Тэтгэврийн мөнгийг эрэн сурвалжилж байна
Манай улсад тэтгэврээ авч чадалгүй нас бардаг хүмүүс хэдэн мянгаараа тоологдоно
2015.03.31

Тэтгэврийн мөнгийг эрэн сурвалжилж байна

Монгол улсын иргэн та дараах асуултуудыг өөртөө тавиад үзээрэй.

Бидний сар бүр нийгмийн даатгалд төлдөг мөнгө хаана хуримтлагддаг вэ? Бид юунд найдаад, хэнд, ямар мөнгө төлөөд байна вэ? Ер нь таны мөнгийг хэрхэн хадгалдаг, яаж өсгөдөг, та төлсөн мөнгөө эргүүлээд шударгаар буцааж авна гэдэг баталгаа бий юу? Заавал төрд мөнгөө хадгалуулах хэрэг байна уу? Бид өөрийн мөнгөө өөрсдөө мэдэж болдоггүй юм уу?

Үхсэний хохь амьдын зол

Манай улсын тэтгэврийн тогтолцоонд эв санааны зарчим үйлчилдэг. Энэ нь социализмын үеийн үзэл санааны үлдэгдэл. Уг тогтолцооны дагуу иргэн хүн насаараа нийгмийн даатгал төлж ажиллаад тэтгэвэрт гарахынхаа өмнө нас барчихвал хуримтлуулсан мөнгө нь улсын орлого болдог. Төрөөс оршуулгын зардал нэртэй хэдхэн төгрөг өгөөд таг чиг. Гэтэл амьдралдаа юу ч хийж бүтээгээгүй, архидаж яваад гудамжинд хөлдөж тахир дутуу болсон арчаагүй нэгэн нь түүний мөнгийг тэтгэмж байдлаар аваад сууж байх жишээтэй. Ийм л шударга бус систем манайд үйлчилж байна.

Манай улсын иргэдийн дундаж наслалтыг аваад үзвэл эмэгтэйчүүд 75, эрэгтэйчүүд 65 насалдаг. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2013 онд 55-59 насны 1554 хүн нас барсан нь нийт нас барагдсдын 9 орчим хувийг эзэлж байна.  Тэдний ихэнх нь тэтгэврээ авч чадалгүй өөд болсон. Энэ тохиолдолд төр банкнаас ялгаатай нь талийгаачийн мөнгийг буцааж өгөхгүй.

Одоогийн тэтгэвэр авагчдын тоо 287 мянга орчим

Уг нь зах зээлийн нийгэмд хэн их хуримтлуулна тэр хүн насныхаа бөгсөнд хангалуун амьдарна гэсэн зарчим үйлчлэх ёстой. Өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 207 000 мянга байна. Харин дээд хэмжээ нь 1 сая 920 мянган төгрөг. Сард үүнээс ч илүү мөнгийг хуримтлалж чадахаар өндөр цалин авдаг хүмүүс цөөнгүй бий. Гэвч тэд хүссэн хэмжээгээрэ эхуримтлал үүсгэх хууль эрх зүйн орчин байхгүй. Өндөр цалин авч байх хугацаандаа өөр арга замаар хөрөнгө хуримтлуулахгүй л бол ажлаа өгсөн цагт гудамжинд гарна гэсэн үг.

Төсвийн нөхөөс болсон тэтгэврийн сан

2002 онд Улсын нэгдсэн төсвийн тухай хууль батлагдсан. Тус хуулинд даатгалын шимтгэлийн хөрөнгийг улсын төсвийн нэгэн бүрэлдэхүүн гээд заачихсан учраас Засгийн газар дуртай цагтаа бидний хуримтлалаар төсвийн цоорхой бөглөдөг.  Засгийн газар тэтгэврийн сангаас 2.1 их наяд төгрөгийг та бидэнд мэдэгдэлгүйгээр “хүүгүй зээл” болгон ашигласныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван жилийн өмнө илрүүлсэн. Энэ мөнгийг төр хэзээ иргэддээ буцааж өгөхийг хэн ч мэдэхгүй.

Засгийн газар тэтгэврийн сангаас 2.1 их наяд төгрөгийг та бидэнд мэдэгдэлгүйгээр “хүүгүй зээл” болгон ашиглажээ.

