25-40 хувийн, гоймон зэрэг гурилан бүтээгдэхүүний 5-20 хувийн, архи дарс, зарим төрлийн жимсний ундааны 16-25 хувийн татварыг хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц болон шууд тэглэхээр хэлэлцээрт тусгасан байгаа.

Эцэст нь хэлэхэд нийлбэр дүнгээрээ Монголын 5700, Японы 9300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг шууд болон үе шаттайгаар тэглэнэ. Япон улс эдийн засгийн цар хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг.

Ийм том улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна гэдэг нь олон улсын зах зээл, гадаадын хөрөнгө оруулагч нарт маш эерэг дохио өгч байгааг шинжээчид тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр, нэгэнт аж үйлдвэржиж, өндөр технологи эргэлт буцалтгүй нэвтэрсэн Япон улстай түншилснээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, компаниудын өрсөлдөх чадвар дээшлэх, үүнээс үүдээд бараа бүтээгдэхүүний үнэ буурч, чанар сайжрах зэрэг асар олон давуу талууд үүсэх юм. Мөн уул уурхайгаас хамаарсан ганц хөлтэй эдийн засаг ард үлдэж, эдийн засгийн зохистой бүтэц бий болох ч боломжтой аж.