Ногоочид урамшуулал нэхэж, Малчид төрд итгэл алдарснаа уламжлав
Алтанбулаг
2015.04.01

Ногоочид урамшуулал нэхэж, Малчид төрд итгэл алдарснаа уламжлав

Энгэр газрын цас хайлж, газрын өнгө сэргэж, малчны хотод төлийн дуу цангинах нь урин цаг ирснийг илтгэнэ. Зөөлөн салхи сэвэлзсэн ням гарагийн өглөө 07.00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын зүг хөлгийн жолоо залав. УИХ- ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар ням, даваа гарагт Сэлэнгэ аймагт ажиллахаар явж буй нь энэ.

МАН-ын бүлгийн төлөөлөгчид тус аймгийн Баянгол, Шаамар, Алтанбулаг зэрэг суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Баянгол (Баруунхараа) сумын малчид өвлийг өнтэй давсан ч хавар хатуухан болж байгааг хэлсэн. “Өнгөрсөн өвөл их цас орсон болохоор бэлчээр тачирхан байсан. Хээлтэй малыг хол бэлчээж болохгүй учраас өвөлжөөнийхөө ойролцоо хариулдаг юм. Өвс муутай тул мал жилбэгүй төллөж байна. Хоёр өдөр өнжөөд л хавсарга тавьдаг. Энэ хаврыг хүндхэн давах бололтой” гэж Баянгол сумын малчид ярив.

Ноос, арьс ширний урамшуулал гээд Засгийн газар малчдад дэмжлэг үзүүлэхээр амласан ч сэтгэлийг тэнийлгэж чадсангүй. Зарим малчин ноосны урамшуулал авч чадаагүйгээ учирлаж байсан. Килограмм ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгдөг байсан бол энэ жил 1000 болгож багасгасан юм байна. Гэхдээ хоршоолол байгуулсан хүмүүст өгнө гэсэн болзол тавьжээ. Харин арьс ширний урамшуулал сураг алдарсан гэнэ. Зөвхөн яриа гараад л өнгөрчээ. Ийн төр, засгийн бодлого шийдвэр хэрэгждэггүй, монголчуудын улстөржилт, талцал хэрээс хэтэрч байгааг малчид шүүмжлэв.

Зөгийчид дэмжлэг хүсэв

Бидний хөлгийн жолоо залсан дараагийн газар Шаамар сум. Тужийн нарсаар хүрээлүүлсэн энэ сум зөгийний нутаг гэдгээрээ онцлогтой. 3952 хүн амтай эл сумынхны эдийн засгийн хөшүүрэг нь зөгий, жимс, жимсгэний аж ахуй.

Тиймдээ ч зөгийчдийг төр, засгаас анхаарч өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нарт дайсан юм. Тус сумын иргэдтэй уулзах үеэр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өглөө. Иргэд ч төр, засагт хүргэх санал хүсэлтээ илэрхийлээд авсан. Шаамарсумынхан Засаг даргыг иргэдийн саналаар сонгодог болмоорбайна гэдгийг онцолсон. Мөн иргэд улс төрийн сонгуулийг мажоритар буюу тойргоос нэр дэвших системээр явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байв.

Эрүүл мэндийн даатгал 20, 30 жил төлчихөөд эцэст нь хохирч үлдэж байна гэж зөгийчид ярив. Ийм олон жил эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүсийн гадаадад эмчлүүлэх төлбөрөөс чөлөөлдөг байх, эсвэл буцааж олгодог баймаар юм гэсэн саналыг цөөнгүй хүн хэлж байлаа. “Малчдад сүү, ноос, арьс шир гээд олон төрлийн урамшуулал олгодог хэрнээ ногоочдыг хаячихдаг.

Ногоочдод ч гэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Шаамарын орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг бусад сумынхаас багаар хуваарилдаг. Онцлог бүс нутаг гэдгээр нь үүнийг арай ахиу хуваарилж өгөөч. Манай сум тосгон гэсэн статустай. Гэтэл үндсэн хуульд тосгон гэсэн нэр томъёо байхгүй. Манай Сэлэнгэ аймаг л гэхэд зургаан тосгонтой. Цаашид сум, аймаг, хот гээд Засаг захиргааны хуваарилалтын нэршилд анхаармаар байна. Зөгийний зоорь, жимс, жимсгэний хүлэмжийн асуудал жилийн жилд сэтгэл зовоодог. Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хандаад нэмэр болдоггүй. Нэг хүлэмж гурваас дөрвөн сая төгрөгийн үнэтэй байдаг.