Мөн 2012 онд Үндэсний аудитын газраас Иргэний нэрийн дансанд аудит хийхэд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд даатгуулагчийн төлсөн шимтгэл, хүүгийн орлого хийсвэрээр бүртгэгдсэн, нийгмийн даатгалын сангийн нэгдсэн санхүүгийн тайланд тусгагдаагүй, тэтгэвэр олгох эх үүсвэр бүрдээгүй байгаа нь батлагджээ. Хийсвэрээр бүртгэгдсэн НДС-гийн хөрөнгийн хэмжээ 6.8 тэрбум төгрөг байна гэсэн тоо гарч байв. Өнөөдөр эдгээр тоонууд яаж өөрчлөгдсөн талаар ямар нэгэн тооцоо алга.

Хоосорсон нэрийн данс

Бидний төлсөн даатгалын мөнгө өнөөдрийн эмээ, өвөө нарт тэтгэвэр болж очдог. Харин Биднийг тэтгэвэрт гарахад үр ач нар маань тэтгэврийн мөнгийг өгнө гэсэн үг. 1999 онд УИХ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталснаар Монгол улсын иргэн болгон сар бүр төлөх шимтгэлээрээ ирээдүйд тэтгэврээ хуримтлуулах харилцаа үүссэн юм. Уг хуулийн дагуу 1960 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн иргэд нэрийн данс нээлгэх эрхтэй болжээ. Тэднээс эмэгтэйчүүд нь энэ жилээс эхлэн тэтгэврээ тогтоолгох ёстой. 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15041 эмэгтэй даатгуулагч байгаагаас нэгдүгээр сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 1435 даатгуулагч байна. Уг ёсондоо тэдний хуримтлуулсан мөнгө нэрийн дансанд нь байх ёстой.  Гэтэл нэрийн данс нь хоосон. Энэ онд нэг ч шинээр тэтгэвэр тогтоолгогч тэтгэврээ аваагүй байна. Үүний шалтгаан нь Нийгмийн даатгалын ерөнхий газар мөнгөгүй хэрнээ тэтгэврийн даатгалын нэрийн дансанд хийсвэрээр бичилт хийж байснаас болжээ.  2020 онд тэтгэвэр өгөхөд бэлэн байхын тулд тэтгэврийн нэрийн дансанд 5 их наяд төгрөг хэрэгтэй. Энэ их мөнгийг хаанаас босгох вэ?

2020 онд тэтгэвэр өгөхөд бэлэн байхын тулд тэтгэврийн нэрийн дансанд 5 их наяд төгрөг хэрэгтэй.

Түүнээс гадна монгол хүний дундаж наслалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээр тэтгэвэр авагчдын тоо ч нэмэгдэх болсон. Гэвч нөгөө талаас тэтгэврийн сангийн орлогыг бүрдүүлдэг нийгмийн даатгал төлөгчдийн тоо буурсаар байна. Ажил хийж буй нэг хүн хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд даатгал төлдөггүй 2,5 хүнийг хариуцдаг. Тэтгэвэр авагчдын тоо 287 мянга орчим, ажил эрхэлж буй хүн 1,1  сая орчим. Тэтгэврийн доод хэмжээ 200 гаран мянган төгрөг гэж бодохоор тэтгэвэр авдаг нэг хүн дөрвөн даатгал төлөгчийн мөнгийг хамаад авчихдаг гэсэн үг. Цаана нь нэрийн дансанд хуримтлагдах мөнгө юу ч үлддэггүй.

Тэтгэврийн санг хоосолдог өөр шалтгаан нь улс төрийн амлалтаар тэтгэврийг нэмдэг явдал. Угаас цалингийн орлого багатай манай улсын хувьд тэтгэврийг нэмэх нь тэтгэврийнхээ тогтолцоонд халгаатай. Улс төрчид тэтгэвэр нэмэхдээ ард иргэдэд тал засах зорилготой байдаг. Гэтэл тэртэй тэргүй мөнгөөр хомс тэтгэврийн сангийн хаанаас нь мөнгө гаргах юм бол гэдгийг энгийн хүмүүс эргэцүүлж боддоггүй.

Тэтгэврийн тогтолцоо гацаанд орсон энэ нөхцөлд 1960 онд төрсөн, 2015 онд тэтгэвэрт гарч буй эмэгтэйчүүддээ тэтгэврээ бүрэн тавьж чадахгүй байгаа юм чинь 2020 онд эрэгтэйчүүд нь тэтгэвэрт гарах цагт хаанаасаа мөнгө гаргаж тэтгэврээ өгөх вэ гэсэн томоос том асуултын тэмдэг үлдэж байна. 

Монголын тэтгэврийн тогтолцоог хэрхэн шинэчилж болох, олон улсад тэтгэврийн хуримтлал үүсгэдэг, арвижуулдаг ямар жишиг байдгийг уншигч та бүхэндээ дараа дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.