Шийлэгдамба.Г 2015.04.01 | Сайт: Olloo.mn

Г.Шийлэгдамба: Эмнэлгүүдийн барилгыг хувьчлах асуудлыг эрс эсэргүүцэж Байгаа

Г.Шийлэгдамба: Эмнэлгүүдийн барилгыг хувьчлах асуудлыг эрс эсэргүүцэж Байгаа
Хувьчлал

Нийслэл хотод 2,3-р шатлалын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч эмнэлгийн үйлчилгээ ч муудах болсон.

Энэ үүднээс эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа хэлсээр байгаа. Гэвч  эмнэлгүүдийг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үздэг хэсэг хүмүүс байна. Тэд бол хотын удирдлагууд юм.Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн өмчөөс 14 эмнэлгийн барилгыг хувьчлах саналыг гаргаж, дэмжсэн. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаж, эмнэлгүүдээ түрээсийн байр хэсүүчлэхэд хүргэж байгааг эмч мэргэжилтнүүд эрс эсэргүүцэж байна.

Хувьчлагдах объектын  жагсаалтанд орсон эмнэлгийн барилгуудын дийлэнх нь одоо ашиглагдахгүй байгаа юм. Жишээлэхэд, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга 2 жилийн өмнө актлагдаж суурин дээр нь шинээр барилга барихаар болжээ. Энэ хугацаанд тус эмнэлэг сард 22 сая төгрөгийн жилд 264 сая төгрөгийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.Ганцхан эмнэлгийн түрээсэнд улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө зарлагдаж байхад шинэ эмнэлэг барих ажил зогсож одоо бүр эмнэлгийн барилгыг газартай нь хамт хувьчлахаар яригдаж эхэллээ.

Энэ мэтээр 14 эмнэлгийн барилгыг нийслэл өмчөөсөө хасах тухай санал гаргасан нь эрүүл мэндийн салбарыг доголдолд оруулахад хүргэж байна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа юм.Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд ямар байр суурьтай байгааг тодруулахад  “Эмнэлгүүдийн барилгыг хувьчлахын эсрэг байр суурьтай байгаа, бид үүнийг эрс эсэргүүцэж байгаа” гэсэн юм.

Харин энэ асуудалд иргэд ч тун дурамжхан хандаж буйгаа хэлж байна. Тэд эмнэлгийн барилгыг хувьчлах гэж байгаа нь  зүгээр нэг  байрны асуудал биш байх. Харин энд газарт нь шунасан хэдэн нөхдийн л лобби явагдаад байгаа болов уу гэж байсан юм. Тэгвэл яг энэ асуудлыг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн хэлж байгаа.

Гэвч эмнэлгийн 14 барилгыг хувьчлах шийдвэрийг аль хэдийн гаргасан. Тэгэхээр энэ асуудал цаашид хэрхэн өрөнхийг харах л үлдлээ. Гол нь салбарын яам эмнэлгийн барилгуудаа авч үлдэхийн тулд ямар ажил хийх нь олны анхаарлыг татаж байна. 

Хувьчлагдахаар шийдвэрлэгдсэн эмнэлгүүд

-Ионсей эмнэлэг
-Хандгайтын цэнгэг агаар сувилал
-Хан Уул дүүргийн 2-р хороо өрхийн эмнэлэг
-Чингэлтэй дүүргийн 6 хорооны өрхийн эмнэлэг
-Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга
-Чингэлтэй дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэг орж байгаа юм байна.
-Хан уул дүүргийн 5,6,7-р хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилгууд багтсан байгаа юм.