Бага талбайд ногоо тарьдаг хүмүүст авах боломж алга. Тиймээс ногоочдыг хөнгөлөлттэй зээлд хамруулах, хүлэмжтэй болгоход туслаж болох уу. Банкны зээлгүй хүн ховорхон. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Байсхийгээд дарга нарыг сольдогоо болимоор байна” хэмээн Шаамарын иргэд тулгамдсан асуудлаа дуулгаж, өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн. Зөгийн аж ахуй эрхлэгчдийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан байдаг аж. Тэдний ажил хялбар биш гэнэ. Өдөрт 16 цаг ажилладаг гэдгээ сонирхуулсан.

Иргэдийн санал хүсэлтийг сонссоны дараа  МАН-ын бүлгийн төлөөлөгчид “Хүмүүсийн хэлсэн саналыг холбогдох хууль тогтоомжид нь тусгана” гэв. Гадаадхэргийн дэд сайд Н.Оюундарь Шаамарынхны брэнд зөгийн балыг гадаад руу экспортлох талаар ярьж буйгаа дуулгалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт МАН тогтвортой, уялдаатай, урт хугацааны гаргалгаатай бодлоготой ажил- лахыг зорьж байна гэдгээ иргэдэд сонирхуулав.

Чөлөөт бүсээрч өдөрлүүлсэн Алтанбулаг

Хорин жилийн өмнө эдийн засгийн чөлөөт бүс болгосон’ Алтанбулаг өдгөө хөгжиж дэвжсэнгүй. Чөлөөт бүс хэмээн нэр заан хил тогтоосон газар гарын арван хуруунд багтах чингэлэг байршуулж, хэдэн улсын төрийн далбаа мандуулсныг эс тооцвол хүн үзэж сонирхохоор зүй л маруухан. С.Бямбацогт тэргүүтэй албаны хүмүүсийг очиход Чөлөөт бүсийнхэн их л олон ажил хийж байгаагаа учирлав. “Тухайлбал, гүний долоон худаг гаргаж, усан сантай хоолойгоор холбосон. Хөрөнгө, оруулагч болон усны асуудал бүрэн шийдэгдсэн.

Гадаадын 144 машин, 700 гаруй иргэн, манай улсын 18 мянга гаруй иргэн чөлөөт бүсээр орж, гарсан. Үерийн аманд байрладаг болохоор далан суваг барьсан. 500 га талбайд цэвэр болон бохир зайлуулах ариутгал татуургын шугам сүлжээний ажлыг хийж дуусгасан. Бохирын шугамыг Сэлэнгэ аймагтай холбох зураг төсөл гаргасан. Өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа. Нэг километр газар холбочихвол ажил дуусна. Тус газар “Өгөөмөр баян булаг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Чөлөөт бүс нээснээс хойш аж ахуйн нэгжүүд таван тэрбум 180 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд хэлэв.

Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Чөлөөт худалдааны бүс байгууллаа, ОХУ, Монголын хооронд визгүй зорчдог болсон. Танай сумын хувьд хөгжихөд боломжтой юм байна?

Үнэндээ Алтанбулаг сумынхан чөлөөт бүстэй болсонд сэтгэл дундуур байгаа. Засгийн газар солигдох бүртээ удирдлагыг нь сольдог. Зураг төслийн тухайд сайн хийсэн. Хөрсөн дээрээ бууж байгаа зүйл ховор байна. Орон нутагт нөлөө багатай байдаг. Бохирын шугам гэхэд 24 километр газар Сүхбаатар сум руу татсан. Эх, адагтаа холбогдоогүй. Газар доогуур юу булсан нь тодорхойгүй. 12 дэд станцтай шугам татсан. Гэтэл замд нь байгаа малчин цахилгаан авч' хэрэглэх бололцоогүй. Долоон километрийн зайнаас гүний долоон худаг татсан. Зам зуураас нь гудамжны айлууд усаа авчих боломж хангагдсангүй.

Энэ бүхнээс болоод иргэд итгэл алдаад байгаа юм. Архины хоёр дэлгүүр, гутлын нэг дэлгүүр, хэдэн төмөр чингэлэг л тавьчихаад байна. Цаашдаа төр, засаг анхаарч сум орон нутагтай нь хамт хөгжүүлэхгүй бол манай сумын газар төлөвлөлтийн бодлого үндсэндээ алдагдчихлаа. Би нэг зүйлийг сайн ойлгодоггүй. Чөлөөт бүсийн захиргаа нь Улаанбаатарт том байшин эзэлчихээд байдаг. Хэдхэн хоногийн өмнө дарга нь солигдлоо. Одоо ямар ажил хийхийг нь хүлээж л байя.

-Газрын төлбөр авдаг гэл үү?

Газрын төлбөрөө өгөхгүй бол хураана гэдэг юм билээ. Хөрөнгө оруулагч нарыг сүрдүүлж байна. Уг нь дэд бүтцээ шийдсэн хойноо газрын төлбөрөөр авах ёстой. Чөлөөт бүсээ дагаад Алтанбулаг хөгжинө гэсэн чинь бүүр гай болсон. Бохир, цэвэр усны шугамгүй боллоо. Дулааны станцгүй хоцорлоо. Надаас Чимэдцэрэн газар нэхсэн. Би өгөөгүй. Онгоцны буудал барина.

Казино байгуулна гээд л үлгэр яриад байдаг. Биелж байгаа нь ховор юм. Сүүлдээ газар авчихаад бие биедээ дамжуулах гээд байна. Баяр ёслол болохоор Эрээний бараа авчирч хэд хоног үзэсгэлэн болгож тавьчихаад дараа нь эзгүй газар үлддэг. Ийм газрыг чөлөөт бүс гэж хэлэхгүй байх. Уг нь үйлдвэрлэл явуулаадгазар дээрээс нь борлуулдаг байвал зүгээр болов уу.

-Татсан цэвэр усны шугам нь хагараад ус алдсан гэж байсан. Энэ үнэн үү?

Усан сангаас айлууд руу ус татах гаргалгаа хийж өгнө гэсэн. Тэгээд таг болсон. Цэвэр усны шугам татаж байна гээд хэд хэдэн зам эвдэлсэн. Саяхан цэвэр усны шугамаараа ус татахад хоолой хагарч ус алдсан гэв. Зураг төсөлд заасан хоолойноос өөрийг тавьснаас болж ус алдсанаас гадна газар доогуур тавихдаа төлөвлөснөөс дээгүүр булсан. Дундаас нь мөнгө идсэн байж болзошгүй гэсэн хардлага тээж буйгаа өөр нэгэн эх сурвалж хэлсэн юм.

Зөвшөөрлийн цэнхэр бичгийн хомсдол хийгээд жолооч нарын бухимдал

Алтанбулагийн уурын зуухыг хувьчилснаас болж орон сууцнууд нь халаалтгүй болсон. Цэвэр, бохир            усны шугамаа ажиллуулахгүй болсноос үүдээд орон сууцны хонгилууд бохир агуулдаг газар боллоо. Нуулгүй хэлэхэд бид жорлон шиг газар амьдарч байна гэж иргэд гомдоллож байлаа.Микро автобусны буюу Д ангиллын жолооч нарыг хилээр нэвтрүүлэхэд олгодог зөвшөөрлийн          цэнхэр            бичиг дууссантай холбоотой Алтанбулагийн жолооч нар бухимдалтай байна. Зөвшөөрлийн цэнхэр бичгийг оны эхээр бөөнөөр нь олгожээ. Ингэснээр зарим иргэнд хүрэлгүй дуусч жолооч нар ийн бухимдахад хүрчээ.

Уг нь Алтанбулагт 2000 ширхгийг хуваарилж өгсөн юм байна. Гэтэл нэг доор бөөнөөр олгосноос болж гуравдугаар сарын 18-нд дуусчээ. Энэхүү зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн “дансны” төрийн бус байгууллагаар дамжуулан олгодог байжээ. Харин тавдугаар сарын 1-нээс эхлээд төрийн байгууллагаар дамжуулж олгоно гэсэн хариуг албаны хүмүүс хэллээ. Алтанбулагийн жолооч нар тавдугаар сарын 1-нээс өмнө шййдэж өгөөч гэсэн хүсэлт гаргав. Тус сумын иргэн Н.Занабазар “Бусад   аймаг, сумынхан зөвшөөрлийн цэнхэр бичиггүй гараад байгаа. Ганцхан манай Алтанбулагийнхныг гаргахаа больсон.

Ийм байж болохгүй” гэлээ. Манай улсын 33 иргэн зөвшөөрлийн хугацаа хэтрүүлж явснаас болж  Улаан-Үүдэд машинаа хураалгачихаад байгаа аж. “Машинаа авах гэхээр торгуулийн мөнгө төл гэсэн шаардлага тавьдаг. Торгуулийн төлбөр нь 500 мянган рубль, монгол мөнгөөр 25 сая төгрөг юм билээ. Ийм мөнгийг бид хаанаасгаргах вэ. Тэгээд шүүхээр оруулж шийддэг гэсэн. Өгөх эсэхийг Москвад байгаа мэргэжилтнүүд нь шийднэ гэж байсан. Улаан-Үүдэд суугаа консулаар дамжуулж туслах боломж байна уу” гэсэн саналыг нэгэн иргэн хэлж байв.

“Эбола Монголд Тавтай Морил”

ОХУ, Монгол Улсын хооронд визгүй зорчдог болсноос хойш хилээр гарах авто машины тоо эрс нэмэгджээ. Заримдаа хоногт 700-800 гаруй тээврийн хэрэгсэл, 3800 хүн хил нэвтэрдэг гэсэн мэдээллийг өглөө. Эдгээрийн 70- 80 хувь нь Монгол Улсын, үлдсэн 20 хувь нь гаднын иргэд байдаг аж. Цагаан сарын баярын өмнө өдөрт 400-500 тээврийн хэрэгсэл нэвтэрч байжээ. Урин дулаан цаг ирж байгаа болохоор амарч аялахаар хойд хөршийг зорих хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж таамаглаж буйгаа гаалийнхан хэлж байсан.

Дүрмээрээ бол Мэргэжлийн хяналтын байцаагчид эхлээд хилээр нэвтэрч буй хүмүүсийн ачаа барааг шалгадаг байв. Гэтэл Боомтын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолд хилээр нэвтэрч байгаа хүнд эхлээд Гаалийн байцаагчид үзлэг хийж байхаар заажээ. Энэ тогтоол буруу болсон бодит байдалтай нийцэхгүй байна гэдгийг хилийн мэргэжлийн хяналтынхан хэлж байв. Гаалийнхан эхлээд шалгалт хийгээд тухайн хүний бараа бүтээгдэхүүнийг бүрдүүлэлт хийлгээд хилээр нэвтрүүлчихдэг.

Гэтэл мэргэжлийн хяналтынхны шалгалтаар ороод гаалийн татвар төлсөн барааг хураалгах хэрэг гарвал яаж шийдэх вэ гэсэн асуудал үүсдэг. Муугаар бодоход эболагийн халдвартай хүн орж ирлээ гэхэд гаалийнхан үзээд халдвар авсны дараа л мэргэжлийн хяналтынхан шалгах хэрэг гарна. Ийм байж таарахгүй гэж байцаагчид шүүмжилж байсан.

ОХУ-ын боомтынхон гэхэд гааль болон хилийн цэргийнхэн нь хамт үзлэг хийдэг байна. Хэрэв хэн нэг нь байхгүй бол хүлээж байгаад хамтдаа шалгадаг гэж манай гаалийнхан хэлж байлаа. Уг нь гааль, мэргэжлийн хяналтынхан хамтдаа шалгалт хийдэг байвал хориотой бараа байлаа гэхэд тухайн иргэнийг татвар төлөхөөс өмнө хураачихаж болно. Худалдааг хөнгөвчлөхийн тулд бид иргэнд ч чирэгдэл учруулаад байх шаардлагагүй болох учиртай хэмээн Боомтын мэргэжилтнүүд ярилаа.

Н.Оюундарь: Бараа бүтээгдэхүүн нь татваргүй байж л чөлөөт бүс хөгжих боломжтой

Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ярилцлаа.

Алтанбулаг, Замын-Үүд гээд хоёр чөлөөт бүсийг хөгжүүлнэ гээд удлаа. Хөгжүүлж чадахгүй байгаа шалтгаан нь юунд байдаг юм бол?

Эхлээд чөлөөт бүсийг хөгжүүлчихээд дараа нь Алтанбулаг сумаа хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Манай Алтанбулагийн чөлөөт бүс 500 га газартай. Энэ бол том газар. Гэхдээ хийж бүтээсэн зүйл маруухан байна. ОХУ-ын талаас сүйдтэй анхаардаггүй. Эрхзүйн бичиг баримтууд нь бэлэн болсон бол арай өөр байх байсан. Захиргаа гэж байдаг ч сайн ажиллахгүй байна. Пүрэвсүрэн сайдыг ажиллаад ирсний дараа манай яамныхан зүгээр суугаагүй. Тодорхой хэмжээний асуудал шийдсэн.

ОХУ-ын асуудал дээрээсээ доошоо шийддэг шатлалтай. Харин манайх эсрэгээрээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны дарга С.Б.Ивановт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас бичиг явуулж байсан. ОХУ-ын талаас гайгүй болж байгаа. Хэрэв ачаалал үүсвэл хоёр дахь постоо ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн юм билээ. Зарим улсын чөлөөт худалдааны бүс харьцангуй сайн ажилладаг. Манайд тэгж ажиллах боломж дутмаг байна.

-Чөлөөт бүсийн хууль эрхзүйн хувьд хэр боловсронгуй болж чадсан бэ. Бусад орны туршлагаас харахад чөлөөт бүс яаж хөгжиж байна вэ?

Хуулийг олж үзээгүй болохоор нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна: Бараа бүтээгдэхүүн нь татваргүй байх ёстой. Ингэж байж худалдааны эргэлт сайжирдаг. Хятадын Шанхайн чөлөөт худалдааны бүс бий. Гэхдээ алдагдалтай ажиллаад шүүмжлэл хүртсэн.

Малайзад чөлөөт худалдааны олон бүс бий. Бүх бараа нь огт татваргүй байдаг. Европт Андорра гээд жижиг улс байх жишээтэй. Испанийн хажуугийн энэ жижиг улс амжилттай ажилладаг. Тэгэхээр худалдааны эргэлт сайтай болохоор амжилттай ажиллаж болдог байх.

-Та саяхан гурван улсын хэлэлцээрт оролцсон. Энэ хэлэлцээрийн үеэр ОХУ-аас Хятад руу тавих хурдны замыг Алтанбулагаар дайруулах талаар ярьсан гэсэн. Асуудал нааштайгаар шийдэгдэж чадах нь уу?

ОХУ-ын талаас замын зураглал гаргасан. Гурван улс хэрхэн хөгжих вэ хамтын ажиллагааны хөтөлбөр ямар байх вэ гээд. Худалдаа, эдийн засаг, улс төр, нийгмийн салбар гээд бүх талын харилцааг тусгасан байдаг. Манай талаас гурван асуудал тавьсан.

Автозамын магистралаар гурван улсыг холбох, хоёрдугаарт эрчим хүчний сүлжээг Монголоор дайруулах тухай ярьсан.Гэрээнд гарын үсэг зуръя гэсэн санал хүргүүлсэн. Улаанбаатарт төвтэй хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах эрдэм шинжилгээний төв байгуулах гээд бодит санал тавьсан, нааштайгаар шийдэгдэх байх.

-Чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагааг яаж жигдрүүлэх ёстой бол?

Гол нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт олох боломж их бий. Гэхдээ манайд хэрэгжихгүй байна. ОХУ-ын талаас хөрөнгө оруулалт оруулах санал ирэхгүй байна.Уулзалтын төгсгөлд Сүхбаатар сумынхны санал бодлыг сонслоо. Тэд нам биш, иргэд итгэл даах хүнээ УИХ-д нэр дэвшүүлдэг болмоор байна гэсэн саналаа илэрхийлэв.

Өнгөрсөн жилүүдэд боломжийн амьдарч болоод байлаа. Энэ жил бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр амьдрал доройтож байна гэдгийг иргэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Засгийн газрын гишүүдэд дуулгав. Зарим өндөр настан бидний авдаг тэтгэвэр та нарын нусны алчуур, гутлын тосны мөнгөнд ч хүрдэггүй гээ биз дээ хэмээн бухимдаж суусан.